ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………
Монголын театр, киноны супер од ардын жүжигчин Дэндэвийн Чимид-Осор гуай зүрх сэтгэл, оюун ухаан, авьяас билиг бүхий л амьдралаа тайз дэлгэцийн урлагт зориулсан бол хүсэл сонирхлоо утга зохиолд зориулж явжээ. Тэрбээр утга зохиолд хувьхан цаанаа “нууцхан дурлаж” амьдарсан нь нэн сонин. Нэрт жүжигчний амьдралын энэхэн хэсэг сониноос өгүүлье. “Малчин бүсгүй” гээд жараад оны хит дуу бий. Энэ дуу нэгэн үе ардын дуу хэмээн эндүүрэгддэг байсан гэдэг. Учир нь жараад оны эхээр Румыний нэг дуучин Монголд ирж тоглолт хийхэд урлаг судлаач Ж.Бадраа гуай түүнд энэ дууг дуулахыг зөвлөжээ.
Гадаадын дуучин ийнхүү “Малчин бүсгүй”-г дуулснаас хойш нэг хэсэгтээ ардын дуу гэж андуурах болсон гэнэ. Гэвч хожмоо зохиогчийнхоо нэрээр овоглогдох болжээ. Хөгжмийнхөө хэлээр гармони гэдэг дээ, уянгалах донж маягаараа маш тансаг аялгуутай энэ дууны шүлгийг Чимид-Осор гуай 1942 онд бичиж хөгжмийн зохиолч Ч.Доёддорж аялгуу хийсэн байна. “Малчин бүсг үй”-г гавьяат жүжигчин С.Цэрэндолгор дуулж олноо түгээн хит болгосон байна. Монголын хөгжим бүхэлдээ мэргэжлийн чиг хандлагаараа цойлон товойсон жараад онд зохиолын дууг ч нэн өндөр хэмжээнд хийдэг байсан тул тэр үеийн бараг ихэнх дуу өнөө хэр хит хэвээр байгаа билээ. Тийм ч учраас “жар, далаад оны дуу” хэмээн нэршсэн бүтэн нэгэн ай сав бий болоо биз ээ. Тэр дуунуудын нэг бол Ч.Доёддорж, Д.Чимид-Осор нарын энэ дуу билээ. Жарны турш үл бүдгэрэн дуулагдсаар ирсэн энэ дууг нэрт жүжигчин маань залуу халуун насандаа ардын жүжигчин Л.Цогзолмаад зориулан бичжээ. Хуучин цагт уран бүтээлчид ганц дуу, шүлэг зохиосон ч түүнээ дарга нараар батлуулж байж нийтийн хүртээл болгодог байсан тул Чимид-Осор гуай энэ шүлгээ “батлуулж” чадааг үй гэдэг.
Тухайн үед Зохиолчдын хорооны орлогч дарга байсан Д.Сэнгээ гуай “Янаг амрагаас илүүтэй цэрэг эх орны сэдэвтэй дуу, шүлэг хэрэгтэй байна” гээд баталж өгөөгүй юм байх. Тэгэхээр нь “Малчин охин хэмээх үзэгдэл” нэртэй нэг үзэгдэлт жү- жигчилсэн үзүүлбэр бичээд тэрнийхээ дотор энэ шүлгээ оруулж байж сая батлуулсан гэдэг. Зуны найртай өглөө Зуслан дэнжийн зүлгэн дээр Ус авахаар очиход минь Уулзаж сууснаа санана уу Эхний яриа яасан бэ Үүрд намайгаа мартаа юу …Буурал Богдын оргилд Борооны будан татах шиг Хайрын зөөлөн нүдээрээ Харилцаж сууснаа санана уу Эхний яриа яасан бэ? Үүрд намайгаа мартаа юу Ихэс нуурын ус нь Эргээ бялхан цалгих шиг Хөөрхий янагийн зүрх чинь Хүний болохоор цохилно уу хэмээх энэ хөнгөхөөн гунигтай бадгуудыг бичиж байхдаа Чимид-Осор гуай гучин настай байжээ. Харин нэрт жүжигчнийг 1988 оны нэгдүгээр сард тэнгэрийн орноо зорихоос нь хэдхэн хоногийн өмнө Цогзолмаа гуай эргэж очжээ. Тэрбээр өрөөнд нь удтал байгаад гарч ирэхдээ уйлчихсан гарч ирсэн гэж нэрт жүжигчний хүү Ч.Болд нь аавынхаа тухай дурсамжид тэмдэглэсэн байна лээ. Энэ дурсамжид “Идэр залуу насандаа Монголын театрын алтан тайзнаа цог хийморио гайхуулж явсан энэ хоёр хүний нэг нь хорвоотой салах ёс гүйцэтгэж байх тэр үед тэдний чухам юу ярилцсаныг бурхан л мэдэх байх” гэсэн байдаг. Уран бүтээл төрөх хийгээд хүний амьдралын олон сайхан учрал тохиолын гялсхийх хором бүхэнд хичнээн их утга учир, амьдралын баялаг намтар түүх багтаж байдгийн томруун жишээ энэ аж.
Ардын жүжигчин-уран зохиолч маань амьдралдаа ийн “Бутан дор хаягдсан ботгын өгүүлэл”, “Өнчин янзага”, “Фронтын нөхдөд” тэргүүтэн 20-иод шүлэг, дуу, мөн хоёр киноны зохиол, хоёр жүжгийн зохиол бичсэн байх юм. 1942 онд зохиолч Х.Пэрлээ, ардын жүжигчин Д.Ичинхорлоо нартай хамтран “Хатанбаатар Магсаржав” жүжгийн зохиолоо бичиж тайзнаа найруулан тавьсан бол 1984 онд “Мөнхийн гавьяа” жүжгийн зохиол бичиж найруулагч Ч.Гомботой хамтран Архангай аймгийн Соёлын ордны тайзнаа найруулан тавьсан байна. Харин энэ их хүний өөрөө зохиолыг нь бичиж найруулсан “Тамирын охин” киног нь үзэгчид андахгүй.
Хамгийн сүүлд тэрбээр амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд “Оросын гарам” нэртэй кино зохиол бичиж дуусгасан юм билээ. Чимид-Осор гуайн Монгол Улсын гавьяат жүжигчин, ардын жүжигчин гэсэн цол хэргэмийн хажууд уран зохиолч гэсэн бас нэгэн цол бий. Тэрбээр 1936 онд уг цолыг хүртсэн гэдэг. хүртсэн гэдэг. 1936 онд Уран зохиол, яруу найруулгын анхдугаар уралдаан гэж болжээ. Тэр уралдаанд Чимид-Осор гуай оролцож гуравдугаар байрт шалгарсанд “Уран зохиолч” цол олгож байж. Зохиолч Т.Нацагдорж, Х.Пэрлээ, Д.Даржаа нар тэргүүн байрт шалгарч “Ардын уран зохиолч”, Д.Сэнгээ гуай хоёрт орж “Эрхэм уран зохиолч” цол хүртэж байсан байх юм. Уран зохиолч цолоо хэрхэн хүлээн авч байсан түүх нь ч сонин. Тэрбээр гучаад оны эхээр цэрэгт алба хааж байхдаа шөнө орондоо ороод зохиолоо бичдэг байжээ. Цэргийн дэглэм хатуу, шөнө ангид гэрэл гаргах хориотой тул унтахаар орондоо орохдоо толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрч төмөр лаазан дотор лаа асаан хөнжил доторхио гэрэлтүүлэн шүлэг бичдэг байж. Нэг удаа ийн шүлэг бичиж байгаад ангийнхаа нууцын эрхлэгчид баригдаж байсан гээд хөгжилтэй адал явдлаар дүүрэн цэргийн албаа хаасан гэдэг.
Тэр үедээ бичсэн шүлгээрээ дээрх уралдаанд оролцож уран зохиолч цолтон болсон байх юм. Нэг өдөр “Ёслолын хувцас өмч, сэлмээ зүүгээд штаб дээр яаралтай ир гэсэн дуудлага авч. Гайхаад очтол эгнэн зогссон офицеруудын дунд ангийн захирагч нь “Уран зохиолч” цолны үнэмлэхийг баяр ёслолын байдалтай уншин гардуулсан гэнэ. Тэр үнэмлэх дээр “Энэх үү нөхөр Чимэд-Осор болбоос тус улсын хувьсгалын 15 жилийн ойн их баяраар явуулсан уран зохиол, яруу найруулгын анхдугаар уралдаан дор өөрийн авьяас чадвараа гарган онц сайхан яруу найруулга бүхий зохиолыг бичиж тус уралдаанд гурав зэрэг дор шалгарсан тул мөнхүү нөхөрт улсаас Уран зохиолч цолыг шагнан олгов.
Ардын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Уран сайхны улсын зөвлөл” гэж бичжээ.Театр, киноны супер од Чимид-Осор гуай 24 насандаа ийн уран зохиолч цол хүртэж байжээ. Энэ их хүн тэнгэрийн орноо зорихынхоо өмнөхөн Навчис гандан шувууд ганганасаар Намар боллоо яанам бэ Нас өтөлж амьдрал улирсаар Орчлон элэгдлээ яанам бэ Амрагаа хайрлан зовних Ханийн сэтгэлийг яанам бэ Үрсийн төлөө энэлэх Эхийн хайрыг яанам бэ… хэмээн бичсэн байх аж. Үр хүүхдүүддээ байнга хэлдэг “Ээжийгээ хайрлаж яваарай” гэсэн үг нь өөрийнх нь хувьд ч эх үрийн тэнгэрлэг хайрын ертөнцөөс илгээсэн гэрээслэл байсан мэт. Тэрбээр ээжийгээ бурхны оронд үдээд байхдаа ….Ариун цагаан сүүгээ Бургилж байхын үеэс ч Амин голт зүрхээ Цохилж дуусахын цагт ч Энэрсээр хайрласаар Ижий минь ижий минь гэсэн хэмнэлт бадгуудыг бичсэн гэдэг бөгөөд энэ шүлгээ дуу болгох юм сан гэж ярьдаг байсан ч амжаагүй юм гэсэн. Их хүмүүсийн амьдрал аргагүй л олон талтай байдаг аж.