Categories
мэдээ спорт

Усайн Болт, Ричард Браун хоёрын хэн нь шилдэг вэ?

Америкийн хөнгөн атлетикийн тамирчин, параолимпийн мөнгөн медальт Ричард Браун болон дэлхийн аварга Усайн Болт хоёрыг уралдахаар болсон гэсэн мэдээлэл сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр шуугих болсон. Үнэхээр ч ингэж шуугиулахаас ч аргагүй юм. Ричард Брауныг Усайн Болттой уралдах гэж байна гэвэл нэг их гайхах хэрэггүй биз. Учир нь Ричард Браун параолимпод өөрийн шилдэг гэдгээ харуулж, өнгөрсөн сард Катарын Доха хотноо болсон олон улсын хөнгөн атлетикийн олон улсын уралдааны 100 метр зайг 10.61 секундэд туулсан юм. Энэ бол параолимпийн 100 метрийн зайн дахь дэлхийн дээд амжилт юм. Харин Усайн Болт энэ зайг 9.58 секундэд туулж, 2009 онд дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан юм. Ингэхээр богино зайн гүйлтийн төрөлд рекорд эзэмшдэг хоёр тамирчин байна гэсэн үг.

Ричард Браун хүүхэд ахуйгаасаа л хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан бөгөөд 2007 онд, 16 настай байхдаа Америкийн Миссипи хот дахь угаалгын газрын хагарсан цонхны шилэн дээр унаснаас болж баруун хөлөндөө маш хүнд гэмтэл авсан юм. Яаралтай эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч хөлийг нь тайрахаас өөр аргагүй байжээ. Үүний дараахан тэрбээр нэг хөлөө хараад маш их сэтгэлээр унаж, “Хөлөө тайруулж, эрүүл мэндээрээ хохирсноо биш дахин гүйж, уралдаж чадахгүй болчихлоо. Амьдрах утга алга” гэж хүртэл ээждээ хэлж байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр хиймэл хөл хийлгэн хөнгөн атлетикаар үргэлжлүүлэн хичээллэж, өнгөрсөн аравдугаар сард Катарт болсон олон улсын тэмцээний хоёр ч төрөлд түрүүлээд зогсохгүй 100, 200 метрийн зайнд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. 100 метрт 10.61 секундэд туулсан бол 200 метрийг 21.27 секундэд туулсан юм. Тэрбээр энэ амжилтаа ахиулж 100 метр зайг 9.9 секундэд туулахаар шаргуу хичээллэсээр байгаа аж. Түүнийг сургуулилт дээрээ энэ амжилтдаа хүрсэн гэдгийг ч зарим эх сурвалжууд хэлж байгаа юм. Энэ нь 100 метрийн зайнд өөрийн дээд амжилтыг тогтоосон Усайн Болтоос даруй 0.32-хон секундээр хоцорсон үзүүлэлт юм. Усайн Болт, Ричард Браун нар хувийн шугамаар хэд хэдэн удаа уулзаж байсныг өөрсдийнх нь сельфи хийсэн зургаас харж болох юм.

Хөнгөн атлетикийн хаан гэгддэг Усайн Болт “Ричард Брауныг халз уралдаанд дуудвал хүлээн авахад бэлэн байна” гэж саяхан мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *