Categories
мэдээ улс-төр

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2018.04.10) 09 цаг38 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааныг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир даргалж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр тогтлоо.

Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалындэд сайд Ц.Батбаяр танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. ЯлангуяаНийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болоод байгаа талаар дурдлаа.

Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан, Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, А.Сүхбат, Д.Мурат нарын гишүүд Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хууль хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс хэдэн төгрөг төвлөрүүлэх, ус болон байгалийн нөөц ашигласны төлбөрийг эргүүлэн нөхөн сэргээлтэд зарцуулахад салбарын яамны зүгээс барьж байгаа бодлогын талаар илүүтэй тодруулж байлаа.

Ажлын хэсгийнхэн, хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс нэг тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөг, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гаргасан. Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт, шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна. Түүнчлэн орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар тусгасан гэж хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбараас ус бохирдуулсны төлбөр авч, торгууль, шийтгэлийг нь чангалахыг дэмжиж байна. Харинуламжлалт мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн салбарт байгалийн нөөц ашигласны төлбөр тогтоох асуудалд болгоомжтой хандахыг анхааруулмаар байна” гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Ус болон байгалийн нөөц ашигласны төлбөр авч байгааг дэмжиж байна. Гэхдээ Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн энэхүү орлогоо эргээд зориулалтын дагуу ашиглахад салбарын яам цаашдаа анхаарч, ажиллах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан “Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ ус бохирдуулсны төлбөр, татварыг нь авсан бол хиймэл нуур байгуулах зэргээр усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах шаардлагатай” гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.

Ингээд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *