Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өчигдөр нүүрс, зэсийн экспортын талаар гэгээтэй мэдээ дуулгав. Нүүрсний экспорт оны эхнээс энэ сарын 21 хүртэл 10.1 сая тоннд хүрч, өнгөрсөн оны өдийгийн түвшиндөө хүрчихэж. Сүүлийн долоо хоногт гэхэд л 737.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Өдөрт дунджаар 854 автомашин, 43 чингэлэг нүүрс экспортлогдож байгаа аж. Зэсийн баяжмалын экспортын тухайд түрүү жилийн өдийгөөс 16.5 хувиар өссөн дүнтэй гэсэн мэдээллийг салбарын яамныхан онцолж байна. Товчхондоо зэс, нүүрсний экспорт дажгүй сэргээд эхэлжээ.
Эдийн засаг хэцүүдсэн ийм үед гэгээтэй мэдээ мөн үү гэвэл мөн л дөө. Гэхдээ яг өнөөдрийн байгаа байдлаа харахаар экспортын хэмжээ төдийхөн яриад суумгүй байна. Ирэх жилүүдэд дэлхийгээрээ хэцүү аж төрөх нь тодорхой болчихлоо. Ийм цагт гол найдлага маань ерөөсөө л уул уурхай. Харамсалтай нь ДНБ-ий дөрөвний нэг, төсвийн гуч орчим хувь, экспортын 83 хувь, аж үйлдвэрийн салбарын 69 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 77 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбараа үе үеийн Засгийн газар, эрх баригчид хатавчинд суух өнчин хүү шиг болгож орхисон нь маргаад байх юмгүй ил үнэн.
Эдийн засагч Н.Энхбаяр саяхан нүүр хуудсандаа “Украйны дайнаас болж дэлхий даяараа ковидын дараах эдийн засгийг сэргээх боломж алдагдаж, үндсэндээ 2024 оныг хүртэл донсолгоотой, өчүүхэн өсөлт өндөр инфляцтай байх болно” гэж онцолсон харагдсан. Хатуу ч гэлээ бодитой үнэн. ОУВС-гийн маргааш танилцуулах “Дэлхийн эдийн засгийн шинэчилсэн тойм” гутранги таамаглалаар дүүрэн байна гэдэгт ч эргэлзэх юм алга. Ингээд харахаар лав хоёр жилийн турш дэлхийгээрээ дэнсэлгээ, донсолгоотой аж төрөх нь тодорхой болчихоод байна. Гадаад дотоод шалтгаанаар инфляц цойлсон, гадны хөрөнгө оруулалт мөддөө сэргэхгүй нь тодорхой ийм үед Засгийн газрын атган дахь ганц хөзөр бол түрүүн хэлсэнчлэн уул уурхай. Уул уурхайн салбараа хөдөлгөж, хөгжүүлж байж хямралыг дажгүй давах боломжтой.
Уул уурхайн салбарын гол зовлон нь хууль эрхзүйн орчин, улстөрийн тогтворгүй байдал гэж олон жил нуршсан учраас ахиж хөндмөөргүй байна. Төдийгөөс өдий хүртэл шийдэж чадаагүй асуудлыг өнөө яриад нэмэр бага. Харин УИХ, Засгийн газрын шийдэж дөнгөх асуудлуудыг жагсаая. Тэдний шийдэж дөнгөх зүйлсийн нэг бол татвар. Манай улс татварын хувь хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт жагсаж яваа.Зэс гэхэд л хамгийн өндөр АМНАТ-тай. Нүүрсээрээ хоёрт жагсаж байх жишээний. Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулагчдыг татах гэж өрсөлдөж яваа ийм үед татварын хэцүү орчинтой улсад төсөл хэрэгжүүлэх сонирхол мөнгөтэй эрхмүүдэд төрөхгүй. Засаг санаачлаад зүтгүүлэхэд татвартай холбоотой энэ мэт асуудлыг шийдчих боломж бий.
Засгийн шийдэж дөнгөх хоёр дахь асуудал бол төрийн яамд, дунд шатныхны хүнд суртал. Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд уул уурхайн төслүүдээ явуулах ёстой гэж зүтгэж, анхаарч байгаа ч төсөл гацаагч гол хэргийн эзэд нь бусад салбарын яамд байдаг. Бүр тодруулж хэлбэл уул уурхайтай үйл ажиллагаа нь уялддаг салбарын яамд. Тод жишээ нь Байгаль орчны яам байна. Өгөх ёстой зөвшөөрлөө хэзээ ч цагт нь гаргадаггүй гэсэн шүүмжлэлийг салбарынхан хэлдэг. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэх мэтийг стандарт шаардлагынх нь дагуу боловсруулаад өгдөг ч яамны зүгээс хууль журамд заасан хугацаанд баталж гаргаж өгөхгүй өчнөөн сар, жилээр түгжсэн жишээ кейс олон бий. Зөвшөөрөл авах үйл явц дээрээ хугацаа алдчихаар л төслийн хэрэгжилт удааширчихдаг, төсөл хэрэгжихгүй удах хэрээр эдийн засаг тэлэх боломж багассаар байдаг.
УИХ, Засгийн газрын залруулж хүчрэх гурав дахь асуудал бол гэнэтийн хуулиуд. Өнгөрсөн хугацаанд батлагдсан гэнэтийн хуулиуд эдийн засагт ямар балаг тарьсныг нийтээрээ мэдэх учраас олон кейс яримааргүй байна. Наад зах нь гэхэд урт нэртэй хууль гаргаад алтны салбараа сүйдэлчихсэн жишээ бий. Гэнэтийн хуулиудыг санаачлагч нь хэн бэ гээд харахаар Засгийн газар биш УИХ-ын гишүүд байдаг. Ялангуяа сонгууль дөхсөн үед гишүүдийн гэнэтийн хууль санаачлах идэвх огцом өсөөд ирдэг. Энэ хандлага аль хэдийн эхэлчихсэн явааг Усны тухай хуулийн төслөөс харж болно. Усны тухай хуулийн төсөлд уул уурхайд гүний ус ашиглахгүй гэсэн утгатай заалт тусчихсан яваа сураг дуулдсан. Хэрвээ энэ заалт туссан нь үнэн бол, ийм заалт тусчихсан явж байгаад хууль батлагдвал уул уурхайн салбар таг гацах эрсдэлтэй нүүр тулна. Ерөнхий сайд “Уул уурхай бол тэргүүлэх салбар” гэж мянга яриад нэмэргүй болно гэсэн үг.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол гэнэтийн хуулиуд гарах магадлал маш өндөр улс. Өнөөдөр гэхэд маш олон хууль энд тэнд, багц багцаараа яригдаад явж байгаа. Урьд нь хуулийн төслүүдийнхээ драфтыг өгөөд бидний саналыг авдаг байсан бол одоо шууд л “Саналаа өг” гэдэг болчихсон. Яг ямар хуулийн төсөл хэлэлцүүлэгт орох гэж байгааг харахгүйгээр санал өгөх боломжгүй шүү дээ” гэж ярьсан байсан. Гэнэтийн хуулиудын гол асуудал нь энэ л дээ. Бодит судалгаа тооцоогүй, салбарынхны санаа оноог сонсохыг ч хүсэхгүйгээр хуулийн төсөл боловсруулаад парламентаар батлуулна гэдэг яаж ч бодсон байж боломгүй хандлага. Ерөнхий сайд яг өдийд “Эдийн засгийг авч яваа уул уурхайд ямар ч гэнэтийн хууль гэж байх ёсгүй. Салбарынхныг сонсох бол номер нэг асуудал шүү” гэчихмээр байгаа юм. Уул уурхайн ассоциацын гүйцэтгэх захирал бүсгүйн бас нэг үгийг нийтлэлийнхээ төгсгөлд онцолмоор байна. “Хууль сайжрууллаа гээд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Ганц л том асуудал бий.Гэнэтийн хууль ахиад гарахгүй гэх баталгааг хуулиндаа яаж тусгах вэ, хэн нэг улстөрчийн популист санаанаас ямар нэгэн хууль төрж хэрэгжихгүй гэх баталгаа, амлалтыг Засгийн газар ямар хэлбэрээр өгөх вэ гэсэн асуултуудад хариулах шаардлагын өмнө бид ирчихсэн. Бүр тодруулж хэлбэл одоо хэрэгжиж буй хуулиудынхаа уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй” гэсэн үгийг нь.