Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөх нь өндөр ёс суртахуун гэж өвгөд сургасан байх аа

Өршөөлийн тухай хууль ёсчлон батлагдах, гарын үсэг зурагдах процесс дээрээ явж байна. Өнөөдрөөс parliament.mn сайт дээр бүрэн эхээрээ тавигдах байх. Тэрийг нь уншсан хүмүүс илүү сайн ойлголттой болох байх. Одоогоор бол ч энэ хууль авлигачид, албан тушаалын хэрэгтнүүдэд зориулсан самуун явдал боллоо хэмээн улс төрийн зарим хүчин үзэж, коментууд тус хуулийг зүхсэн шинжтэй байна.

Өнөөдөр Монгол Улс түүхэндээ байгаагүй их буюу 8000 гаруй хоригдолтой болчихоод байгаа юм. Тэдгээрээс 3000 гаруй нь тус хуульд хамрагдах урьдчилсан дүн гарчээ. 3000 дотроо тус хуульд хамрагдах цагаан захтны тоо бүр тодорхой юм билээ. Албан тушаалын гэмт хэргээр шоронд ял эдэлж буй 35 хүний 25 нь хуульд хамрагдана. АТГ-ын мөрдөн байцаах хэлтэст одоогоор байцаагдан шалгагдаж буй албан тушаалын 55 хэргийн 45-т нь энэ хууль үйлчилнэ. Тэгэхээр 3000 гаруй хоригдлын 80 хүн нь албан тушаалын гэмт хэрэгт холбогдогсод байх нь. Эдгээр 80 цагаан захтны хэргийг илрүүлэхийн төлөө АТГ жилд 90 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулдаг байна. Эдгээр 80 хүний улсад учруулсан хохирол урьдчилсан дүнгээр 20 орчим тэрбум төгрөг гэсэн. 90 тэрбумыг зарцуулж барьсан хэдэн хүнийг нь хуулиар өршөөчихвөл АТГ яаж дуртай байхав дээ. Ингэхээр ийм том өртгөөр боссон хэргүүд хэрэгсэхгүй болохыг улс төрийн зарим хүчин эсэргүүцэх нь зөв ч юм шиг. Эдийн засгийн утгаараа бол 90 тэрбумыг зараад 20 тэрбумыг олох нь хаашаа байна. Гэхдээ энэ бол бизнесийн байгууллага биш учраас ингэж харж болохгүй байх л даа.

Өршөөлийн хуулийг урьдчилан хэлэлцсэн байнгын хорооны хаалттай хурлууд дээр АН, МАН, Шударга ёс эвслийн бүх гишүүд ярайтал сууж байгаад дэмжсэн юм байна лээ. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд сөрөг хүчин гурав дөрвөн хүнээ оруулж эсэргүүцүүлсэн байдаг. Байнгын хороон дээр л дэмжигдсэн бол Их хурал дээр явчихдаг нь тодорхой л доо. Тэгэхээр сөрөг хүчин иргэдийн нүднээс далд болохоор дэмжээд ил бол эсэргүүцээд байгаа нь уг хууль өөрөө улстөржихөд, пиар хийхэд боломжтой “гоё” үйл явц болчихоод байгаа хэрэг л дээ.

Ингэхэд Өршөөлийн тухай хууль хэнд үйлчлэх юм бэ? “Би хэрэг хийсэн нь үнэн” хэмээн гарын үсгээ зурсан хүнд л энэ хууль үйлчлэх ёстой биз дээ. Жишээ нь, албан тушаалын хэрэгт холбогдсон цөөнгүй хүмүүс хэргээ хүлээхгүй “Би хэлмэгдэж байна” гэж ярьдаг. Н.Энхбаяр ч ялгаагүй “Би өршөөгдөх биш цагаадах ёстой хүн” гэдэг. Эдгээр хүмүүс тэгээд өршөөлд хамрагдах уу. Энэ мэт тодорхойгүй асуудал дээр л хууль шүүмжлээд байгаа хүмүүс анхаарлаа хандуулмаар байна. Өршөөлийн хуулийн дүрэм журмыг боловсруулах комиссийнхон энэ мэт асуудлуудыг тодорхой болгож нийгэмд мэдээлмээр байна.

Цагаан захтнуудыг өршөөж, 80 хүний ялыг хэлтрүүлж байна гэсэн эсэргүүцэл ойрын үед хангалттай өрнөх нь бололтой. Тэгвэл цаана нь байгаа 3000 хоригдлын эрхийг ярих хүн байна уу. Алддаггүй аавын хүүхэд байдаггүй шүү дээ. Ард түмний тасархайнууд шүү дээ. Тэдний цаана бүтэн хоёр жил энэ хуулийг чих тавин хүлээсэн үр хүүхдүүд нь, эмэгтэйчүүд, өндөр настай өвөө эмээ, аав ээж нь байгаа. Монгол хүнийг хэдэн мянгаар нь шоронд хориод байх хүсэл монгол хүнд лав байхгүй байх. Өршөөлийн хуулийг өвөл гаргаж болдоггүй. Орон байргүй хүмүүс нь хөлдөнө. Монгол Улсад олныг хамруулсан бүтээн байгуулалтын ажлууд зун явагддаг болохоор тэдэнд ажил олдох цаг үе нь зун цаг юм. Нэг үеэ бодвол манай ТББ-ууд сайн ажилладаг болж. Өршөөлийн хууль батлагдсаны маргааш нь МЗХ-ноос суллагдсан иргэдэд зориулсан Хөдөлмөрийн бирж ажиллуулж эхлэхээ мэдэгдлээ. Энэ бол тэднийг нийгэмшүүлэх том ажил учраас төрөөс энэ ажлыг дэмжих ёстой. Нэгэнт батлагдсан Өршөөлийн хуулийг одоо шүүмжилж байхаар дараагийн энэ мэт алхмуудыг бодож, ажил өрнүүлмээр байна. Өршөөлд хамрагдах 3000 гаруй хүний харьцангуй цөөнх болох албан тушаалын хэдэн хэрэгтэнд нийгмийн анхаарлыг хандуулж тус хуулийг тэр чигээр нь муухай харагдуулмааргүй байна.

Монголын нийгмийн сэтгэл зүй өнөөдөр нэгнээ үзэн ядахын, шүүмжлэхийн дон тусчээ. Ийм цаг үед бүгдээрээ бие биенээ өршөөж уучлах тийм нигүүлсэнгүй давалгааг нийгэмд бий болгомоор байна. Ялангуяа улс төр, бизнесийн хүрээнд биесээ мэрсэн, нэгнийхээ мууг үзэх гэсэн, өс санасан байдал хэрээс хэтэрлээ. Шоронд орсон, АТГ-т байцаагдаж буй албан тушаалтан нэг бүрийн ард дор хаяж 50 хүн сэтгэл санааны хүнд дарамтад орж байна. Тэд бүгдээрээ хэн нэгэн буруутанг олж “Чамайг даа” гэсэн заналтай байх болсон. Энэ нь хүрээгээ хоног хоногоор тэлж байгаа нь бүр аймшигтай. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монголын нийгэм юунд хүрэх вэ. Хэдэн арван жил үргэлжилсэн, үе удам дамжсан, үр хүүхдүүдэд нь өвлөгдсөн өс хонзонгийн сэдэл бий болох нь байна шүү дээ. Ийм цаг үед энэхүү Өршөөлийн хууль батлагдсан нь сайн хэрэг гэж хүлээж авахаас өөр яах билээ. Өршөөж өсөө авах нь хүний хамгийн том ёс суртахуун гэж өвгөдийн үеэс захиж сургаж ирсэн байдаг биз дээ.

АН олон жил зүтгэсний эцэст сая нэг засаглалд олонх болсон. Олонх болж аваад л дараа нь бие биенээ хэмлэсний үр дүн нь өнөөдөр эрэмдэг Засгийн газартай, муугаа дуудуулаад сууж байна. Одоо энэ их зодооноо зогсоож, бие биедээ хүлээцтэй хандаж, улс орноо түвшин сайхан засаглаж цааш явахад энэхүү Өршөөлийн хууль том нэмэр болно хэмээн найдаж байна. Хөгжсөн орны түүх ямар байдаг гэхээр хөрөнгөтнүүд нь эхний саяа хулгайлж олсон байдаг. Олсноо харин зөв зам мөрөөр арвижуулж, нийгэмд баялаг болгож, олон хүний амь амьдралын суурь бааз болгосноор улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр нь болдог. Хүн төрөлхтөний түүх ийм л юм. Монголын төрийн, бизнесийн орчинд хууль бус хөрөнгө шамшигдуулалт байсан бол хүн төрөлхтөний ийм л түүхийн шат дамжлагаар дайраад гарчээ гэж үзье. Тэгээд бүгдээрээ бие биенээ өршөөе, уучилъя, хэн хэндээ хар буруу санах юмгүй болъё. Алдаагаа дахиж давтахгүйгээр цааш явъя. Хүн төрөлхтөний туулаад ирсэн энэ үнэнтэй эвлэрэхээс өөр арга зам монголчууд бидэнд одоо алга. Үүнийг АН нь ч, МАН нь ч цаанаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс дотор бүгдийнх нь найз нөхөд, хамаатан садан, хамтрагсад нь байгаа. Болж дээ, тэр муу хэн маань ашгүй нэг өршөөгдөх нь гэсэн үг ойрын өдрүүдэд МАН, АН-гүй, манайх танайх гэхгүй бүх л хүмүүс, улс төрчид, том жижиг дарга нарын амнаас сонсогдож байна. Өршөөлийн хууль бол хүмүүсийн хүсэн хүлээж байсан хууль мөн юм байна. Мэдээллийн сувгуудаар гарч буй эсэргүүцсэн мэдээллүүд бол зүгээр л улстөржилт юм билээ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *