Categories
мэдээ цаг-үе

Өвөл нь хүйтэн мөс, зун нь халуун засмал дээр дөч гаруй жилийг өнгөрүүлжээ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Чанцалтай ярилцлаа.

-Та яагаад дугуйн спортыг сонгон хичээллэсэн юм бэ?

-Би төв аймгийн Угтаалцайдам сумын Хайлааст гэх газар 1949 онд төрсөн. Намайг гурван настай байхад манайх Баянчандмань суманд нүүж ирсэн юм билээ. Би 1957 онд нэгдүгээр ангид орсон. Манай Баянчандмань сумаар Улаанбаатараас Сэлэнгэ хүртэлх засмал зам дайрдаг. Засмал замтай ганц сум байв. Тийм болохоор дугуйн спортын шигшээ багийнхан ирж бэлтгэл хийнэ. Монгол Улсын гавьяат багш, дасгалжуулагч Ц.Даржаагаар ахлуулсан 10-аад тамирчин ирнэ. Хүүхэд л болсон хойно тамирчдын дугуй, эрээн алаг хувцсыг нь шохоорхож урдуур, хойгуур нь гүйдэг. Тэр унадаг дугуйны нарийхан, чамин байгааг хэлэх үү. Хараа булааж байна гэж жигтэйхэн. Тамирчид давхиад л байдаг байлаа. Бидний үеийн жаалууд дагаж гүйгээд л, ганц унаад үзчих юмсан гэсэн хүсэл дүүрэн явна. Бороотой өдөр дугуйных нь шавар, шавхайг ч арчиж өгнө шүү дээ. Дугуйчид ч биднийг хорхойсч байгааг ойлгосон байх. Нэг удаа тэд “Хүүхдүүд минь унаад үз. Ойрхон газар яваарай. Ойччихвий. Болгоомжтой явна шүү” гэж билээ. Ингээд л анх удаа уралдааны дугуй унаж үзлээ. Тэр үед л дугуйн спорт ямар гоё юм бэ, энэ хүмүүс шиг л болох юмсан гэж мөрөөдөж эхэлсэн дээ.

-Хэзээнээс мэргэжлийн тамирчин болов?

-Би ч багын л гүйж, харайх дуртай хүүхэд байлаа даа. Долдугаар ангиа төгсөх жил пионерийн сурагчдын анхдугаар спартакиад боллоо. Сагсан бөмбөгийн тэмцээнд нь би орсон юм. Манай сум ч түрүүллээ. Харин сумдаас шилдэг хүүхдүүдийг нь авч Төв аймгийн шигшээ багт элсүүлсэн. Ингэж л спортод улам хорхойсч эхэлсэн дээ. Харин анхны шагнал бол Бүх ард түмний спартакиадад хөнгөн атлетикийн халхалттай гүйлтийн тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн минь байлаа.

Харин долдугаар ангиа төгсөөд Төв аймгийн арван жилд үргэлжлүүлэн суралцаж, Улсын багшийн дээд сургуульд Биеийн тамирын багшийн ангид элсэн орсон. Гэтэл нэгдүгээр курсээ төгсөх гэж байтал цэрэгт явахаар боллоо. Манай ангийн волейболын тамирчин Мандаа бид хоёр явсан юм. Улиастайд байх Зинетийн 121 дүгээр ангид очлоо. Удаа ч үгүй байтал “Алдар” нийгэмлэгт намайг тамирчнаар явуулсан даа. Өнөөх карентинд дэглүүлж байсан нөхөр чинь дугуйн спортын тамирчин болохоор болчихов. Хүүхэд насны мөрөөдөл ч биеллээ. Спорт хорооны тамирчин ч болсон. Тэр үед ёстой л хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Улиастайгаас “Алдар” спорт хорооны багш Баатар гэх хүнтэй шаахайнд суугаад ирлээ. “Алдар” нийгэмлэгийн дарга Жагдаг гэж хүн байсан. Бэлтгэл, сургуулилтаа сайн хийх үүрэг даалгавар аваад л тамирчны амьдралаар амьдарч эхэлсэн дээ.

-“Алдар” спорт хороо таныг гаргах дургүй байсан гэдэг байх аа?

-“Алдар” спорт хорооны тамирчнаар гурван жил явсан. Бэлтгэл сургуулилтаа ч сайн хийсэн. Тэр үед дугуйн спортоор гурван жил уралдахад орсон тэмцээн болгоныхоо бүхий л шагналыг авсан даа. Тамирчин хүний ид үе гэж байдаг бол “Алдар” спорт хороонд байсан гурван жил минь л байж. 1971 онд намайг халагдах үед Бүх ард түмний V спартакиад болж байлаа. Мөн л багаараа түрүүлж байсан сайхан түүхтэй. Харин халагдах гэхэд тухайн үеийн “Алдар” спорт хорооны удирдлагууд “Залуу хүн хэдэн жил тамирчнаа хийж байгаад ажилла. Яарах юу байхав. Чи илүү их амжилт гаргаж чадна” гээд явуулдаггүй. Би сургуульдаа сурах хэрэгтэй гэж гуйсаар, наадмын дараахан халагдсан.

-Ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлж байв?

-1974 онд Зуунмод хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд биеийн тамирын багшаар орж байлаа. Жилийн дараа Төв аймгийн Биеийн тамир спортын хороонд дугуй, тэшүүрийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн дээ. Тухайн үед материаллаг бааз байхгүй. Ганцхан ширхэг уралдааны дугуйтай. Гэсэн ч шавь нар маань Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 14 медаль хүртсэн бахдам амжилтаар ажлынхаа гарааг эхлүүлж байлаа. Дугуй олж бэлтгэл хийлгэх гэж их явж байсан юмдаг. Одоо үе шиг бүх зүйл бэлэн байдаггүй байж дээ.

-Та “Авто зам” клубийг байгуулсан тухайгаа яриач?

-Би 1993 онд дугуйн улсын шигшээ багийг дасгалжуулж эхэлсэн юм. 1990-ээд оны эхээр улсын шигшээ багууд тарж клубийн системд шилжсэн л дээ. Тэр үед олдоц муу хэрнээ өртөг өндөртэй орчин үеийн сонгомол техник хэрэгсэл шаардагддаг унадаг дугуй, тэшүүрийн спорт зогсонги байдалд орсон. Энэ үед шавь нартайгаа бэлтгэл сургуулилтаа шантралгүй хийсээр л байлаа. Хүн дуртай зүйлээ хийж л байвал хүнд хэцүүг ажирдаггүй юм билээ. Энэ бүхнийг тэшүүр, тэр дундаа дугуйн спортод сэтгэл зүрхээ гаргасан амьдралаараа батлах байна. Тэр үед хүнд хэцүү байсан ч зүтгэсээр байгааг минь авто замын газар ажилладаг Жаргалсайхан гээд найз минь анзаарсан л даа. Ингээд 1998 онд Монгол Улсын авто замын салбарыг түшиглэн зургаан тамирчинтай “Авто зам” дугуйн клубийг байгуулсан түүхтэй. “Авто зам” дугуйн клуб маань одоо ч гэсэн тамирчдаараа дотоод, гадаадын тэмцээнд төлөвлөгөө, графикийн дагуу бэлтгэл сургуулилтаа хийлгэдэг. Үүний үр дүн гарч тамирчид маань жил ирэх тусам туршлагажиж Монгол Улсынхаа нэрийн өмнөөс тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна. ДАШТ, Азийн аварга шалгаруулах, мөн олон улсын чанартай тэмцээнүүдээс нийт 100 гаруй медаль хүртсэн. Ер нь дугуйн спортод дөч гаруй жил зүтгэсэн энэ хугацаанд шавь нар маань ямар нэгэн тэмцээнд оролцоход эхний гурван байрт тогтмол шалгарчээ.

-Таны шавь нар хэд, хэдэн олимпод оролцож байсан байх аа?

– Өвөл, зуны олимпийн их наадамд 1980, 1992, 1996 онд орсон. Миний шавь Д.Оргодол Москвагийн олимпод амжилттай оролцсоноос гадна Берлин, Праг, Варшавт дэлхийн шилдэг дугуйчидтай өрсөлдөж байлаа. Энэхүү дэлхийн энх тайвны нэрэмжит тэмцээнээс идэвхтэй дугуйчны шагнал, цомоор шагнуулсан. Тус шагнал нь Монголын дугуйчдын олон улсын тэмцээнээс авсан анхны шагнал болсонд бахархдаг юм. Мөн 1992 оны Барселон хотод болсон зуны 25 дугаар олимпийн их наадамд Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших оролцсон. Тэрээр БНХАУ-ын Шанхай хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Дэлхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Ази тивээс шалгаран орж Австрали улсад болсон олон улсын тэмцээнээс хүрэл, ДАШТ-ий бөөн гараатай 180 км-ийн уралдаанаас мөнгө, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг тус тус хүртэж байлаа. Алтансүх шавь маань БНХАУ-д болсон олон усын тэмцээнд нийлбэр дүнгээр түрүүлэн аварга болж, аваргын шар цамцны эзэн болсон. Түүнээс гадна миний шавь А.Содномдаржаа 1992 оны Альбервилийн өвлийн олимпийн их наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцож байлаа. БНСУ-д зохиогдсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж мөн л Монголын тэшүүрчдийн буухиаг эхлүүлж байсан түүхтэй. Энэ бүхнээс хараад байхад миний шавь нарын амжилт анхдагч байсанд их олзуурхаж, бахархдаг юм шүү. Энэ амжилтууд ч булган сүүлтэй байж амжилтын буухиа тасрахгүй үргэлжилсээр л байна.

-Амьдралынхаа дөч гаруй жилийг дугуйн спортын төлөө зориулжээ…

– Өвөл нь хүйтэн мөс, зун нь халуун засмал дээр дөч гаруй жилийг өнгөрүүлжээ. Гэхдээ энэ хугацаа минь үр бүтээлтэй, амжилтаар дүүрэн байгаад баяртай байна. Дугуй болон тэшүүрийн идэрчүүд, насанд хүрэгчдийн баг 40 гаруй удаа улсын аварга болж, нийт 1300 гаруй медаль авчээ.

-“Авто зам” клуб хамгийн сүүлд ямар тэмцээн уралдаанд оролцсон бэ?

-Хамгийн сүүлд Америкт болсон ДАШТ-д орлоо. Мөн Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Марал-эрдэнэ маань түрүүлсэн. Мөн Монгол Улсынхаа шилдэг дугуйчидтай хамт БНСУ-д болсон олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр эзэлсэн амжилттай ирсэн.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *