“Apple”-ийн “HealthKit” эрүүл мэндийн аппликейшн Лос-Анжелесийн “Cedars-Sinai” эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хадгалж эхэлсэн байна. Тус аппликейшнд 80 мянга гаруй өвчтөний мэдээлэл хадгалагддаг байгаа аж. “Cedars-Sinai”-ийн өвчтөнүүд энэхүү аппликейшнийг ашиглаж эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой гэнэ. Анагаах ухаан болон дасгал хөдөлгөөний төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл түгээдэг уг аппликейшнийг өнгөрсөн онд “Apple” компани танилцуулсан билээ. “Healthkit” аппликейшн нь “Apple Watch” ухаалаг бугуйн цагтай төгс хослон ажилладаг байна. Гэхдээ хэрэглэгчдийн хувийн мэдээллийн аюулгүй байдал технологийн салбарынхныг эргэлзээнд оруулж байгаа аж. “iCloud”-д хадгалагдсан хэрэглэгчийн мэдээлэлд хакерууд нэвтрэх магадлалтай гэсэн болгоомжлол байгаа юм. Гэхдээ “Healthkit” аппликейшнд хадгалагдаж байгаа мэдээлэл “iCloud” руу шилжихэд шифрлэх буюу давхар нууцлал үүсдэг учраас эрсдэл багатайд тооцогддог юм байна.