Categories
мэдээ нийгэм

Өвөрмөц тогтоцтой Цонжийн чулууг аймгийн тусгай хамгаалалтад авчээ

Дорноговь аймгийн ИТХ-аас Дэлгэрэх сумын нутагт буй өвөрмөц тогтоцтой Цонжийн чулууг байгалийн дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ. Сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзгой бие биедээ наалдан ургасан зургаан талт харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу, байгаль эхийн уран чамин урлалт жижиг уул юм.

Эрт үед энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан хэсэг нь 3-4 метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт. Хүний гараар бүтээсэн зургаан талт баганууд мэт хүрмэн хөх чулуун байц хаднууд, өндөр нь 6-7 м, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу юм. Үүнийг нутгийнхан “Цонжийн чулуу” гэдэг. Ийм зургаан талт хүрмэн чулууны өвөрмөц тогтоц Монголд үүнээс өөр газарт байхгүй. Харин дэлхийд цөөн хэдэн газарт байдаг бөгөөд “hexagonal rock” гэж нэрлэдэг аж. Тиймээс байгалийн энэхүү дурсгалт газрыг хамгаалах, хойч үедээ бүрэн бүтнээр үлдээх зорилгоор тусгай хамгаалалтад авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *