Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Оргилуун дарс” балет тайзнаа амилна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ смардатын өдрүүдэд вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэсэн “Оргилуун дарс” нэртэй шинэ балетыг дэглэн тоглуулж байгаа билээ. “Оргилуун дарс” балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхан талыг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн гайхамшигт хослолоор харуулахыг зорьж буйгаараа онцлог юм.

И.Штраус нь 6 настайдаа анхны вальсын хөгжмөө бичсэн бөгөөд 74 насныхаа 55 жилийг уран бүтээлд зориулсан хөдөлмөрч, хөгжөөнтэй нэгэн байжээ. И.Штраус бүжгийн нийт 500 орчим хөгжим бичсэний тэн хагас нь вальсын аялгуу байдаг. Түүний “Цэнхэр дунай”, Венийн шугуйн үлгэр”, “Жүжигчний амьдрал”, “Хаврын дуун” зэрэг олон бүтээл нь дэлхий дахинаа алдаршиж, бүх улс үндэстний сонгодог хөгжмийн урын санд орсон байдаг.

“Оргилуун дарс” балетын цомнол, найруулга, дэглэлтийг ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва хийсэн бөгөөд симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдан тоглуулж байгаа юм. Гол дүрүүдэд балетын гоцлооч Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, А.Эрдэнэболд А.Билгүдэ, О.Анужин зэрэг залуу бүжигчид тогложээ. Тус тоглолтонд бүжигчид тайзан дээр хормын дотор хувцсаа солихын зэрэгцээ өвөрмөц үзүүлбэр, илбэ зэрэг сонирхолтой зүйлүүдийг бэлтгэсэн гэсэн шүү.

ДБЭТ-ын хамт олон уг тоглолтын үеэр сонгодог урлагийн үзэгчиддээ зориулан шинэлэг сонирхолтой хөтөлбөрүүдийг бэлтгэж байгаагаа дуулгахад таатай байна. Үзэгч та энэ үдэш манай театрт ирж ажлынхаа алжаалыг тайлах боломжийг бид олгож байна. Та бүхэн тоглолт эхлэхээс 1 цагийн өмнө УДБЭТ-т ирж, сонгодог орчинг мэдэрч, тэдний бэлтгэсэн шинэ, содон хөтөлбөрүүдийг сонирхоорой. Хэрэв та УДБЭТ-ын “Оргилуун дарс” балетыг үзэхээр шийдсэн бол хар, цагаан өнгийн хувцсаар гоёхыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *