Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржоос эхлээд Бэгзийн Явуухулан, Ренчиний Чойном, Очирбатын Дашбалбар нарын бүтээлийг шинжилсэн “Харанхуй хад”-аас үүдсэн “Шизоанализын таталбар”, “Б.Лхагвасүрэнгийн садизм”, “С.Эрдэнийн анима”, “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих донтон”, хамгийн сүүлд “Эрэгтэй Шүүдэрцэцэг” гэсэн этгээд хийгээд зоримог гарчигтай уран зохиолын шүүмжүүд нэг хэсэг уншигчдын дунд эрэлттэй байв. Одоо ч сонирхож уншаад “Солиотой нөхөр байна” гэх хэсэг байхад “Ийм л бүтээлийг шүүмж гэнэ”, “Өнөөгийн уран зохиолд салхи орууллаа” гэсэн байр суурь дийлэнх байна. Уншигч, олон нийтээс шүүмжлэл, магтаалыг хослуулан сонссон эдгээр бүтээлийн эзэн, хэл бичгийн ухааны доктор, уран зохиолын судлаач, шүүмжлэгч Гончигийн Батсуурийнд өнжсөн тэмдэглэлээ хүүрнэе.
Зочны заасан хаягаар гэрт нь хүрч очиход эхнэр Ц.Тамир хаалга нээж мэнд мэдэв. Доктор Г.Батсуурь хоймрын буйданд тухалсан, бас хоёр хөгшин гал тогооны ширээнээс өндийж угтав. Сонины сурвалжлагч нар ирэх сургаар эхнэр Ц.Тамирын аав, ээж Б.Цэвээннамжил, Н.Нямсүрэн нар сонирхон иржээ. Хоёр бүсгүй гал тогооны өрөөнд цай цүй болж байна. Тэдний нэг нь том охин Б.Амаржаргал, нөгөө нь эхнэрийн бага дүү гэнэ.
“Сургууль амрах дөхөөд оюутнуудын дүн гаргах ажил ундарсан өдрүүд байна” гэсээр бидний яриа уран бүтээлийн сэдвээр эхлэв.
Г.Батсуурь судлаач МУБИС-д оюутны хөгжлийн албаны даргын ажилтай бол эхнэр Ц.Тамир нь тус сургуулийн багш. Хамгийн сүүлд “Эрэгтэй Шүүдэрцэцэг” гэсэн шүүмж бичиж, нэлээд хэл ам дагуулсан гэж байна. Хүүхдийн зохиолч Э.Амарзаяагийн бүтээлд тэрээр шүүмж бичжээ. “Хүүхдүүдэд хамаагүй юм уншуулж болохгүй. Наад зах нь хэл, найруулгын шаардлага хангах ёстой. Тэр шалгууруудад нийцэхгүй байна гэдэг талаас нь шүүмж бичсэн. Хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Мэргэжлийн хүрээнд таашаалтай байхад нийт дундаа хамаагүй юм бичлээ гэж байх жишээтэй” хэмээв. Үүний хажуугаар “Уран зохиолын аналитик шинжилгээ” өгүүлэл ч түүний сүүлд бичсэн эрдэм шинжилгээний бүтээл болжээ. “Ер нь өнөөдөр уран зохиолын шүүмж гэхээс шинжлэл гэдэг зүйлийг бичих нь чухал болсон. Тухайлбал, “Тунгалаг тамир” романы гол дүр Итгэлт баян гэж үздэг байсан бол өнөөдөр уншигч төвтэй болсон учраас Ч.Лодойдамба зохиолч өөрөө гол дүр байх ёстой. Дотор байгаа юмаа олон дүрд хувааж, дүрсэлж байгаа гэсэн утгатай. Одоогийн уншигчид уран зохиолын идэвхгүй уншигч биш идэвхтэй хэрэглэгч, гүйцээж боддог болсон гэсэн утгатай өгүүлэл бичээд байна” хэмээсэн нь сонирхол татав.
Монголын шүүмж судлалд томоохон байр суурь эзэлдэг гавьяат багш, судлаач Д.Галбаатар “Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш шүүмжлэгчдийн бүтээлийг нийтлэх зүрх зоригтой сонин сэтгүүл ховордож, бас тэдний хөдөлмөрийг үнэлэх хөшүүрэг байхгүй тул аж төрөхийн тулд шинжлэх ухааны судалгааны чиглэл рүү орцгоосон. Харин уран сайхны шүүмжлэлийн буурин дээр хэсэг залуус гарч ирсэн. Сүүлийн үед П.Батхуяг, Г.Батсуурь, М.Чойдогжамц зэрэг авьяаслаг шүүмжлэгчид “шижигнүүлж” байна” хэмээн нэгэнтээ ярьсан нь манай энэ удаагийн зочны зангарагийг илтгэнэ. Үнэхээр ч шижигнүүлсэн бүтээлүүд туурвисныг уншигчид андахгүй болсон биз ээ.
Халуун ам бүлээрээ
Г.Батсуурь доктор шүүмж судлалыг сонирхох болсон нь оюутан үеэс улбаатай гэнэ. Боловсролын их сургуулийн Утга зохиолын тэнхимийн эрхлэгч Соргодогийн Энхбаяр багшийн хичээл дээр “Ирэх урсгал” номыг нь уншаад “Жинхэнэ уран зохиол гэж үүнийг л хэлдэг юм байна” гэж нүд нь нээгдсэн тухай өгүүлсэн. Тэр үе бол 1996 он байж. Энэ үеэс л зохиол бүтээлийг өөр талаас харж судалж, шинжилдэг болжээ. Гэхдээ шүүмж бичээгүй уншсаар л байж. Харин 2010 онд МУИС-д докторантурт элсэж, тэр үед ардын багш, уран зохиолын судлаач шүүмжлэгч Д.Галбаатар багшийн шавь болсон юмсанж.
Зочны ярианд байсхийгээд л Д.Галбаатар багшийн нэр дурдагдана. Шүүмж бичих замыг чиглүүлж, ташуурдаж өгсөн хүн нь яах аргагүй энэ эрхэм багш гэдгийг ам бардам хэлнэ лээ. “Д.Галбаатар багш учиргүй ингэ, тэг гэж заахгүй ч зөв чиглүүлж, хүнийг зүтгэлээр нь явуулдаг. Эхлээд би яахав, доктор хамгаалахаар сурч байгаа хүн чинь юм бичих ёстой гээд 2011 оны үеэс бичиж эхэлсэн. Сүүлдээ багш нар ч зөвлөөд 2013, 2014 оны үед нэлээд шуурхай бичсэн. Их л шуугиан, дуулиан болсон” гэв. Шуугиан дуулиан болсон гэдэг нь нөгөө алдарт зохиолчдын бүтээлд шүүмж бичсэнийг хэлж байгаа нь гарцаагүй. “Харанхуй хад”-аас үүдсэн “Шизоанализын таталбар”, “Б.Лхагвасүрэнгийн садизм”, “С.Эрдэнийн анима”, “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих донтон” бүтээл нь шүүмж судлалд тэсрэлт болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Энэ тухай зочин маань “Хуучин үеийн шүүмжлэл, судлал харьцангуй өнгөн, хэлбэр талаас нь бичдэг байжээ. Одоо бол дэлхий нийтийн хандлагыг дагаад зохиолчийн сэтгэл зүй рүү их орох болсон. Задлах, шинжлэх гэдэг утгаар өөрийнхөөрөө таамаг дэвшүүлж, Б.Лхагвасүрэн гэж мундаг яруу найрагч байна гэдгийг тайлбарлаж байгаа нь тэр. Тэр бол хувь хүн талаас нь бус, уран бүтэээл талаас нь тайлбарлаж байгаа хэрэг.Үүнд багш нарын үүрэг нөлөө их байсан. Багшилна гэдэг, ялангуяа уран зохиол, монгол хэлний хүүхдүүдэд хичээл заахад оюутнууд маш их асуудаг. “Ямар ном унших вэ багшаа” гэж. Тиймээс бид мэргэжлийн багш нарын хувьд чиг баримжаа өгөх үүрэг хүлээж байгаа юм л даа. Тэр утгаараа хүүхдүүдэд чиглүүлэх зорилгоор шүүмж бичдэг. Нэг зохиолчийг шүүмжиллээ гэхэд учиргүй гэнэт өөрчлөгдөөд мундаг сайн болдоггүй. Эхлэн бичигч залуус тэр шиг бичээд шүүмжлүүлэхгүй юмсан гэж дүгнэж, цэгнэж боддог. Түүнийгээ ч маш их хэлдэг. Тэд нарт баримжаа олгох чухал. Түүнээс гадна уншигчдад бас баримжаа хэрэгтэй байна. Нэг үеийг бодвол хүмүүс ном сонирхдог болж, номын дэлгүүр ч олон боллоо. Ямар ном авах вэ, унших вэ гэж бодож байна. Ямар ном сонгох нь хүний эрхийн асуудал ч мэргэжлийн хүмүүс байгаагийн хувьд баримжаа болох ёстой. Уран зохиол судлаач, шүүмжлэгчид өөрийнхөө бодлыг биш, зохиолчдыг биш, уншигч талыг барьж явах нь зөв юм болов уу. Түүнээс биш шүүмж бичлээ гээд мөнгө төгрөг олно гэж байхгүй” гэж байна.
Нийгэмд дуулиан, шуугиан болсон бас нэг бүтээлийнх нь тухай асуухгүй өнгөрч болохгүй. Эмэгтэй зохиолчдод хатуу хандлаа, шүүмжиллээ гэсэн байр суурь саяхандаа олон нийтийн сүлжээгээр хүчтэй өрнөсөн. Үүнийг судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь доктороос лавшруулж асуувал “Цэвэр уран зохиолын тухай л бичсэн. Надад эмэгтэй юм чинь муу, эрэгтэй юм чинь сайн гэсэн бодол огт байхгүй. Мэдээж хэрэг эмэгтэй хүнийг хүндэтгэх нь соёлт нийгмийн тогтсон жишиг. Гэхдээ үүнийг мэргэжлийн хүрээнийхэн ойлгосон” гэх зуур эхнэр Ц.Тамир бидний ширээнд тухалж эмэгтэйчүүдийн “асуудлыг” үргэлжлүүлэв. Тэрээр “Манайхан жендерийг буруу ойлгоод байна. Чөлөөт бөх бол адилхан эмэгтэй, эрэгтэй хоёр хүн барилдаж болдог. Гэтэл эмэгтэй зохиолчид, яруу найрагчдын хувьд шүүмж бичингүүт “Эмэгтэй хүн чинь сул байх ёстой, гэтэл шүүмжилчихлээ” гэдэг хандлага буруу. Үүнээс болж над руу ч дайрч байсан. Г.Батсуурь эмэгтэй хүнийг хүндэлдэггүй. Эхнэртээ ч тийм байх” гэсэн утгатай. Харин ч эсрэгээрээ манай хүн эмэгтэй хүнийг маш их хүндэлдэг” хэмээн бидний яриаг хачирлав.
Том охин өвөөтэйгээ
Өнжиж байгаа айлын эзэн зөвхөн уран зохиолын шүүмжийг бичээд зогсохгүй яруу найргийн “Болор цом” наадмыг ч хэд, хэдэн удаа ширүүхэн шүүмжилж байсан удаатай. Харин өнгөрсөн жилийн наадамд тэрээр өөрөө шүүгчээр оролцсон билээ. Гаднаас нь шүүмж бичих, дотор ороод шүүх хоёрт зааг ялгаа хэр байв гэхэд “Уран зохиол муугаар хэлэхэд миний хоолоо олж идэж байгаа, сайнаар ярихад миний итгэл үнэмшил болсон зүйл. Шүүмжилж хөндлөнгөөс нь суух биш үйл ажиллагаанд нь ороод үзье гэж бодсон. Хариуцлагатайгаар хэлэхэд хэн нэгэн шүүгч үүнийг нэмчих, хасчих гэсэн зүйл огт яригдаагүй. Бид ч хоорондоо ярьсан. “Шүлгээ харъя. Хүн нь яах вэ, ямар ч хүн орж болно” гэж. Дор бүрнээ оноогоо өгөөд нэгтгэсэн. Яруу найрагч Б.Баттулга түрүүлсэн. Сүүлд нь харахад олны ам бол овоо гайгүй нааштай байгаа юм уу, “Болор цом”-ын нэр хүнд овоо сэргэв үү гэж баяртай байгаа” хэмээсэн.
Тэрээр уран бүтээлийнх нь зүг чигийг заагч алтан гадас болсон хүмүүсээр Чойжилжавын Билэгсайхан, Дашлхүмбийн Галбаатар, Соргодогийн Энхбаяр, Сэндэнжавын Дулам нарыг нэрлэнэ лээ. Д.Галбаатар багшийгаа “1990-ээд оныхны нөмөр нөөлөг болсон хүн. 90-ээд оныхныг хэн нь ч билээ нэг нь, “Галбаатарын тэжээсэн муу гөлөгнүүд” гэсэн гэдэг. Тэр үед модернизм гарч ирээд хүмүүс эсэргүүцээд бөөн юм болоход өмгөөлж, онолын хувьд дуугарсан ганц хүн чинь Д.Галбаатар багш шүү дээ. Тэр хүний өмгөөллөөр 90-ээд оныхон зориг орж байсан” гэсэн бол “”Хуланд бичсэн захидал”, “Онол бор саарал байдаг бол амьдралын мод мөнх ногоон байдаг”, “Утга зохиол дахь Баасан авгай нар болон бидний үнэт зүйлс” зэрэг энэ бүтээлүүд бидэнд чиг баримжаа болсон” хэмээн С.Энхбаяр багшийгаа дурссан. Тэрээр бас “Шүүмж судлал хөгжиж байна, гэхдээ хүмүүсийн анхаарлыг татахын тулд гарчигнаасаа эхлээд сонин содон, хүн анхаарч уншихаар үг сонгохоос аргагүй болж байна” гэсэн юм.
Аливаа нийгэмд шинэ сонин зүйлс хэл ам дагуулдаг нь жам аж. Уран зохиол дахь шүүмж судлалд өнөө цагт салхи оруулсан хүн гэвэл яах аргагүй доктор Г.Батсуурийг нэрлэнэ. Харин түүнийг нийгэм янз бүрээр хүлээн авч байна. Хувь хүн рүү, эсвэл гэр бүл рүү нь элдэв доромж үг чулуудах нь энүүхэнд гэнэ. Бүр нэг зохиолчийн хүү утсаар элдэв үгээр дарамталсан удаа ч бий аж. Уран зохиол шүүмжлэлд “гал өрдөж” яваадаа ганцаарддаг болов уу гэсэн асуултад “Манайхан их сонин. Чиний тэр шавь чинь намайг тэглээ гэсэн маягаар багш нар руу хандах нь их. Бүтээлээсээ болж шүүхэд дуудагдсан. Их л түвэгтэй юм билээ. Ядаж л ажил хийлгэхгүй, ир гэж дууддаг. Тэгэхэд жаахан эвгүй мэдрэмж төрж л байсан. Тэгээд шалавхан уучлалт гуйгаад больё гэж бодсон. Түүнээс биш бусад нь яах вэ. Би ч өөрөө ширүүхэн биччихдэг хүн. Тиймээс өөрөө ширүүн үгэнд эмзэглээд ч яах вэ. Ямар үр тарина, түүнийгээ хураана гэдэг биз дээ. Хүмүүс намайг шүүмжлээд өгөөч гээд шүүмжлэхээр дуртай байдаггүй л юм. Магтуулахыг л хүсдэг. Хүний мөн чанар юм даа” хэмээн даруухан хийгээд эмзэглэх зүйлгүй өгүүлнэ лээ. Тиймээс цаашдаа шүүмжээ бичсээр л байх ажээ.
Г.Батсуурь доктор хүүхэд байхаас уран зохиолын номд шимтжээ. Сургуульд ороогүй жаалхүүд ээж нь Эртний Грекийн домогт баатар Гераклын тухай өгүүлсэн “Геракл баатар” номыг өгсөн нь бичиг сурч эхлээд хамгийн анх уншсан ном нь тэр болжээ. Одоогийн хүүхдүүд багшаасаа нууж цахим сүлжээ ухдаг шиг 70-аад оны хүүхдүүд математик, физик зэрэг өөр хичээл дээр багшаасаа нуугаад л уран зохиолын ном дамжуулж уншдаг байж. Үнэхээр тэр үе буюу 70-аад оны эхнээс 80-аад оны дунд хүртэл монголчуудын уншилтын алтан үе гэж судлаачид хэлдэг билээ.
Бидний ийн ярих зуур гэрийн эзэгтэй Ц.Тамир хуучны нэгэн ном барьсаар нөгөө өрөөнөөс гарч ирэв. “Аав, ээж маань намайг доктор хамгаалахад номын сангаа энэ номтой өгсөн” хэмээн хавтас нь хуучирсан бор шар ном сарвайв. Тэр нь Италийн сэргэн мандалтын үеийн алдарт зохиолч Жонн Боккаччогийн “Декамирон хэмээх бичиг” номыг 1930-аад оны үед худан монгол бичгээр орчуулсан хувилбар ажээ. Эдний номын санд байгаа хамгийн эртний ховор зохиол гэнэ. Монгол Улс дэлхийн сонгодог зохиолуудаас орчуулж эхэлсний илрэл, анхны бүтээлүүдийн нэг гэж байна. Их соён гэгээрүүлэгч, Гэгээрлийн сайд асан Жамсрангийн Цэвээн орчуулсан юмсанж.
Г.Батсуурийнх Архангайн уугуул хүмүүс аж. Өөрийн аав, ээж, хадам талынхан бүгд арын сайхан хангайд үе, удмаараа амьдарч иржээ. Эднийх ном зохиол, боловсролд элэгтэй гэдэг нь гэрийн эзэн, эзэгтэйн ярианаас тодхон ойлгогдоно. Хоёул багшийн мэргэжилтэй, докторууд. Хоёр талын аав, ээжүүд багш, эмч, эдийн засагч хүмүүс юм байна.
Г.Батсуурь, Ц.Тамир хоёул ажлын гараагаа Архангайн Багшийн сургуулиас эхэлжээ. 1998 оноос хойш 13 жил тэндээ ажилласны эцэст нийслэлд суурьшиж, МУБИС-д ажиллах болсон байна. Доктор Г.Батсуурь 2016 онд хэл, бичгийн ухааны доктор хамгаалсан бол 2018 онд эхнэр Ц.Тамир нь боловсрол судлалын докторын зэргийг хамгаалжээ.
Дунд хүү эмээтэйгээ
Ц.Тамираа бүсгүй спортын салбартаа нутагтаа нэртэй нэгэн байж. Сагс, гар бөмбөг, хөнгөн атлетикт гайгүй сайн амжилт гаргажээ. Өсвөр насандаа бөөрөнцөг шидэлтээр 11 удаа улсын аварга болж, 1991 онд идэрчүүдийн рекордыг тогтоожээ. Түүнээс хойш Ц.Тамирын амжилтыг эвдсэн хүн байдаггүй аж. Тэрээр боловсрол судлалын доктор, хөнгөн атлетикийн спортын мастер цолтой. Олон шавьтай ч даруухан нь дэндсэн бүсгүй юм. Шавь нар нь нутагтаа өөрийнх нь нэрэмжит тэмцээн зохион байгуулъя гэхэд “Би ямар нэртэй хүн биш дээ” хэмээн цааргалжээ. Улс тивд нэрээ дуурсгасан тамирчид төрүүлээгүй ч нийтийн биеийн тамирт багагүй хувь нэмэр оруулсан нь аймаг бүрт өөрийнх шавь нар байдгаас бэлхэнээ харагдана. Гар бөмбөгийн баг гэхэд аймаг бүрт 2-3 баг өлхөн гардаг гэнэ.
Гэрийн эзэгтэй ийнхүү спортод элэгтэй, амжилттай явсан нь удмынх ажээ. Ц.Тамирын аав Б.Цэвээннамжил гуайн удамд нутаг усандаа нэртэй бяр чадалтай бөх, дүүгүүрддэг хөгшид байсан юмсанж. Ээж Н.Нямсүрэн ч залуудаа даага сургаж, морь уядаг эршүүд хүүхэд байснаа дурссан юм.
Г.Батсуурь судлаачийн доктор хамгаалсан сэдэв нь Цэндийн Дамдинсүрэн гуайн уран бүтээл дэх аман зохиол, эртний уран зохиолын уламжлал шинэчлэлийн тухай аж. Харин эхнэр Ц.Тамирын судалгааны бүтээл “Бага ангийн сурагчдын биеийн бүрдлийн судалгаа” сэдэвтэй. Энэ тухай Ц.Тамир багш “Эцэг эхчүүд хүүхдийнхээ оюун ухааны хөгжил рүү хэт анхаарч биеийн хөгжлийн орхисноор хүүхдүүд тасалгааны сунасан цэцэг шиг болчихсон. Тиймээс судалгааныхаа дүнд хүүхэд ямар цагт, ямар хөдөлгөөн хийх ёстойг харуулсан зөвлөмж боловсруулсан. Батсуурийн шүүмж шиг дэлгэрүүлж чадахгүй л байна” хэмээн инээв. Тэрээр спортын салбараар доктор хамгаалсан 14 дэх хүн болжээ. Өөрийг нь ийнхүү спортын хүн болоход үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсээр Тогтохбаатар, Туяа, Гансүх, Гаамаа, Оюунцэцэг багш нарыг дурсана лээ. Доктор хамгаалахад зөвлөж тусалсан Мөнхжаргал багшийг ч тэрээр бас дурдсан.
Салбартаа нэртэй бол нэртэй, төртэй бол төртэй яваа тэд тэс өөр хоёр салбарынхан ч гэлээ нэгнийхээ ажил мэргэжлийн талаар их сайн мэддэг юм байна. Эхнэр нь сагс, гар бөмбөгийн тухай ярихад Г.Батсуурь доктор санаа нэмж, утга зохиолын тухайд ч Ц.Тамир бүсгүй ч дуугүй суусангүй.
Бага хүү ээжтэйгээ
Эднийх нэг охин, хоёр хүүтэй. Амаржаргал, Чулуудай, Шагаадай нар өрөө болгондоо бичил номын сантай гэж байна. Тэднийг аав ээж нь тийм мэргэжилтэй бол гэж тулгадаггүй. Өөрсдийнхөө сонирхлоор яваг гэдэг. Гагцхүү зөв төлөвшилтэй хүмүүс болох ёстой гэсэн философи энэ гэр бүлд тогтжээ. Бас шинэ зууны цахимжсан нийгэмд хүүхдүүддээ монгол ухааныг нь өвлүүлэхийн тулд уртын дуу, филограф бичиг хүртэл зааж сургасан гэнэ. Үүнийгээ гэрийн эзэн “Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг. Гурван лаа ч гэсэн багадахгүй болов уу” хэмээв.
Доктор Г.Батсуурь аав ээжээсээ дөрвүүлээ юм байна. Нэг эгчтэй, хоёр дүүтэй. Аав Дамбын Гончиг нь гурван хүүтэй айлын бага хүү. Хөдөөний малчин айлаас сургууль соёлын мөр хөөж 1967 онд УБИС-ийг төгсөн Архангай нутагтаа Багшийн сургуульд зураг хөдөлмөр заах аргазүйн багшаар насаараа нэр төртэй ажиллажээ. “Гончиг багшийн шавь нар гэхээр баруун аймгийнхан тэр чигээрээ байдаг” хэмээн хүү нь бахархан ярина. Аавын талд Араг Соном гэж алдартай хүн байсан гэнэ. Араг үүрчихсэн юм шиг нуруутай байснаас нутагтаа ийн нэрлэгджээ. Аавынх нь том ах нь аймгийн заан Далайхүү гэж нэртэй том аймагтаа бөх хүн бий аж. Харин ээж Дэмидийн Пунаа Архангайн эмнэлэгт статистикч эмчээр олон жил ажиллажээ.
Г.Батсуурь багш сэхээтэн айлын хүүхэд ч гэлээ пионерын зусланд нэг ч удаа амарч үзээгүй, сургууль амрангуут эмээ рүүгээ явж мал малладаг байж.
Бидний яриа олон сэдвээр өрнөж нийгмийн сэтгэл зүй, боловсролын салбарын алдаа оноог ч хэлэлцсэн юм. Нар аль хэдийнэ хэвийж, энэ зуур Ц.Тамир бүсгүйн аав, ээж хоёр хөгшин бага охиныхоо гэр рүү явахаар яаравчиллаа. Бид ч тэднийхээс хөдлөх цаг болжээ.
Г.Батсуурийнх гэдэг мэдлэг боловсролд шүтсэн, эгэл даруухан монгол гэр бүлийн нэг ажээ. Түүний номын санд олон, олон зохиолын шүүмж ирэх өдрүүдэд төрж энэ салбарын “галыг өрдсөөр” байх нь гарцаагүй. Гагцхүү түүний бүтээлийг эрүүлээр ойлгож, хүлээн авч улам бадраах уншигч, зохиолчид нэмэгдсээр байх болтугай.
Б.ЭНХЗАЯА
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН