Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Уулчин Б.Золзаяа: Хуримтлагдсан ядаргаа, стресс, бухимдлыг байгальд явган алхалт хийж оргүй устгах боломжтой DNN.mn

Манай улсын уулчид удахгүй дэлхийн дээвэр хэмээгдэх Эверестэд багаараа авиралт хийхээр төлөвлөж байгаа талаар “Жаргалант уулчдын клуб”- ийн гүйцэтгэх захирал, уулчин, аялагч, орчуулагч Б.Золзаяатай ярилцлаа.

– Таны хувьд хичнээн жил уулын спортоор хичээллэж байна вэ?

-Юуны өмнө ярилцлагад урьсан баярлалаа. Миний хувьд өндөр уулын спортоор хичээллээд 10 гаруй жил болж

байна. Явган аялал, спорт аялал, мөн өөрийн үндсэн ажил мэргэжил болох франц хэлний хөтөч, орчуулагчийн ажлыг хийдэг. Ерөнхийдөө 2005 оноос аялах, ууланд алхалттай холбогдсон гэхээр өдгөө 17 жил болсон юм уу даа.

-17 жилийн турш аялсан, алхсан, уулын спорттой холбогдсон гэхээр чамгүй олон жил болжээ дээ. Таны хувьд нас залуу эмэгтэй хүн юм. Тэр утгаараа энэ олон жил уулын спортыг сонирхохын хажуугаар ажил, амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Мэдээж хэрэг хүн гэдэг сонирхсон хоббигоо хөгжүүлж явахаар өөрийн эрхгүй ажил, амьдрал дагаад ч гэх үү дасан зохицоод хамт өнгөрдөг юм билээ . Миний хувьд анх энэхүү спортыг сонирхон хичээллэхдээ, долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр явган алхах, ууланд алхах зэргээр өөртөө хэвшмэл зүйл болгон сургасан. Одоо ч гэсэн бүтэн сайн өдөр болгон алхдаг. Олон жил ингээд явчихсан учраас өөрийн эрхгүй дадал болоод суучихдаг юм билээ. Гэхдээ энэхүү зуршлыг миний хувьд хобби, чөлөөт цагаа өнгөрүүлэх арга гэж боддог. Харин эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байна гэж төсөөлдөг. Өөрөөр хэлбэл өөртөө долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр эрүүл мэндийн хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгодог гэсэн үг. Манайхан хобби сонирхол гэж ойлгохоор эрүүл мэнддээ оруулж буй хөрөнгө оруулалт гэж бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Тиймээс үүнийг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож, түүнийхээ хажуугаар ажил, амьдралаа зохицуулж сурах шаардлагатай.

-Ууланд алхах ер нь хөдөлгөөний и дэвхтэй байхын ач холбогдлыг та хэллээ. Тэгвэл таны хувьд ач холбогдол гэхээс илүү өөртөө авдаг хамгийн супер мэдрэмж гэвэл юуг хэлэх вэ?

-Байгальд хийгддэг спорт гэдэг утгаараа онцлогтой. Хүн гэдэг чинь байгалийн амьтан. Бусад амьтдаас ялгагдах ганцхан зүйл л байдаг . Түүнээс биш адилхан амьтан шүү дээ. Тиймээс хамгийн онцгой нь байгальд явагддаг спорт гэдэг утгаараа авч буй мэдрэмж нь супер байхаас өөр аргагүй л дээ. Өөрөөр хэлбэл уулын спорт гэлтгүй ер нь явган алхалт хийх, тэр дундаа байгальд алхах гэдэг маань өөрөө гайхамшиг шүү дээ. Нөгөөтэйгүүр байгальд алхахдаа миний хувьд хамгийн их аз жаргалтай байдаг. Хүний эрүүл байхын үндэс нь аз жаргалтай байх явдал гэж би боддог. Аз жаргалтай, сэтгэл өөдрөг, үргэлж баясаж, хүсэл мөрөөдөлдөө хүрч яваа хүн эрүүл л байна гэсэн үг. Тэр утгаараа энэхүү спортоос би аз жаргалыг давхар эрүүл мэндийг бодитоор олж авч чаддаг. Энэ л уулчин хүний супер мэдрэмж байх. Нөгөөтэйгүүр ажлын өдрүүдэд хуримтлагдсан ядаргаа, стресс, бухимдлаа байгальд явган алхалт хийж ор мөргүй устгаж байх хэрэгтэй. Ууланд алхалт хийнэ гэдэг өөрөө тийм ч амархан ажил биш. Байгаль цаг уурын маш олон нөхцөл байдалтай тулгарана. Цасан шуурга, усан бороо, халуун нар, хүйтэн салхи гээд. Тэр бүгдийг нэг дор мэдэрнэ гэдэг уулчин хүний супер мэдрэмж болов уу.

-Таны хувьд дэлхийн дээвэр хэмээгдэх ноён оргил руу авиралт хийх багийн гишүүн гэж сонслоо. Уулчдын хувьд Эверестэд гарна гэдэг том мөрөөдөл нь биз дээ…?

-Мэдээж том мөрөөдөл. Үүнийг үгээр хэлэх аргагүй. Бүх л уулчид энэхүү хайрхан дээр гарахсан хэмээн боддог. Миний хувьд “Жаргалант уулчдын клуб”-ийн гишүүн. Мөн 2021 оноос тус клубийнхээ гүйцэтгэх захиралаар ажиллаж явна. Тэр утгаараа манай клуб жилийн дөрвөн улиралд дотооддоо системтэйгээр уулан алхах, оргилуудад гарах үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар байгаа. Уулын спорт гэдэг нэг талдаа багийн спорт юм аа. Тэр утгаараа монголчууд яагаад баг бүрдүүлээд гадаадын өндөр том оргил өөд авиралт хийж болдоггүй юм бэ гэсэн зорилго тавин хичээсэн. Улмаар 2021 онд манай клубийн гишүүд нэгдээд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад гарсан байдаг. Цар тахлын үед нэгэн түүхэн амжилт гаргасан. Тухайн цаг үеийг ашиглаад манай уулчдын клуб зургаан сарын турш маш өндөр сахилга баттай сургалт, бэлтгэл хийсэн . Улмаар Монгол Улсын түүхэнд багаараа буюу хамгийн олуулаа дэлхийн өндөр оргилын нэг дээр гарсан байдаг. Тэр нь Киргиз улсын Памирын нурууны Ленин оргил. Далайн түвшнээс дээш 7143 метрийн өндөрт оршдог хайрхан юм. Тиймээс бид энэ удаад дахин багаараа, олуулаа дэлхийн дээвэр хэмээгдэх Эверестэд яагаад авиралт хийж болохгүй гэж. Тэр утгаараа бид ирэх сарын 2-нд нисэх хуваарьтайгаар ажиллаж байна.

-Дэлхийн дээвэр хэмээгдэх Эверестийн оргилд монголчууд цөөнгүй гарсан. Одоогийн байдлаар яг хэдэн хүн гарсан байдаг бол. Та хэдийн хувьд багаараа анх удаа авиралт хийх гэж байна уу?

-Эверестийн оргилд манай улсаас нийт есөн хүн хөл тавьсан гэж тооцдог юм билээ. Тэр утгаараа бидний хувьд есийн тоог бэлгэшээгээд багаа есөн гишүүнтэйгээр анх бүрдүүлсэн . Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Хүссэн хүн эсвэл хүссэн уулчин бүр явдаг аялал биш. Энэ бол маш том төсөл. Тэр утгаараа мөнгө санхүүгийн асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл эрсдэлтэй, санхүү шаардлагатай том төсөл учраас есүүлээ явах боломжгүй байна гэсэн үг. Энэ мэт олон шалтгаанаас үүдээд яг одоогийн байдлаар таван хүн явах урьдчилсан төлөвлөгөө гаргаад бэлдэж байна. Гэхдээ цаг нь тулаад ирвэл багийн гишүүдийн тоо нэмэгдэх, хасагдахыг хэлж мэдэхгүй байна.

-Эверест рүү эсвэл бусад ноён оргил өөд авиралт хийхээсээ өмнө ямар бэлтгэл сургуулилалт хийдэг юм бэ?

– Мэдээж маш сайн бэлтгэл хийхээс гадна хувийн зохион байгуулалт өндөр байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл шуурхай бэлтгэлийн хугацаанд архи, тамхи гэх мэт хорт зуршил хэрэглэхийг хатуу хориглодог. Мөн бэлтгэл сургуулилтыг нарийн системийн дагуу, жигд тууштай хангахад онцгой анхаардаг гэсэн үг. Бидний хувьд жил гаруй хугацаанд бэлтгэл хийж байна. Бэлтгэлээ долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр хийдэг. Ингэхдээ нэг долоо хоногт нь ачаалал ихтэй бэлтгэл хийх буюу Богд уулыг тойрч алхах. Энэ нь оройлцоогоор нэг өдөрт 45 км газар алхана гэсэн үг. Мөн тогтмол 25 км-ийн алхалтуудыг хийж бэлтгэл сургуулилтаа жигд явуулдаг онцлогтой. Мэдээж бэлтгэл сургуулилалт хангах бэлдүүлэх багш нар гэж бий. Биднийг бэлтгэдэг, зөвлөдөг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Ганбаатар түүний гэргий алдарт уулчин Ц.Цогзолмаа багш нар маань бий. Ц.Цогзолмаа багш маань өмнө нь Эверестийн оргилд амжилттай гарсан хүн.

-Эверест рүү авиралт хийхийн тулд мэдээж маш олон зөвшөөрөл авдаг байх аа. Мөн аль талаасаа гарах уу гэх мэт. Та бүхний хувьд энэ бүгдийг хэрхэн зохицуулж, төлөвлөж байна вэ?

– Ерөнхийдөө Эверест рүү гарах хоёр авиралтын зам бий. Непал талаасаа нөгөөх нь Хятад талаасаа гэж. Бидний хувьд Непал талаасаа авиралтыг хийхээр төлөвлөж байна. Хятад талаасаа гэхээр асуудал цөөнгүй тулгардаг учраас больсон гэж ойлгож болно. Мэдээж олон төрлийн зөвшөөрөл авах хэрэгтэй. Хамгийн түрүүнд эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгардаг.

Гэхдээ Непалд өндөр уулын авиралтын багц үйлчилгээ үзүүлдэг компани, аж ахуйн нэгжүүд цөөнгүй бий. Бидний хувьд нэг компанийг сонгон үйлчлүүлж байгаа. Тухайн компани нь зөвшөөрөл болон уулчдад шаардлагатай бүх зүйлийг бэлдэж, хангаж өгдөг. Тиймээс уулчид маань бэлтгэлээ сайн хийх, авиралтаа хэрхэн хийх вэ гэдэгтээ л санаагаа чилээх хэрэгтэй. Мэдээж санхүүгийн асуудал тулгарч байгаа. Гэхдээ түмэн олны буянаар болох байх гэсэн итгэлтэйгээр энэхүү аялалд багаараа зорьж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *