Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс улсын хэмжээнд “Яараад яахав дээ” хоёрдугаар аяныг эхлүүллээ

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар мэдээлэлхийлээ. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж , 338 хүн гэмтсэн гэдгийг мэдээллээ. Өнгөрсөн удаагийн аяны үр дүнд тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 50.8 хувь, нас барсан хүн 11.7 хувь, гэмтсэн хүн 49.7 хувиар, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9 хувь, нас барсан хүн 21.7 хувь, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл “Зуны улиралд амралт, зугаалга эхэлдэгтэй холбоотойгоор орон нутгийн замд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр аян, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулахаар болж байна. Энэ удаагийн арга хэмжээнд жолооч бус зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана. Уг арга хэмжээг долдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулах бөгөөд орон нутгийн замуудад хурд хэмжигчийг нэмэлтээр байршуулна. Энэ удаагийн аяныг Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Авто тээврийн үндэсний төв, Монгол даатгал, Таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон ААН, байгууллагууд дэмжин оролцож байгаа аж.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэн нийгмийн сайн сайхан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах , аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж байгаа хамтын ажиллагааг харуулсан явдал юм.” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *