Намрын сэрүүн өвлийн жавраар солигдох дөхлөө. Саяхан л айлчлан ирсэн усны шувууд гангар гунгар гээд л сүрэг сүргээрээ буцаж байна.
Нуур, цөөрмийн ус шөнөдөө зайрмагтан хонож, өдрийн нарнаар эргээд гэсэхдээ хахир хүйтэн өвөл айсуйг илтгэх шиг. Бугын урамдах чимээ өдрөөс өдөрт бүдгэрсээр намрын шаргал налгар өдрүүд шувтарч байна даа. Нэг л өглөө сэрэхэд шаргал орчлон цагаан өнгөөр солигдоно. Усны шувууд буцаж, улирал солигдох энэ агшинд
“Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэрвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа
Амраг минь чи минь дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач” хэмээх нэгэн сайхан хуучны дуу сэтгэлд эгшиглэнэ. Гадаадын ямар ч уран бүтээлч анх монгол дуу сурахдаа “Аяны шувууд”-ыг сурдаг гэдэг. Хөгжмийн нэрт мастер, гоц авьяастан З.Хангал агсны дуу гэдгийг хэн хүнгүй мэднэ байх аа.
Сайхан дуу сэтгэл баясгана гэдэг. Өвлийг утаа, түгжрэл, халтиргаа гулгаа, ханиад, хүйтэн гэж бухимдан хүлээж авахаас илүү сайхныг нь мэдэрч, сайхнаар угтаарай.
Э.МӨНХТҮВШИН