Categories
мэдээ цаг-үе

“Үзэсгэлэн гоо”-г мэдрүүлж,“Хайрын бурхан”-аа олсон поп хатагтайн тоглолт намбалаг даруухан боллоо

Поп хатагтай Батмөнхийн Сарантуяагийн төрсөн өдөрт зориулсан анплегед тоглолт Соёлын төв өргөөнөө хоёр өдөр боллоо. Монголын эстрадын урлагт тэр гучин жил дуулж, амьдрал жаргалын тайзан дээр гучин жил алдаж онон, унаж босож ирснээ уянгалаг хоолойгоороо, уяхан дуунуудаараа илэрхийллээ. Дуучин Сарантуяа гэхээр миний хувьд Зууны манлай, поп дива, поп хатагтай, хайрын дууны хатан хаан энэ тэр гэсэн жигтэйхэн гялтгар титэм духдуулсан хүнээс илүүтэй “Энэ чинь Монголын Алла Пугачева” гэсэн бодол л юуны түрүүнд төрдөг. Сараагийн өмнө эстрадын мундаг эмэгтэй дуучид байсан уу гэвэл байсан. Гэвч, тэр өөрийн орон зайг урлагийн алтан тайзнаа зарлан тунхаглаж чадсан авьяаслаг, хөдөлмөрч бүсгүй. Тоглолт эхлэхээс өмнөхөн соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатартай үүдэнд таарч мэнд мэдвэл их л ёслолын маягтай, тэрүүхэн тэндээ догдлонгуй, цэцэг барьчихсан, гэргийгээ сугадчихсан толгой дохиод л шурдхийгээд орлоо.

Тоглолтын эхний хэсэг үндсэндээ сумынхаа улаан буланд суусхийгээд ардын авьяастнуудын тоглолт үзэж буй аятай сэтгэгдэл төрөхөөр боллоо. Үүгээр Сарантуяаг маш муу дууллаа гэж байгаа юм биш. Харин ч нэг л тийм сэтгэлд ойр, дотно даруухандуу аястай байлаа гэж хэрдээ тоож байгаа минь юм. Тайз заслын хувьд том “30” гэсэн тооноос өөр хараа булаачих зүйлгүй, машид энгийн. Үндэсний цөөхүүл хөгжмийн “Олонхо” хамтлагийн хөгжимчид. Монгол хувцастай Сараа. Утаа мутаа, элдэв гялалзаж саажсан гэрэл үгүй. Соёлын гавьяат Ш.Гүрбазарын сүржин хоолойгоор өөрийгөө давслан ташуурдахаас өөр илүүц чимэггүй. Гүрээ ах аль дивангарын “Ардын дууны Хандармаа” гэж шүлгээ дуудах. “Арван наймтай хүсэлд минь хорин тавтай Хандармаа. Гучин тавтай бодолд минь арван наймтай Хандармаа” ч гэх шиг дуудах нь сонгодог бус шүлгээ олон давтвал улиг биш үү гэмээр.

Сараа эхлээд Ү.Хүрэлбаатарын шүлэг “Эжийдээ би ирсэн” дуугаа дуулав. Удаалан Өмнөд Монгол ахан дүүсийн нулимстайхан аялдаг “Хун галуу” хэмээх дууг аяллаа. Буриад ардын “Аав, ээж хоёр минь” дууг явууллаа. Нэг л явж өгдөггүй дээ. Тоглолт Шаравын Сүрэнжав найрагчийн “Нас тогтсон хүүхнүүд Намбалаг болоод өнгөлөг” гэдэг шиг намба нь арай л ихдээд байх шиг даруухнаас даруухан үргэлжлэх шинжтэй. Харин “Миний ээж тэмээчин” дууг дуулж эхлэх үед хүмүүсийн хандлага арай нэг амилангадуу болж ирлээ. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Чойгивын Сангидоржийн аялгуу энэ дуу Сараагийн урын санд тодорхой утга, уянгатай л дуу сан. Хөтлөгч ч, дуучин ч Хонгор нутгийн аугаа их хоёр уран бүтээлчийн нэрийг эс дурдах нь цаанаа л нэг хүндэтгэлгүй. Төрдөг, үхдэг хорвоод уран бүтээл нь мөнх ч, үлдсэн бидэн нэгэндээ хэчнээн тоомжиргүй ханддагийн жирийн л нэг жишээ энэ.

“Захгүй говийн үзэсгэлэн

Загийн шугуйд дулаан

Дулаан говийн хаваржаандаа

Дуучин ээж минь суугаа даа

Дууны уянгаа өргөсөн

Дуучин ээж минь тэмээчин

Ээж минь тэмээчин” гэж Сараа намуухан, тослог хоолойгоор аялж үзэгчдийн дунд суугаа хайрт ээж Танядаа ариун цэцэгсийн баглааг өргөн барьсан. Дуучин маань ээждээ зориулан төрөлх саха якут ардын гэгэлгэндүү дуугаар сэтгэлийн бэлэг барьсан. Энэ тоглолтоос хит болж үлдэх нэгэн сайхан дууг поп хатагтай маань соёлын тэргүүний ажилтан, “Шуранхай” хамтлагийн дуучин гэдгээрээ анх олноо танигдсан Үүрийнтуяатай хослон дуулсан нь олны таашаалд нийцэж алга ташилтаар шагнуулав. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Мөрдэндэвийн Ядамсүрэн хэлмэгдлийн хар сүүдэрт нэрвэгдэн хар гэрт хоригдож ахуйдаа гэргий А.Ичинхорлоодоо зориулан зохиосон гэдэг “Үзэсгэлэн гоо” хэмээх бэсрэг дууг тэд үнэн тасархай дууллаа. Баяр хүргэхээс аргагүй. Хөгжимгүй дахиулаад ч авав.

Нийслэлийн Зөвлөлтийн IX сургуулийн есдүгээр ангийн сурагч Сарантуяа сурагчийн дүрэмт хувцастайгаа анх удаа тайзнаа гарч, улмаар “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж эхэлснээс хойш гучин жил өнгөрчээ. Тоглолтын хоёрдугаар хэсэг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы ая, Б.Лхагвасүрэнгийн үг “Учралын вальс”-аар эхлэв. Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихын шидэт хурууд энэ үеэс товшуурын чавхдсан дээгүүр бүжиж, Сараагийн уянгалаг дуунуудыг жигтэйхэн хөглөөд өгөв. Нармандахын үг, Л.Балхжавын аялгуу “Тэр намайг дурсдаг болов уу” дууг шүтэн бишрэгчид нь даган аялна. Энэ тоглолтод “Нисванис” хамтлагийн дуучин, ая зохиогч Л.Энх-Амгалангийн “Мэдэхгүй”, “Тэнэг ялааны дууль” хоёр ч дуу дуулагдлаа.

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн Гончигийн Жаргалсайханы аялгуу “Хайртай шүү, би чамдаа” гэсэн тэртээх ерэн долоон оны дуугаа Сараа дуулж байна. Анзаарахад, поп хатагтай маань сонсогчдод ганц, хоёрхон л сонсогдсон дуунуудаа эргэж сэргээх маягаар дуулсан. Болохгүй нь ч юу байхав, нас тогтсон намбалаг хатагтайн тоглолт юм чинь. Дуучны хоолойг амраах зорилгоор “Uni­verse best songs” анхдугаар наадмын гран при шагналт дуучин Ч.Цэлмүүн “Хайрласан болохоор…” дуугаа өргөсөн бол дуучин Болор-Уянга “Хайр-бидний огторгуй, хайр эцсийн зогсоол”-оо сонирхууллаа. “Уучил, намайг уучил” дуу бол хэн хүний сэтгэлд шингэсэн хит дуу ажээ. Үүний дараа Мөнхбатын хөгжим “Бороо” дуунд хүмүүсийн сэтгэл нэлээд огшоод ирсэн.

Одоогоос хорин жилийн тэртээ “Хайрын бурхан чи минь хаа байна?” гэсэн Сараагийн сонгодог нэгэн дуу мэндэлсэн байдаг. Шүлгийг мөнөөхөн үүдэнд догдлонгуй таарсан Ү.Хүрэлбаатар найрагч зохиож, Д.Өлзий-Орших аялгуу тааруулж байв гэнэ. Энэ дууны хоёрдугаар анги болох “Хайрын бурхан-2” дуу хэдхэн хоногийн өмнө төрсөн бөгөөд сахал Хүрлээ ах “Дөрөвдүгээр сар Сараагийн маань хайрын бурханаа хайдаг сар” гэж тодорхойлж “гурван жигүүртэй шувуу”-г амилуулагч гурав дурсгалын зураг татуулав. “Хайрын бурхан-1” дуу хайраа хайсан утгатайг бид мэднэ. Харин түүний дүү хайраа оллоо гэсэн агуулгатай аж. “Хайрын бурхан минь чамайгаа би олсон…Хайрын бурхан чамдаа би хайртай…”. Хайрын бурхан дууны дүрсжүүлсэн бичлэг хэдийнэ гарсан гэж энэ үеэр дуучин маань хэлж байсан.

Үзэгчид “Сараагийн маань амьдрал одоо л тогтох нь” гэсэн бэлгэшээлийг хоорондоо шивэр авир хийх нь аливаа уран бүтээлийг амь-сүнстэй гэж бүрэн итгэдгийнх ажгуу. Нээрээ ч бодоод байсан Сараагийн ихэнх дуу омог бардамхан, заримдаа хуурай агсамнасан байдаг нь нууц биш. “Сэхүүн салхи”, “Хэн юм бэ чи, хэн юм бэ”, “Мэдэхгүй”, “Мартъя” гээд бүгд л нэг тийм гөжүүндүү, зөрүүддүү дуунууд байдаг. Саяын тоглолтын аясыг харж байхад дуучин маань хувь заяаны танхайрал ханхалсан уран бүтээлүүдээсээ жаахан зайгаа барьсан нь илтэд анзаарагдахаар. “Таван Богд” группийнхэн тоглолтын завсарлагаар таван янзын амтат дарсаар үзэгчдийг дайлж, нэрт дуучны дарсны бүтэн жилийн хэрэгцээг дааж буйгаа зарлалаа.

“Би жаргалтай” дууг Сараа ид сайхан дуулж байтал сонгодог маягийн хоолойнууд хоршоод ирэв. Тэгэх нь ээ, Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “Нюанс” сонгодог опера хамтлагийн гурав ийн хамтарч дуулсан аж. Дуучны шавь, Хонгор нутгийн охин, соёлын тэргүүний ажилтан, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн дуучин Лодойн Насанбуян багштайгаа “Чи алзахгүй” дууг хоолой нийлүүлэн дуулсан нь үзэгчдийн цөсийг хөөргөж орхисон. Энэ сэтгэл хөдлөлийн долгион түүний өмссөн гэрэлтэгч нимгэн даашинзаас ч болсон байж магадгүй. Насанбуян бол “Universe best songs” наадмын хоёрдугаар байрт шалгарч байсан авьяастан. Б.Сарантуяа энэ шавийнхаа тухай “Би ардын жүжигчин Г.Хайдавын шавь. Багшийнхаа нүдний харцаар алдаж, онож байгаагаа хэлүүлэлтгүй мэддэг. Тэрэн шиг Насаа бол миний харцыг уншдаг ухаалаг шавь минь болсонд, өдий олон жил алдаж оноход минь миний дэргэд байсанд нь хайртай. Үзэгчдийн энэ алга ташилт бол надад биш чамд зориулсан талархлын илэрхийлэл” гэж магтаад авна лээ. Уран бүтээлч авьяастанд урмын ташуур илүүдэх юун билээ.

Сараагийн дуунууд хүнд их ухаарал хайрладаг. “Хөнгөн жаргалд автаад чамайгаа би мартсан бол Хайрт минь чи уучил…” гээд аялахад л танхим тэр чигээрээ түрэх жишээтэй. Хөгжмийн зохиолч “хоовон” хэмээх Энхбаярын “Хэн юм бэ, чи” дуу байна. “Талын хөх салхи үнсэх шиг

Тайзан дуулахдаа би ганцаардах шиг

Далдын далдаас намайг дагуулах

Давтагдашгүй чи минь хэн юм бэ

Хэн юм бэ, хэн юм бэ чи

Холын холоос намайг дагуулах

Хонгор амраг минь

Чи хэн юм, хэн юм бэ чи”. Аашлаад загнаад байгаа юм шиг атлаа аргадаад зөөллөөд байдаг энэ дууны шүлгийг Ү.Хүрэлбаатар найрагч зохиож.

Тоглолт даруухан эхэлсэн шигээ намуухан өндөрлөв. Гавьяат дуучинтай нэг өдөр төрсөн азтай арван хоёр үзэгч “Жи мобайл” үүрэн холбооны компанийн гарын бэлгээр шагнуулж сэтгэл өндөр тайзнаас бууцгаав. Тоглолтын үндэсний хөгжимтэй хэсгийн хөгжмийн найруулгыг Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан сайхан найруулж, поп хэсгийн найруулгыг гитарчин Г.Буян-Өлзий дэглэсэн нь аялгуутай сайхан боллоо. Үдшийн одод тэнгэрт хотлох цагаар алжаалаа тайлж амарсан үзэгчид сэрчигнэх салхинд алгадуулан алхах зуураа “Сэхүүн салхи чи…” гэж амандаа үглэсэн шиг гэрийн зүг яаран одоцгоох нь сэтгэлийн таашаал амталсных ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *