Categories
мэдээ цаг-үе

Өвөл, хаваржилтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байгаа гэв

ҮХААЯ-ны Мал бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Наранчулуунаас өвөл­жил­тийн бэлтгэл ажлын талаар дараахь тодруулгыг авлаа.

-Салбар яамны зүгээс өвлийг өнтэй давахын тулд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Энэ оны өвлийн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг бүх шатанд хангуулахаар Засгийн газрын 241 дүгээр тогтоол, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж ажиллалаа.

Энэ жил улсын хэмжээнд 142 мянга гаруй малчин өрхөд 49.5 сая мал өвөлжилнө гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа. Эдгээрээс 18 мянгаад өрхийн долоон сая шахам мал аймаг, сум дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт отроор өвөлжиж, хаваржих тул салбар яамны зүгээс энэ талын зохион байгуулалтуудыг хийгээд байна.

-Малчид хадлан, тэжээлээ хэр бэлтгэсэн бол?

-Малчид маань өөрсдөө 1.2 сая тн хадлангийн өвс бэлтгэсэн байна. Түүнчлэн 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээлийг ч бэлтгэж аваад байгаа. Харин үйлдвэрүүдийн хувьд 30 мянга шахам тн тэжээл бэлтгэжээ. Энэ бүхэн нь яамнаас тавьсан төлөвлөгөөний 93 хувь нь биелэгдсэн гэсэн үг юм.

Засгийн газрын дээрх тогтоолоор аймаг, сумдад аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгаврыг мөн өгсөн. Гэтэл энэ даалгаврын дагуу аймгууд өвсний нөөцөө сайн бүрдүүлсэн атлаа тэжээлийн нөөцөө хангалтгүй биелүүлсэн гэх дүгнэлт гараад байгаа. Тодруулбал, хадлан бэлтгэх даалгавар 95 хувиар биелсэн бол тэжээл бэлтгэх даалгавар ердөө 66 хувьтай байгаа юм.

Хангалтгүй биелүүлсэн аймгуудын хувьд хэрэв цаг хүндэрвэл аймгийнхаа нөөц хөрөнгөд бэлэн мөнгө байршуулсан тул энэ тал дээр асуудалгүй гэсэн тайлбарыг өгч байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр эрсдлийн сан бүрдүүлсэн аймгууд өвөлжилт хүндэрвэл хадлан сайн бэлтгэсэн аймгуудаасаа өвс, тэжээл авах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Тухайлбал, Дорноговь аймгийн сумд гэхэд 42 сая төгрөг, Архангай 50 сая, Хөвсгөл гурван сая төгрөгийг тус тус эрсдлийн сандаа байршуулсан гэсэн мэдээлэл өгч байгаа.

-Нийт малын тарга тэвээрэг ямар байгаа вэ?

-Улсын хэмжээнд малын тарга тэвээрэг харьцангуй сайн байгаа. Өнгөрсөн зуны тухайд улсын хөрөнгөөр 1100 гаруй худаг гаргасан. Энэ нь 1.5 сая га бэлчээр, 3.5 сая малын усан хангамжийг нэмэгдүүлсэн юм. Ингэснээр худаг гаргасан аймгуудын малын тарга тэвээрэгт нэг талаар нөлөөлсөн гэж үзэж байгаа. Мөн бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг есөн аймгийн 540 мянган га талбайд, царцаатай тэмцэх ажлыг дөрвөн аймгийн 112 мянган га-д хийсэн. Ингэснээр 652 мянган га бэлчээрийг эргэлтэд оруулсан нь дээрх аймгуудын малын таргалалтад үлэмж нөлөөлсөн.

Ер нь энэ жилийн өвөл­жилт, хаваржилтын бэлтгэл ажлыг дүгнэн хэлбэл 90 гаруй хувьтай байгаа. Үүнийг малын тарга хүчний үзлэг, хадлан, тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэн гаргадаг юм.

ЦАС АХИУ ОРЖ, ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Цаг, уур орчны шинжил­гээний газраас мэдээлж буйгаар энэ өвөл буюу хүйтний улирлын эхний саруудад төвийн болон зүүн, говийн нутгийн зүүн өмнөд хэсэгт Их нууруудын хотгороор олон жилийн дунджаас ахиу цастай байх ажээ. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа юм байна.

Агаарын температурын хувьд улирлын эхээр нутгийн баруун хойд хэсэг болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дундаас 0.5-1 градусын дулаантай байна.

Энэ сарын тухайд олон жилийн дунджаас ахиу хур тунадас нийт нутгаар жигд орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Түүнчлэн ирэх оны эхээр ч ийм төлөв ажиглагдаж буй гэнэ. Гэхдээ Төвийн нутгийн ихэнх Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээр дундаж хэмжээний хур тунадас орох юм байна.

Температурын хувьд харилцан адилгүй байх аж. Тухайлбал, нутгийн баруун хагас, говийн нутгаар дулаан байх төлөвтэй байгаа бол Увс, Завхан Говь-Алтай, Баянхонгорын зарим нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй гарчээ.

Харин өвлийн төгсгөл, хаврын эхэн сар буюу хоёр, гуравдугаар сард температур дундаж байх гэнэ. Гэхдээ зарим аймаг буюу Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн урд хэсэг, Дорнод аймгийн нутгуудаар өмнөх жилүүдийнхээс дулаахан байна. Харин Их нууруудын хотгор олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарчээ.

Энэ хугацаанд орох хур тунадасны хувьд мөн л өвөлтэйгээ ижил ахиу орох төлөвтэй байгаа юм. Ингэхдээ нутгийн баруун хагас болон зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Мэргэжлийн байгууллагын гаргаж буй мэдээллээр цас ахиу орох аймгууд ялангуяа зуны бэлчээрийн даац багтаамжаас харахад нутгийн 30 гаруй хувьд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа аж. Тиймээс хадлан тэжээл татаж авах, отор нүүдэл хийх ажлыг цасан бүрхүүл тогтох, даваа хаагдах, их хүйтрэхээс өмнө өвлийн бэлтгэл ажлаа сайтар хангах шаардлагатай байгааг онцгойлон анхааруулж байна.

Т.ГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *