Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эдгээр хуулиуд хэрэгжиж эхэллээ

2016 оны эхний өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх хуулиудын талаар танилцуулъя.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим нэг заалтыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан юм. Тодруулбал, жолооч нарт зөрчлийн оноо тооцох заалт үйлчилж эхлэх бөгөөд зөрчлийн ерөнхий 10 оноотой байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноог хасах зарчмаар явна. Хэрвээ зөрчлийн оноо нь дуусвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна. Гэхдээ зөрчлийн оноогоо хасуулаагүй ч хуульд заасан үндэслэлээр эрхээ хасуулбал зөрчлийн оноо автоматаар хүчингүй болно.

Тухайлбал зам тээврийн осол гаргасан жолооч 5, жолооны үнэмлэхгүй машин баривал 2, жолооны үнэмлэхгүй этгээдэд автомашинаа шилжүүлбэл машины эзний 1 оноог хасах гэх мэтчилэн байдлаар тооцох юм. Хэрвээ зөрчлийн оноо хасагдсанаас хойш жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах эсвэл хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөхөөр заажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэллээ. Иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан авч, мөн үйлчилгээ авсан цахим баримтаараа Үндэсний сугалаанд хамрагдана. Аж ахуйн нэгжүүдийн хувьд НӨАТ-ын харилцаа бүхэлдээ цахим хэлбэрт шилжиж, худалдаа хийх бүртээ иргэдэд цахим баримт хэвлэж өгөх үүрэг хүлээнэ. Мөн тухай бүрийн мэдээлэл татварын байгууллага, Сангийн яаманд цахим хэлбэрээр төвлөрөх учир ингэснээр татвараас зугтаах, зайлсхийх боломжгүй болох юм.

Иргэд НӨАТ төлөгч байгууллагаас авсан үйлчилгээ бүртээ шинэ загвараар хэвлэгдэн гарах баримт авч цуглуулах бөгөөд www.ebarimt.mn цахим сайтад тогтмол бүртгүүлж явна. Харин сугалааны хувьд 30.000-100 сая төгрөг хүртэлх хонжвор хожих боломжтой.

Хэрэв иргэдийн үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж НӨАТ-ын баримтын тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол торгууль төлөхийг Татварын ерөнхий хуулиар зохицуулжээ.

Мөн татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсвэл 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно. Цахим системд хугацаанд нь багтааж бүртгэж аваагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох тухай заажээ.

Түүнчлэн энэхүү хуулийг зарим эдийн засагчид аж ахуйн нэгж болон хувиараа бизнес эрхлэгчдийг бизгесийн хүрээнээс шахан гаргах магадлалтай хэмээн буруутгах нь ч бий.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль

Энэ бол нийгэмд нэлээд хүлээлт үүсгэсэн хууль юм. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Энэ хууль хэрэгжсэнээр 60 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол авч, тусгайлсан байрт хүмүүжих боломжтой. Мөн хүүхдээ гэртээ харж суудаг аав, ээжүүд ч давхар орлоготой болох боломж бүрдэх юм.

Хуульд заасанчлан 18-65 насны иргэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтад хамрагдаж, Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш сертификатыг авах ёстой.

Мөн Хүүхэд харах үйлчилгээнд зориулсан байр бэлтгэх бөгөөд хүүхдийн тоо 15-аас хэтрэхгүй, нэг сургагч багш 2-5 хүртэлх насны таван хүүхдийг хариуцан өдрийн цагаар харах ёстой. Багшийн цалин зэрэг урсгал зардлыг улсаас дэмжлэг болгон өгөх бөгөөд нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг 116000 төгрөгөөр тооцож байгаа. Харин эцэг эхээс энэхүү дүнгийн 60 хувиас хэтрэхгүй зардал нэмж гаргуулах юм. Сургагч багш мөн өөрийн 2 хүртэлх хүүхдийг хүүхэд харах үйлчилгээндээ хамруулах боломжтой.

Хүүхэд харах үйлчилгээний байранд хүүхэд амрах, тоглох, унтах, хооллох, гар угаах нөхцөл бүрдүүлсэн байх бөгөөд нэг хүүхдэд 2.5м кв-аас багагүй хэмжээний талбай ногдоно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болох ба холимог хэлбэрээр хамруулах тохиолдолд нэг хүүхэд харагчид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэгээс илүүгүй байхаар хуульчилсан.

Нийтийн сонсголын тухай хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ хуулиар төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой.

Хуульд зааснаар нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой.

Томилгооны сонсгол гэхэд УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтээр сонсгол явуулах аж. Сонсголыг 14 хоногийн өмнө мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд сонсголд оролцогчид таваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм. Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болно.

Соёлын тухай хууль

2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр батлагдсан тус хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм. Энэ хуулиар Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байхаар зохицуулна. Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар хуульд туссан.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл мөн шинэ оны эхний өдрөөс хэрэгжинэ. УИХ ирэх оны төсвийг батлахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 7.013.9 их наяд төгрөг байхаар, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 7.954.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн юм. Алдагдлыг ДНБ-ийн 3.4 хувьтай тэнцүүллээ.

Мөн хэд, хэдэн агентлагийг нэгтгэх шийдвэр гарсан. Ингэснээр Татварын ерөнхий газар нь Гаалийн ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороо Улсын бүртгэлийн газартай тус бүр нэгдэх юм. 2016 оны Мөнгөний бодлого хэрэгжинэ.

Мөн Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд хэрэгжихээс гадна Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэх юм.

Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд заасан өөрчлөлтөөр хүүхэд бүрт олгодог байсан хүүхдийн мөнгийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ялгавартайгаар олгохоор болсон. Тухайлбал, төсөвт 200 гаруй тэрбумыг суулгадаг байсан хүүхдийн мөнгийг эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хассанаар ирэх оны төсвийн жилд хүүхдийн мөнгө хэлбэ­рээр нийт 144 тэрбум төгрөг улсын төсвөөс гарахаар болсон. Энэ нь хүүхэд бүрт хүрэл­цэхгүй учир 0-18 насны, өрхийн амьжиргааны 1-17 ду­гаар бүлгийн хүүхдүүд сар бүр 20 мянган төгрөг олгох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *