Categories
мэдээ нийгэм

​Ургацын 40 хувийг алдах төлөвтэй

Ургацын далай зурган илэрцүүдЕрөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцлаа.

Энэ зун хур бороо багатай, нийт нутгаар маш гандуу, говийн аймгуудын нутгаар маш их гантай байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга ярианыхаа эхэнд дурдаад хадлан, ургац алдах, гурилын үнэ өсөх, зуд болох зэрэг эрсдэл үүсэх төлөвтэй байгаа тул асуудал үүссэн хойно бус, үүсэхээс өмнө урьдчилан харж, төлөвлөж ажлаа хийх хэрэгтэй гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн танилцуулснаар нийт нутгийн 60 хувь гандуу, 24 хувь нь гантай байгаа бөгөөд ургацын 40 хувийг алдах төлөв үүсчээ. Ургац, хадлан бэлтгэх, мал өвөлжүүлэх, мах бэлтгэх, экспортлох чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгуулиар өмнөх хүн, нам нь солигдсон ч хүнс, хөдөө аж ахуйн бодлого үргэлжилж байх ёстой. Монгол хүн, монгол мал солигдохгүй” гээд Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа “Шинэ сум” төсөл, ХАА-н бирж зэрэг ажлуудыг санаачлан хийж байсныг онцоллоо. Мөн Чингис бондын мөнгөнөөс мах, ногооны зоорь, хүлэмжийн аж ахуй зэрэгт зарцуулж байсан. Ингэж тариаланчдыг дэмжих ёстой. Газар тариаланг байгаль, цаг уурын нөхцөлөөс үл шалтгаалан усжуулах бүрэн боломжтой. Малын вакцинжуулалт, Сонгинын Биокомбинатын үйл ажиллагаа, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангах зэрэг асуудалд анхаарах ёстой санууллаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *