Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Үүдэн хоймрын зайд ирвэс бидэн хоёр бие биенээ сонирхон харна

Image result for Ирвэс

Үүдэн хоймрын зайд ирвэс бидэн хоёр бие биенээ сонирхон хэсэг харлаа. Энэ сүрлэг сайхан амьтантай дөрөв дэх удаагаа таарч байгаа нь энэ. Эхнийх нь хаднаас үл ялгаран зөвхөн сүүлний хөдөлгөөнөөр холоос харагдсан бол дараагийнх нь үүрнээс гарч ирэн эвшээлгэн зогсох ирвэсийг телескопоор харж билээ. Хэн ч зургийг нь дарж чадаагүй. Бидэнтэй хамт явж байсан гадны нэг эрхэм миний найз 20 жил ирвэс судалж байгаа гэхдээ хараагүй гээд бөөн баяр болж билээ. Харин гурав дахь тохиолдол нь өнгөрсөн оны 11 сард хүзүүвчлүүлэхээр унтаж буй ирвэсийг харж баахан зураг дарж, даруулж билээ. Гэхдээ 10 дугаар сарын 31-ны Монгол бахархлын өдрөөр таарсан энэ найз маань биднийг очиход гурвуулаа байлаа. Машины чимээ, гэрлээс зугтан нэг ирвэс гүемийн хамт хад дамжин алга болж найз маань өөрийн идэш болох улаан сэрхээ манан хэвтэж биднийг ойртоход жаахан холдоно. Дөрвөн сар гарантай гүемээ хооллож сургаж байгаа нь энэ байх гэсэн бодол төрлөө.
Энэ сиймхийгээр үнэг, шаазгай хэд хэдээрээ ирж хэсэгхэн зуур мах зулгааж гоогоо дарна. Улаан сэрх ч олны хоол . Найзын зургийг авах хүсэлдээ хөтлөгдөн хоолноос нь жаахан холдонгуут эргээд ирнэ. Үнэг ч зайгаа тавьж өгөн яс горьдсон нохой шиг эргэлдэнэ. Ёстой л байгалийн хууль хүчтэй, хүчгүйн ялгааг хоёр цаг гаран харж яавал гоё зураг дарах вэ, ирвэсийг эндээс холдуулвал маргааш өглөө нь өлсгөлөн ирвэс гүемийн хамт сэгээ тойрон эргэлдвэл зураг авчихна хэмээн олон янзаар ярилцацгаалаа. Гүемтэй нь хамт бичлэг хийж зураг дарах байсан юм гэсэн харуусал, шунал хүсэл байвч үүдэн хоймрын зайнаас нүдээ үл цавчин намайг ширтсэн тэр харц Энэ бол миний нутаг, миний хоол гэсэн үл эргэлзэм үгийг надад хэлсэн. Хоёр цаг гаран түүний газар нутаг, гэр бүлийн амгалан тайван байдлыг үгүй хийсэндээ гэмшин үрээ хамгаалах, хоолоо манах, юунаас ч үл айх эр зоригийг нь бишрэн тэднийг тайван орхилоо.

Image result for Ирвэс

Image result for Ирвэс

Image result for Ирвэс

Image result for Ирвэс
Монголын бахархалт өдрөөр уулын эзэнтэй үүдэн хоймрын зайд учирсан ховор сайхан тохиолдол миний болоод хамт явсан найз Даваа, жолооч Баяраа, нутгийн малчин залуу Хараа, Жагаа нарын хувьд бахархам, гайхалтай сайхан өдөр байлаа.
Бид маргааш ирвэс хүзүүвчлэх аялалд гарлаа. Магадгүй чи бидэнтэй дахин таарч илүү их зүйлийг сониуч хүн төрлөхтөнд хэлж өгөх бизээ.

Дүрс бичлэг, сэтгэгдлийг Д.Байгалмаа \Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар\


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *