Categories
мэдээ нийгэм

Увс аймагт янгир ямаа хамуурч, хорогджээ

Увс аймгийн Өмнөговь сумын нутагт янгир ямаа хамуурчээ. Орон нутгийн хэмжээнд арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ.

Тодруулбал, Өмнөговь сумын Улиастай, Баянгол багийн нутагт орших Төрийн тахилгат Алтан Ханхөхий, орон нутгийн тусгай хамгаалалттай Яргайт ууланд бэлчээрлэн амьдардаг янгир ямаанууд хамуурчээ. Зургаан настай тэх, гурван настай эм янгир хамуурч үхсэн байсныг нутгийн иргэд олсон байна.

Энэ дагуу аймгийн Байгаль орчны хэлтэс тодорхой арга хэмжээ авсан ч үр дүн гарахгүй байгаа учраас асуудлыг Засгийн газрын хэмжээнд авч хэлэлцэх ёстой хэмээн нутгийн иргэд үзэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт албан бичиг явуулсан байна.

Харин Ч.Хүрэлбаатар гишүүн уг асуудлаар Засгийн газарт буюу БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд албан бичиг хүргүүлж, асуудлыг нэн даруй шийднэ хэмээн найдаж буйгаа давхар уламжилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *