Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Өөртөө зориулах цаг

УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх саяхан нэг телевизэд өгсөн ярилцлагадаа “Би өмнө нь өөрийгөө сонсох завгүй улс төрд зүтгэжээ. Улс төрөөс хөндийрөөд өөрийгөө сонсох цаг зав гарсан. Миний амьдарч байсан Австралид бороо их орох юм. Бороотойд зөндөө л юм бодогддог юм байна” гэсэн агуулгатай зүйл ярина лээ. Ажил гэр, гэр ажил гэсэн маршрутаар өрнөх зав чөлөөгүй өдрүүдэд нээрээ бид өөртөө цаг гаргаж, дотоод сэтгэлээ сонсохдоохэр хүмүүс билээ. Ж.Гүррагчааг сансарт нисэхэд эмчээр нь ажилласан Лхагваа доктор Н.Багабандийг төр тэргүүлэх үед нийгмийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Өрөөгөөр нь өдөр хавьд шагайхад мань эр компьютерийнхаа ард ая сонсоод сууж байдаг сан. Учрыг нь асуухаар сонгодог ая сонсохоор эрч хүч, энерги авдаг гэж ярина. Тэр агшин бол зөвхөн Лхагваа зөвлөхийн цаг. Амралтын цагаараа ая сонсоод тухалж суугаа хүний өрөө рүү нээрээ хэн л шуудхан яваад орох вэ дээ. Их ажлын өдрийнхөө хэдхэн минутыг өөртөө зориулж, дуртай зүйлээ хийгээд дадчих нь өөрөөрөө орших, хүнээ алдахгүй байхын эхлэл байх шүү. Бас өөрийгөө цэнэглээд авна. Дуртай зүйлээ хийж, эрч хүч авсан хэн ч ажлаа түүртэлгүй амжуулчихаад гэрийн зүг инээмсэглэн алхана гэдэгт эргэлзэх юу билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *