Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвлийн зарагдаагүй хувцас, өр зээлтэй л үлдэж хоолойдоо хутга тулгуулсан мэт байна

Коронавирусийн халдварыг дотооддоо алдсан арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн нийслэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоосон байдаг. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бараа бүтээгдэхүүн худалдаалдаг иргэдийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байгаа юм. Тэр дундаа өвлийн бэлэн хувцас худалдан борлуулдаг иргэд их хэмжээний алдагдалд орж хүндхэн байдалд орсон байна. Бид энэ талаар сурвалжлахаар “Sunday Plaza” төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзсан юм.

Тэд амьдралаа, бизнесээ аварч үлдэхийн тулд юу хийх, хаана хандахаа мэдэхгүй мухардалд ороод байгаа талаараа учирлаж байна. Өнгөрсөн хугацаанд төр засгаас гаргасан шийдвэрийг үг дүүгүй биелүүлж, улс орон даяараа өвчингүй бол болох байлгүй дээ хэмээн итгэж байсан ч бодит байдал дээр тэдний амьдрал тийм ч амаргүй болж эхэлсэн байна. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэдэг. Гэтэл өвлийн хувцас худалдаачид өвчин тусчихгүйн тулд өрөнд ороод сэтгэлийн шаналалтай амьдрахаас өөр сонголт төр бидэнд олгосонгүй хэмээн гомдоллож байна.

Тус худалдааны төвд долоон жил бэлэн хувцасны худалдаа эрхэлж байгаа П.Оюунгэрэлийн хувьд банкнаас 100 сая төгрөгийн зээл авч өвлийн куртик оруулж ирсэн байна. Арваннэгдүгээр сар гэхэд иргэд төдийлөн өвлийн бэлтгэлээ бүрэн базаагаагүй байдаг тул багахан хэмжээний куртик худалдан борлуулсан аж. Үлдсэн бараа нь өрөөтэй чигээрээ байтал хаврын улиралтай золгох гэж байна. Цаашид бараа худалдаа эрхэлдэг иргэдийн үйл ажиллагааг хэзээ нээх нь ч тодорхойгүй байгаа нь тэдэнд улам их дарамт болж байгаа талаар хэлж байна. Өдрөөс өдөрт банкны хүү тооцогдож байгаа болохоор арга ядахдаа цахим орчин ашиглаж бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах оролдлого хийж байгаа ч төдийлөн амжилттай бус байгаа аж.

Тэдний хувьд ашиг олох гэхээсээ илүүтэй ирсэн үнээр нь ч болов худалдаж банкны зээлээсээ хугаслахыг хичээж байгаа гэв. Хоёр сар гаруй хугацаанд хөл хорионд үйл ажиллагаа явуулаагүй тул өрөөстэй, улирал нь өнгөрч байгаа куртикнуудаа хэрхэн яаж, борлуулахаа мэдэхгүй байгаа гэнэ. Өвлийн хувцасаа зарж чадаагүй болохоор дараагийн орлгогын эх үүсвэр, хавар, намрын хувцасанд явах эргэлтийн ч мөнгөгүй болсон гэнэ. Эрүүл байхад болно доо л гэдэг. Гэхдээ эрүүл байгаад өр зээлтэй, гэр бүлийнхэнийгээ тэжээх мөнгөний эх үүсвэргүй байхад бид яаж амьдрах юм бэ хэмээн хэлэх байхаа олж ядна. “Бид төр засгаас гаргасан шийдвэрийг өнөөдрийг хүртэл үг дуугүй дагасан. Харин үүнээс цааш хэр удаан тэсэхийг хэлж мэдэхгүй байна.

Өнөөдөр хэнд ч гай бололгүй бор зүрхээрээ худалдаа наймаа эрхлээд амьдралаа авч явдаг бизнес эрхлэгчидээ төр засаг хааяа ч болов харж үзэх хэрэгтэй шүү дээ. Хашаа, байшин, байр, машинаа тавиад өвлийн гутал хувцасны наймаа эрхлэхээр зориг шулуудан хөдөлсөн ч хөл хорионы уршигаар ашиг олох нь бүү хэл дампуурсан залуус олон байна. Тэдний зарим нь зээлэнд хашаа, байраа алдаж, орох оронгүй болоход тулсан аж. Засгийн газраас иргэдийн зээлийг царцаах талаар тогтоол гаргасан. Гэсэн хэдий ч цалингийн зээл биш л бол бусад зээлийг хойшлуулах царцаах талаар шийдвэр огт хэрэгжихгүй байгааг тэд хэлж байна. “Банкны зээл, хүүг чөлөөлнө, зогсооно гээд Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Нэг төгрөг ч хөнгөлөөгүй. Нэг өдөр ч зээл төлөх өдрийг хойшлуулаагүй. Манайх орлого сайтай ажилласан сардаа үндсэн зээлээсээ хасалт хийж байсан тулдаа сард 3-4 сая төгрөг зээл төлөлтөд хийж байна. Зээлийн төлөлт хийх хуваарьт өдөр болоход хаанаас, хэнээс мөнгө олж хийх вэ гэж боддог болсон. Одоо цаашид энэ байдал үргэлжилбэл орлогогүй, эргэлтийн мөнгөгүй бид хаанаас мөнгө олж зээлээ төлөх вэ. Худлаа хэлэх юм уу, хулгай хийх юм уу гэсэн юм.

Худалдаа эрхлэгчдийн бодит байдал ийм л байна. Манай улсын хувийн хэвшлийн салбарт сая гаруй хүн ажилладаг. Тэгвэл хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд нийт ААН-ийн 66 хувь нь бүрэн зогсолт хийж, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж байгаа бол ердөө хоёр хувь нь хэвийн ажиллаж байгааг МҮХАҮТ-аас хийсэн ээлжит судалгаа харуулжээ. Цар тахлын тархалтыг хумих зорилгоор тогтоосон хатуу хөл хорио ААН, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан уг судалгаанд худалдаа, үйлчилгээ, барилга, хүнс, боловсрол, тээвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрүүл мэнд, уул уурхай, ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 3500 гаруй ААН цахимаар оролцсон байна.

Тэдгээр ААН-ийн 40 орчим хувь нь 100 хүртэлх сая төгрөг, 36 хувь нь 500 хүртэлх сая төгрөг, 11 хувь нь 1 тэрбум хүртэлх төгрөг, 12 хувь нь 1-5 тэрбум, есөн хувь нь 5-аас дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Харин ажиллагсдын хувьд 54 хувь нь 19 хүртэлх, 25 хувь нь 200 хүртэлх, найман хувь нь 200-гаас дээш ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгчид байжээ. Хөл хорио тогтоож болно. Гэхдээ бүтэн улирлаар нь хорьж болохгүй биз дээ хэмээн дараагийн худалдаа эрхлэгч Н.Эрдэнэбаяр нэлээд бухимдав. Тэрбээр энэ корона гэнэт л дэгдчихээгүй. Манайх дотооддоо алдаагүй ч дэлхий дахинд гараад олон сар болчихсон байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд манай улсын Засгийн газар, Улсын онцгой комисс ямар ч бэлтгэлгүй байсан нь маш тодорхой харагдаж байна. Бэлэн хувцасны худалдаа наймаа эрхлэгчид үнэхээр хүнд байдалд орчихоод байна. Тэр дундаа улирлын чанартай бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг иргэдийн бизнес, амьдрал ахуй нь түрүүчээсээ дампуурч өр зээлийн дарамтад орж байна. Энэ хүнд хэцүү үед бидэнд банкныхан маш их дарамт үзүүлж байна. Тухайлбал, манайх Хасбанктай харилцдаг. Хөл хорио тогтоохоос өмнө зээлээ цаг тухайд нь төлдөг байсан. Гэтэл хөл хорио тогтоогоод бидний үйл ажиллагаа зогсчихоод байхад зээл төлөлтийн өдөр болонгуут л дансанд байгаа бүх мөнгийг татаад авчихна. Тэгэнгүүтээ үлдсэн мөнгөө хурдан хий. Тэгэхгүй бол алданги тооцно гэнэ. Засгийн газрын гаргасан тогтоолын дагуу үг үсэг, цэг таслалын ч зөрүүгүй онлайнаар зээл хойшлуулах хүсэлтээ бөглөөд явуулсан. Хүсэлтийг хүлээн авлаа гэсэн.

Долоо хоногийн дараа миний зээл төлөх өдөр болсон. Нөгөө дарамт хэвээр. Засгийн газрын шийдвэр гараад удаагүй юм чинь энэ удаад болоогүй юм байлгүй хэмээн бодсон. Гэтэл дараа дараагийн саруудад ч ялгаагүй. Би бүр аргаа бараад өвлийн гутлуудаа онлайнаар хямдралтай үнээр худалдаад өмнөх сарынхаа зээлийг арай гэж төлсөн. Бид давагдашгүй нөхцөл байдал цар тахал, өвчин зовлонтой тулгараад улс орноороо хүнд байдалд орчихоод байхад банкнууд ийм уян хатан бус байж болохгүй. Бид хөл хорионд ороогүй байсан бол зээлээ ямар ч асуудалгүй төлчихдөг. Өнөөдөр орлогогүй болчихоод банкны зээл битгий хэл хоолны ч мөнгөгүй болчихоод байгаа гэдгийг мэдсээр байж алданги тооцно, дараа зээл авахаар бол найдваргүй зээлдэгч болно хэмээн дарамталж байгаа нь үнэхээр хүнд байна. Онлайнаар бараагаа худалдах чинь тийм ч амар ажил биш. Тэр бүр хүргээд өгөх хүн ч олддоггүй. Монголчууд хувцсаа сонгохдоо өөрийн гараар барьж, өмсөж үзэж байж сонголтоо хийгээд сурчихсан. Онлайнаар бүтээгдэхүүн зарах, авах соёлд хэн хэн нь бэлэн бус байна. Одоо цаашид бид үйл ажиллагаагаа нээхгүй бол тэсрэхэд бэлэн байна” гэв.

Худалдаа эрхлэгчдэд тулгамдаад байгаа асуудал үүгээр дуусахгүй. Лангуугаа өөрийн болгочихсон хүмүүс түрээсийн төлбөр төлдөггүй. Гэтэл лангуугаа түрээсэлдэг иргэдийн хувьд дээрх бүх асуудал дээр түрээсийн төлбөрийн дарамт нэмэгдэж байгаа гэнэ. Тэднийг түрээсээ төлж чадахгүй бол бараагаа аваад баяртай. Дараагийн хүмүүс чинь жагсаад зогсож байгаа шүү хэмээн дарамталдаг байна. Хэдийгээр бүтэн түрээсийн төлбөр нэхээгүй ч ямар ч орлогогүй үед 50-70 хувиар түрээсийн төлбөрөө төлнө гэдэг амаргүй байгаа гэнэ.

“Бид төр засагтаа итгэх итгэлгүй болж байна. Өөрсдөө бизнес хийж үзсэн хүн бол хэзээ ч худалдаа наймаа, бизнес эрхэлдэг энгийн ард түмнээ ийм хүнд байдалд оруулахгүй байсан. Бид олон сар түрээсийн төлбөр, банкны зээлийн дарамтад орж яахаа ч мэдэхгүй байна. Би өвлийн хувцсаа авсан үнээсээ ч доогууур худалдаад ч хамаагүй зээлээ төлөхийг чармайж байгаа. Гэтэл аль ч банк ялгаагүй зээл төлөлт хийх өдөр өршөөлгүй залгана. Өглөө нүд нээгээд л залгана. Орой унтах цаг болсон ч залгана. Өнөөдөр ийм дарамтад ороогүй бизнес эрхэлдэг хүн тун цөөхөн л байгаа болов уу. Манай Sun­day Plaza худалдааны төвд 900 орчим лангуунд давхардсан тоогоор 1500 орчим иргэн өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг байсан. Одоо ийм хэмжээний хүмүүс орлогогүй болсон. Энэ хүмүүс багадаа нэг, байг гэхэд хоёр хүүхэдтэй байгаа. Ингээд бодохоохр 4000 орчим хүний амьдрал яригдана. Энэ мэтчилэн томоохон зах худалдааны төвд худалдаа эрхэлдэг хүмүүсийн амьдрал өнөөдөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, хоолойдоо хутга тулгуулсан мэт л байна. Банк, банк бусаас зээл авахаас гадна өдрийн зээл авсан ч хүмүүс байгаа. Тэд байгаа бүхнээ барьцаанд тавьсан. Тэр хүмүүсийн хувьд асуудал бүр ч хүнд байгаа. Бид өнөөдрийг хүртэл төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж дуугүй байсаар ирлээ. Цаашид бид амьдрахын тулд дуугарахаас, тэмцэхээс өөр аргагүй боллоо. Худалдаа эрхлэгчид бид групп чаттай. Тэр чатанд өрнөж байгаа асуудлын 80-90 хувь нь банк, зээлтэй холбоотой байна. Бид бодит байдлыг ойлгож, хүлцэнгүй хандсан. Одоо бид өр зээлийн дарамтаас гарч, идэх хоолтойгоо байхын тулд тэмцэхээс өөр аргагүй боллоо. Бид өвлийн зарагдаагүй хувцас, өр зээлтэй л үлдлээ. Дараа жилийн өвлийг хүлээгээд суух юм уу. Одоо яаж хаанаас мөнгө олж, дараагийн улиралд зарах бараагаа татах билээ. Бид үнэхээр туйлдаж байна” хэмээн тус худалдааны төвд бизнес эрхлэгч Т.Отгонсүрэн хэллээ. Худалдаа эрхлэгчдийн бодит байдал ийм л байна. Эцэст нь Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр гаргах түвшинд ажиллаж, бодлого тодорхойлогчдод ийнхүү худалдаа эрхлэгчид үгээ дайсан юм.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *