Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Уран мэхний гайхамшиг Чойжилын Бээжин

Миний бие ахмад бөхчүүдээс яагаад ч юм Бээжин аваргын тухай асуух дуртай сан. Бээжин аваргын барилдаан надад яг л шүлэг шиг тийм уран гоё, утга агуулгатай санагддаг. Жараад оны наадмын дүрс бичлэгийг үзэхүйд өөрийн эрхгүй цээж огшдог юм. Дамдин, хоёр Мөнх, Бээжин, Цэрэн аваргууд, Уламбаярын Мижиддорж, тэмээ өргөдөг Жамъяндорж, Дэмүүл, Сосорбарам, Эрдэнэ-Очир гээд домогт арслангуудын идэр залуухан дүр тодрон, ёстой нөгөө зүлгэсэн зандан шиг тэднийг харахуйд бахдал төрдөг. Бага балчиртаа уулзаж дүр нь сэтгэлд үлдсэн хүн, мөн очиж үзсэн газар ус, үүнээс гадна зүгээр л нүдэнд ижил дасал болсон зураг хөрөг бодлын гүнд хадгалаатай оршдог нь сонин. Аавын минь төрсөн дүү, Хөшөөтийн голын малчин Жаргалсайхан ахын жаазанд Бээжин аваргын дэвж буй гоё зураг байдаг. Сүүлд мэдэх нь ээ, далан онд 36 насандаа түрүүлж монгол бөхийн эрхэм дээд аварга цолонд хүрчихээд тугаа тойрч буй торгон агшин нь юм билээ. Жагаа ахын минь ур хийц муутай хуучны модон жаазанд одоо хэр нь тэр зураг бий. Хөвсгөлийн Уйлган голын хүчит аваргыг Булганы Хишиг-Өндөрийн Хөшөөтийн голын малчин тэгж л хүндэтгэн хоймроо залжээ. Аваргын энэ зураг, алтан хараацайн уран хайчилбар шиг дүр байдал хөдөө буйдхан сумын балчир хүү миний сэтгэлд оршиж он цагийн уртад тодрон айсуй.

Бадамсэрээжид гуай, Эрдэнэ-Очир гуай, Өвгөнхүү гуай тэргүүт олон бөхчүүдтэй уулзаж, сүлд хийморь сэргээсэн яриа хөөрөөг нь сонсох хувь тохиосон. Тэр бүрийд Бээжин аваргын талаар асуусан байх юм. Эдүгэгээс 10 жилийн өмнө монгол бөхийн амьд домог болоод байсан Бадамсэрээжид арслантай өдрийн туршид хууч дэлгэж билээ. Хурц арслан маань бие тэнхлүүн сайхан байж дээ. Надад байхуу цай шалмаг гэгч нь хийж өгөөд тавтай тухтай суунгаа “Энэ цэвэр тонгороо мэх чинь манай Бээжин аваргын дархан мэхнийх нь нэг юм шүү дээ. Урт халимаг үснийх нь үзүүр бараг газар шүргэн алдаад тонгорч байгаа нь даанчиг урамтай” гэж сэтгэл сэргэтэл хэлсэн. Аварга маань тонгороо мэхийг босгож тонгорох, шигшиж тонгорох, ташаалдан буюу мухар тонгорох, тойруулан чирч тонгорох зэрэг бүх хувилбараар нь тэнцүүхэн хийдэг байж. Өвгөнхүү харцага “Аваргын тонгороо мөн хэцүү. Элэг дүүрээ доргиод л явчихна. Аарцаг руу хонгоороо цохиж тасхийтэл дуугарган баруун зүүнгүй тонгороогоороо газар шүргэж уран гоё хийнэ. Харсан хүн шагшрахгүй байхын аргагүй” гэж хэлдэг. Эндээс л Бээжин аваргын уран мэхний гайхамшиг нь мэдрэгдээд ирж байгаа юм.

Монгол бөхийн барилдааны үндсэн агуулга, мөн чанар нь уран мэхийг уралдуулан хийж, үзсэн хүний нүд баясан сэтгэлийн цэнгэл эдлэхэд оршдог болов уу. Наадамчид, үзэгч түмний өмнө сэрхийтэл олон сүлжээ мэх угсруулж, түүнийгээ урлагийн бүтээл шиг гоёор үзүүлж, ид хавыг гайхуулах нь бөх хүний үндсэн шинж юм. Иймдээ хуучны бөхчүүд одоогийн бөхчүүдээ голж, Ховдын Ванчинхүү арслангийн тухай домог мэт яригдаж, Бээжин аваргын барилдаан наадамчдын сэтгэлийг дэнслүүлж, Цэрэнтогтох аваргын ид гарч ирж байх үеийг ард түмэн мартдаггүй нь учиртай. Сүүлд залуу зургаан зааны үед үндэсний бөх дахин сэргэж ирсэн нь үнэн байх. Ахмад бөхчүүдийн дуртгал, бөх судлаачдын үнэлгээ, баримт сэлт, бөхийн зүтгэлтнүүдийн яриа хөөрөөнөөс анзаарахад монгол бөхийн барилдааныг урлаг болгон хөгжүүлэхэд онцгой нөлөөлж, хувь нэмрээ оруулсан хүн нь Бээжин аварга юм билээ. Бөх судлаач Авирмэд гуай 1970 оны наадмын тэмдэглэлдээ “Монгол үндэсний бөхийн барилдааны ур чадварыг төгс сайхан эзэмшиж уран гоё барилдаанаараа наадамчин олноо баясгаж явсан хурц арслан Бээжин энэ жилийн наадмаар угсраа олон мэхний уран гайхамшгийг үзүүлж…” хэмээн утга яруу бичсэн байдаг.

Аваргын түрүүлдэг жилийн наадмынх нь тухай Эрдэнэ-Очир арслан “Их шөвөгт Дамдин, Бээжин, Дэмүүл бид дөрөв үлдсэн. Дамдин намайг авч Бээжин Дэмүүл хоёр туналаа. Дэмүүлийг хав барьцнаас хөлөөрөө өсгийлдөн давсан. Манай Бээжин хоёр мөрөндөө мөн ч их бяртай. Сэнжигдэн бариад халахад нь хурууны үзүүр халуу оргиод дахиж барьж болдоггүй. Хав дөрвөлжин барьцнаас хөлөөрөө өхийлдөөд татах мэхээ гоё ч хийнэ. Дэмүүлийг яг л тэр мэхээрээ давсан” хэмээн бахархан хэлсэн бол “Бээжин аварга хүчтэй арслан Дэмүүлийг хэрхэн яаж хаях вэ гэдэг арга мэхээ урьдчилан сайтар боловсруулсан байгаа юм. Золгож байгаад барьцаа тавьж, хөлөө зөөж ухрангуут нь нөгөө гишгэж байгаа хөлийг нь хөлөөрөө суйлж тэгээд цээж рүү нь хүчтэй огцом түлхэхэд унана гэж тооцоолжээ. Үнэхээр онож зөв бодсоны хүчинд Дэмүүл арагш өнхрөөд явчихсан. Яаж унаснаа ч мэдээгүй гэдэг. Өөр мэхээр түүнийг хаях боломжгүй” гэж бөх судлаач Мягмар бичсэн удаатай.

Үеийнх нь бөхчүүд “Аварга барилдах бөхөө маш сайн судалж, бөх болгоны онцлогт тааруулан барилддаг байсан. Мэхэндээ онцгой бяртай. Хоёр талаараа ижилхэн барилддаг болохоор нэг талтай бөхийн аль талыг нь барьж барилдах вэ гэдгээ сайн мэддэг. Мэхийг нь хорих боломжгүй. Тухайлбал, баруун суйлахад хоригловол зүүн суйлна, болохгүй бол хөл суйлаагаа хийгээд давчихна, аюултай” гээд толгой сэгсэрдэг нь цаанаа нэгийг хэлнэм буюу. “Бээжингийн 13 мэх” гэсэн яриа ч байдаг. Дархан тонгороог нь дээр өгүүлсэн бол одоо дунгуйлдах, мурих мэхийг нь аваад үзэхээр цэрвүү барьцнаас дунгуйлдахыг дан сэнжигний, гарын шууны барьцнаас хасуйдан дунгуйлдах, шуунаас дунгуйлдах, мурих мэхийг суганы хонхорцог, зодогны ар хормой, элэг бүсний хажуугийн барьцнаас хөлөө тээглүүлэн, мөн ташаалдан мурих зэрэг олон хэлбээрээр хийдэг байжээ. Ингэж монгол бөхөд эргэлт авчирч, бөхийн барилдаанд шинэчлэлт хийсэн байна. Барилдааныг үзэхээр өнөөгийн залуусын хэлдгээр “кино” шиг л санагддаг.

Аваргуудын
уран гараа, дэвээ. Зүүнээс С.Цэрэн, Б.Түвдэндорж, Ч.Бээжин. 1960-аад он

Аваргын унасан газар угаасан ус нь Уйлган голын Барсага цахиурын уулс. Домогт гурван аваргыг төрүүлсэн монгол бөхийн өлгий нутаг. Зүүн Соёоны нурууны үргэлжлэл сарьдаг оргилууд, Холбоо долоон нуур, Даян дээрхийн агуй, Бадарын нуурын мөсөн агуй гээд байгалийн үзэсгэлэн цогцолсон газар. Төрсөн эцэг нь Цэвээний Даян гэж байжээ. Аваргыг нялх балчирт нь өнгөрч, ээж Норов нь Архангайн Хангай сумын гаралтай Лувсангийн Чойжилтой гэр бүл болсноор “Чойжилын Бээжин” гэж алдарших өлзий ерөөл бүрдсэн байна. Аваргын аав Чойжил хошуу даншиг наадамд сайн барилддаг хурдан шаламгай барилдаантай даншигийн заан цолтой бөх байсныг Цагаан-Үүрийн Ванчинхорлоо начингаас сонсож байлаа. Даншиг наадмаар бусад аймгаас ирсэн бөхчүүдэд түрүү өгөхгүйн тулд түрүүлнэ гэсэн бөхийн аманд Чойжилыг гаргадаг байсан бөгөөд нутгийн олон “Бөхийн аранга” гэж нэрийддэг байсан гэнэ. Тэгэхээр нутаг хошуундаа шаггүй барилддаг нэгэн байсан нь мэдрэгддэг. Бээжин дунд сургуулиа төгсөөд ар гэрийн гачигдлаар хөдөө гарч ээжийнхээ нутаг Эрдэнэбулганд сүү тосны заводад тасгийн эрхлэгч хийж байсан. Заводын туслах мастераар ажлын гараагаа эхэлсэн тэрээр 1954 онд Дотоод явдлын яамны тусгай батальонд цэргийн алба хааж, алба хаах хугацаандаа ротын бичээч, салааны туслах эвлэлийн үүрийн дарга, намын багш зэрэг ажил үүргийг гүйцэтгэсэн байна. Намтар цадигийг нь жаахан лавшруулаад сөхвөл НАХЯ-ны 5 дугаар тасагт төлөөлөгч, “Алдар”-ын нийгэмлэгийн хүндийн өргөлт, үндэсний ба чөлөөт бөхийн дасгалжуулагч, Ардын армийн арын албанд складын даргаар, 107 дугаар ангид хүнсний албаны даргаар ажиллаж армитай нэгэн насны амьдралаа холбосон хүн юм.

Бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтыг нь харахаар бахдам сайхан зураг тодордог. 1956 оны наадмын тавын даваанд түрүү жилийнх нь манлай бөх Төв аймгийн Оргодол арсланд өвдөг шороодсон бол дараа жил нь буюу тавин долоон онд Булганы Сайханы Цогзолоор тав давж начин цолонд хүрсэн. Архангайн Гүнсмаагийн Дамдиндорж, удам залгасан хүчтэн Өлзийсайханы Эрдэнэ-Очир арслан, Төв аймгийн Мөнгөнморьтын Нагнайдорж гээд нэг жилийн начингууд. Эдүгээ Нагнайдорж гуай сэрүүн тунгалаг байна. Тавин есөн онд болсон Монголын залуучууд оюутны анхдугаар наадамд 37 бөх тойргийн журмаар барилдсанаас 32 давж хоёрдугаар байр эзлэн улсын заан цол хүртсэн. Уг барилдаанд тухайн үедээ унана гэдгийг мэдэхгүй явсан Дамдин аваргыг дайраад ороод ирэхэд нь дагуулж тонгорон давж үзэгчдийг баясгаж байсан гэдэг. Бөхийн дэвжээнд зодоглож эхэлсэн цагаасаа л үзэгч олныг соронз мэт татсан бөх юм. 1961 онд 40 жилийн ойгоор Дорнодын Гүрбадам заанаар долоо давж улсын арслан, 1963 онд нэг нутаг усны Бадамсэрээжид арслангаар тав давж “Уран мэхт” чимэг хүртсэн. Энэхүү чимэг нь ард түмний сэтгэлд цол гуншин нь болж мөнхрөн үлдсэн юм. Баяр наадмын Төв комиссын дарга Лувсанравдангийн гарын үсэгтэй үнэмлэх хань, үр хүүхдүүдэд нь үнэт өв болон хадгалагдаж байна.

Жаран дөрвөн онд тухайн үед ид гарч ирж байсан Хорлоогийн Баянмөнх заан (домогт аварга)-аар долоо, Дарийн Дамдин аваргаар найм давж Мөнхбат аваргатай үзүүр түрүүнд үлдсэн. Мөөеө аварга Бээжин аваргын аюулхай руу хүчтэй мөргөснөөс унасан тухай тэр үеийн сонин хэвлэлд бичигдэн үлджээ. Жаран таван онд Мижиддорж арслангаар долоо, жаран долоон онд Булганы Хишигсүрэн начингаар тав, жаран найман онд начин Сүхбаатарын Дахийн Одсүрэн начин(одоогийн харцага)-аар зургаа, жаран есөн онд Өмнөговийн алдарт Манлайжаваар тав давж тус тус шөвгөрсөн. Ингээд далан оны аварга болдог наадамтайгаа золгосон. Улсын наадамд нийтдээ 26 жил зодоглохдоо 123 давж, 25 удаа өвдөг шороодон нийт давааны тоог барилдсан он жилүүдэд нь хуваахад дандаа шөвгөрөх хэмжээнд зодоглосон нь онцгой үзүүлэлт болохыг бөх судлаачид нарийвчилж гаргасан байдаг. Төрийн наадамд Дамдин аваргатай хамгийн олон буюу дөрвөн удаа таарч хоёрт нь хаясан, мөн Батсуурь, Баянмөнх, Цэрэнтогтох аваргууд, Бадамсэрээжид, Мижиддорж, Хайдав, Дэмүүл нарын хүчит арслангуудыг хаяж байсан нь монгол бөхийн оргил 60-70 онд ямар хэмжээний аварга гэдгээ бататган харуулсан. 1959 онд Цагаан-Үүрийн хоёр хүчтэн Дамдин Бадамсэрээжид нар төрийн наадмын түрүү үзүүрт үлдсэн амжилтыг 11 жилийн дараа дахин давтаж Дамдин, Бээжин нар үлдсэн нь бөхийн ховор сайхан тохиолдол. Үүгээрээ Цагаан-Үүрийнхэн, Уйлган голынхон бахархан ярьдаг нь мэдээж. Хоёр Мөнх эзгүй тэр жил нэг нутгийн хоёр хүчтэн үлдэхэд Дамдин түрүүлбэл Мөнхбатаас нэг түрүүгээр илүү гарах нь гэцгээж байтал Бээжин, аваргын зүүн хөлөнд гялсхийн орж тоос манан татуулан ард нь гарч шороодуулсан байдаг.

Бээжин аваргынхаа насны хань Галя гуайтай уулзан гэгээн сайхан дуртгалыг нь хуваалцаж яваадаа баярладаг юм. Эдүгээ 85 насны сүүдэр зэрэгцэж буй эл буянт хөгшин Түшээт ханы Сүжигт гүнгийн хошуу одоогийн Төв аймгийн Лүн, Өндөрширээт, Булганы Дашинчилэнгийн зааг нутагт Батжаргал ноёны хоёр дахь охин болж мэндэлсэн. Сүжигт гүнгийн хошуу нь 1719 онд байгуулагдсан бөгөөд Түшээт хан Гомбодоржийн гуравдугаар хөвгүүн Сидишир бэйлийн ахмад хөвгүүн Цэмбэлдоржоос эхлэн 11 хүн үе залгамжлан засаг ноён болжээ. Галя гуайн аав Батжаргал 1906 онд дөрвөн настайдаа сүүлчийн ноёноор үе залгамжлан залагдсан түүхтэй. “Би чинь Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын алтан ургийн хүн шүү” гэж хэлдэг нь ийм учиртай. Аав нь гучин найман онд улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн учир нагац эгч Нямжав, хүргэн ах Гончигцэрэн нар өргөн авч Галя гуай хүргэн ахаараа овоглож ирсэн. Юмны учрал тохиол гэдэг сонин. Бөх, моринд дуртай, шагай сайхан харвадаг, олонд солгой хэмээн алдаршсан аав Гончигцэрэн нь Яармагт наадам үзэж ирчихээд “Хөвсгөлөөс Бээжин гэж их гоё цэрэг иржээ. Даанч начин болж чадалгүй Оргодол арсланд уначихлаа” гэсээр охиндоо харамсангуй өгүүлжээ. Бээжин гэдэг тэр цэрэг ирээдүйн аварга, хайрт охиных нь насны хань байсныг хэн хэн нь яаж мэдэх билээ. “Би чинь эм найруулагчийн курс төгсөөд Батлан хамгаалах яамны эмнэлэгт сувилагчаар ажилласан. Энэ үед л ханьтайгаа танилцсан. Манай хүн НАХЯ-ны тавдугаар тасагт төлөөлөгчөөр ажиллаж байхдаа харьяаллын дагуу БХЯ-ны өдрийн эмнэлэгт тариа тариулах гэж ирээд биенээ харсан. Би чинь чамайгаа анх хараад л татагдсан гэж хань минь үнэн сэтгэлээсээ хэлдэг сэн” хэмээн залуухнаараа хорвоог орхисон хүний дээд ханиа зүрхэндээ хайрлан хадгалж яваа нь мэдрэгддэг. Аварга болчихоод ирэхэд нь хадаг сүүтэй угтсанаа дурсдаг. Мөн жил бүрийн наадмын өглөө гоёлын дээлээ өмсөн үр ач нараа дагуулж, ханийнхаа түмэн олноо цэнгүүлэн баярлуулж явсан төв цэнгэлдэх хүрээлэнг нар зөв тойрдгоо хэлэхэд нь нүдний нулимс гарч билээ. Ямар их хайр, ямар агуу сэтгэл, ханиа хайрласан дээдийн хүндэтгэл вэ.

Аваргын зургаан хүүхдийнх нь отгон, энэрэл хайрыг нь нэвчээж энэ орчлонд үлдсэн Хандсүрэн бүсгүйтэй уулзаж аавынх нь тухай хөөрөлдсөн. Аав шигээ цэргийн хүн болно гэх чин хүсэлдээ хөтлөгдөн Батлан хамгаалахын их сургуулийг “Цэргийн холбооны команд-тактикийн офицер, цахилгаан холбооны инженерээр төгссөн тэрээр цэргийн ухааны докторын зэрэг хамгаалж, дэд профессор цол хүртэн аавынхаа алдрыг өргөж явна. “Аав, ээж хоёр минь хоёулаа царайлаг, тэгш сайхан биетэй, ааш зан дөлгөөн, гоё хосууд байсан. Монгол дээл өмсөөд цуг явахад нь би их дуртай. Гэрээс гарахаар нь тагтан дээрээ гүйн гараад л араас нь харж зогсоно. Тэднийгээ харж байхдаа “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаа хоёр л ийм хүмүүс байсан байх гэж бахархан боддог байж билээ” гэж хоёр нүдэндээ нулимс мэлтгэнүүлэн хэлдэг сэн. Ээж минь заримдаа авдарнаас аавын дээлийг гаргаад үнэрлэж байгаа харагддаг. Түүнийг нь харахад хайр хүндлэл хичнээн агуу гэдгийг үгээр хэлшгүй сайхан гэж Хандсүрэн доктор уулга алдсан. Ачит эцгийнхээ 85 насны ойд зориулж дуу бүтээлгэн дүрсжүүлж, “Уран мэхт аварга Чойжилын Бээжин” ном бүтээж хүний сайхан хорвоод ач буяныг нь хариулж явна.

Монголын ардын армиар овоглож олон зуун хүчтэн цагийн цагт төрж байгаа. Тэр бүхний алтан титэм нь Бээжин аварга байжээ гэж бодогдоно. Мэхээ заавал угсруулж, хурдан шалмаг уран гоё, даацтай хийдэг түүнийг хийморь сүлд нь тэгширсэн хүчтэн гэж бөхөд хайртай түмэн үнэлдэг. “Угсраа мэхээ алинаас нь эхлэх бол гэж барагтай бөх алмайрч зогсоод ойчихыг нь бишгүйдээ бид харсан. Гараа дэвээнийх нь сайхныг хэлж баршгүй. Ямартаа л бүжиг дэглэгч нэгэн “Дэвээд гарах нь мэргэжлийн бүжигчнийг санагдуулдаг юм шүү” гэж байхав” хэмээн бөх судлаачид нэгэн дуугаар хэлдэг юм. Улсын начин, хурандаа М.Гомбосүрэн “Миний гайхаж явдаг зүйл бол 30-40 жил болоход Бээжингийн мэхний нууц олон хувилбарыг хэн ч өвлөж үлдээгүй, сурсан хүн нэг ч байхгүй өдийг хүрсэн нь сонин. Энэ бол Бээжингийн гоц авьяас мэдрэмжтэй холбоотой болов уу” гэж дуун алдсан удаатай. Харин энэ тухайгаа аварга өөрөө “Монгол бөхийн барилдааны мэх маш олон янз. Түүнийг сайн эзэмшинэ гэдэг бол нэг ёсны урлаг юм шүү. Бөх хүн заавал давхар мэх хийж сурахгүй бол учраагаа хаяж чадахгүй. Нэг мэхэнд унадаг бөх гэж байхгүй” хэмээн хэлсэн байдаг. Ийнхүү монгол бөхийн түүхэнд уран мэхний гайхамшгийг үзүүлсэн хүчит аваргын он жилүүдийг цухасхан сөхлөө. Монгол наадмын чимэг нь монгол бөх, монгол бөхийн амин сүнс нь уран мэх билээ. Учир иймээс Чойжилын Бээжин аваргын алдар суу цагийн цагт оршном буюу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *