Categories
мэдээ цаг-үе

Өнөө жил Ч.Санжаадамба аваргын гарыг нугалах аавын хүү гарах уу

Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр наадам айсуй. Сонгуулийн халуун сурталчилгаанд хав дарагдсан баяр наадмын сезон одооноос л сэдэрч, сэргэх шинжтэй. Морь, бөхөд хорхойтой Монгол түмэн өнөө жилийн наадмын өнгө, айраг түрүү, шинэ цолтнуудын таамгийг уралдуулж, хөөрөлдөөд эхэллээ. Өнгөрсөн жилийн наадмаас хойш жил тойрон хугацаанд зохиогдсон заал, тойргийн барилдааныг сэргээн санаж хэн олон түрүүлсэн, хэн хурц, уран барилдсаныг шүүн хэлэлцээд өөр, өөрийнхөөрөө таавар таамаг дэвшүүлэн сууцгааж байгаа. Тэгвэл аль нутгийн аавын хүү олныг баясгаж, түмнийг цэнгүүлэн есөн хөлт цагаан тугаа есөн удаа тойрон түрүүлэх бол. Түрүү жилийн наадмын түрүү бөх Ч.Санжаадамба аваргыг давж аварга болох аавын хүү гарах болов уу. Монголчууд ийм л асуултад хариулт эрэн гэгэлздэг үе эхэллээ.

Энэ жил гэлтгүй ойрын дөрвөн жилдээ улсын баяр наадамд 512 бөх барилдана. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр бөхийн барилдаан есөн даваатай. Ийм үед шинэ начин цөөн төрж, шөвгийн 16 бөхөд монголын хамгийн чансаа өндөр, иртэй, бяртай бөхчүүд үлдэж үзэгч түмнийг суудлаас нь өндөлзүүлсэн барилдаанууд үргэлжилдэг. Мөн л харцага, заан, гарьд цолтон тун цөөн, нэг хоёрхон төрөх магадлалтай. Ногт ганзагалаж ирсэн бөхчүүдээс хэн ч түрүүлж болно. Гэхдээ өнөө жил Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамбын гарыг нугалах аавын хүү гарахгүй нь ойлгомжтой байна. Ч.Санжаадамбын өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, бэлтгэл сургуулилт үүнд бэлээхэн хариулт болж байгаа. Аварга болсноос нь хойш зохиогдсон хамгийн том барилдаан буюу цагаан сарын баяраар түрүүлсэн, Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 105 жилийн ойгоор үзүүрлэсэн зэрэг амжилтаар нь түүнийг ийн үнэлж түрүүлнэ хэмээн бооцоо тавихад хүргэж буй. Хэрвээ нутгийн бөх улсын арслан Р.Пүрэвдагватай таарч барилдвал хэрхэх нь сонирхол татна. Өнгөрсөн өвөл Тусгаар тогтнолоо сэргээсний ой, Архангай аймгаас төрсөн улсын цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд таарч барилдаад Р.Пүрэвдагва хоёр удаа давсан. Тэгэхээр нутгийн хоёр таарвал хэн нь вэ гэдгийг таашгүй. Гэхдээ барилдааны цар, ааг, эр бяраараа Ч.Санжаадамба илүүрхэнэ гэдгийг бөх сонирхогч бүхэн хүлээн зөвшөөрөх байх.

Харин үзүүрт шалгарч аварга Ч.Санжаадамбад тахим буулгах хүнээр улсын арслан П.Бүрэнтөгсийг нэрлэж байна. Түүний өнгөрсөн хугацааны амжилт төдийлэн сайн биш байгаа. Саяханы нэг барилдааны дөрвийн даваанд аймгийн арслан Э.Тулга түүнийг шилбүүрдэх төдийд гудайж байгаа харагдсан. Үүнийг П.Бүрэнтөгс арслангийн аав Пүрэвийн бие чилээрхүү байгаагаас гадаад оронд олон удаа зорчиж бэлтгэл сургуулилтаа тасалдуулсантай холбон тайлбарлаж болох. Хариуцлагатай барилдаанд сэтгэл санаа ямар байх нь амжилтад нөлөөлдгийг бөхчүүд хэлдэг дээ. Харин одоо Увс нутгийнхаа бөхчүүдтэй гал болон гарч өнөө жилийн бөхийн барилдааны түрүүг авах зорилго тавин бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн байж таарна. Түүнээс биш П.Бүрэнтөгс арслан аймгийн цолтон шилбүүрдэх төдийд унаад байдаг эр биш. Монголын үндэсний бөхийн спортод гэнэт цахиур хагалан гарч ирсэн шигээ өгсч барилдсаар үзүүрлэх магадлал хамгийн өндөр байгаа юм.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан нар долоогийн даваанд тунаж барилдах өндөр магадлалтай. Давсан нь их шөвөгт шалгарна гэсэн үг. Энэ даваанд Ч.Санжаадамба аварга Э.Оюунболд арсланг амлах бол, арслан П.Бүрэнтөгс Р.Пүрэвдагвыг арай л амалж зүрхлэхгүй болов уу. Хэрвээ амалчих юм бол өнөө жилийн наадмын дуулиан, шуугиан энэ болно. Яагаад гэвэл тэр хоёрын өнгөрсөн жилийн наадмын наймын давааны барилдааныг ард түмэн мэдэж байгаа. П.Бүрэнтөгс амалдаггүй юм бол Р.Пүрэвдагвад боломж гарч Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамбыг авахаас өөр сонголт үгүй. Харцага Ц.Содномдорж, заан Б.Пүрэвсайхан хоёр долоогийн даваанд тунаж барилдах магадлал ингэж гарч ирж байгаа юм. Б.Пүрэвсайхан жигд барилдаантай, суурь сайтай бөх ч өнөө жил жаахан сул байгааг бөхийн хүрээнийхэн ярьж эхэлсэн. Тэгэхээр Ц.Содномдорж зааныг давж их шөвөгт шалгарч магадгүй. Шууд хэлбэл аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, харцага Ц.Содномдорж нарын бөхчүүд их шөвөгт шалгарна гэж хэлэх гээд байна. Ингээд Ч.Санжаадамба Ц.Содномдоржийг амалвал өнгөрсөн жилийн түүх давтагдаж наймын даваанаа арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёр тунаж жил тойрсон асуудлаа шийднэ. Энэ нь үзэгч түмний анхаарлыг хамгийн ихээр татсан мөч байх болно. Гэхдээ энэ тааврыг зөрүүлж, будлиулах сортоотой аавын хүү Монголын үндэсний бөхөд олон бий. Бузгай барилдсаар таавар будлиулах тохиолдол жилийн жилд гардаг. Таавар будлиулах магадлалтай бөхчүүдийн заримаас дурдвал Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан М.Бадарч гээд шижигнэсэн залуус бий. Эдгээр хүчтэнгүүдийн хэрхэн барилдах, хэр дээшээ өгсөх нь ёстой тэр өдрийн аз, од нь мэдэх асуудал. Улсын харцага Ө.Бат-Оршихын хувьд жигд барилдаантай, бөхийн формоо алддаггүй хүн. Тэрээр улсын наадмын түрүү бөхийн тааварт багтаж байх жилдээ хэн ч мэдэхгүй аймгийн цолтонд гуядуулж байсан түүх бий. Гэхдээ өнөө жил заал, тойргийн барилдаанд төдийлэн оролцохгүй улсын нүднээс нууц байгаа нь бэлтгэл сургуулилтдаа шамдаж буйнх байж магадгүй.

Харин энэ цагийн алдар цуутай бөхчүүдээс хэн хэн өнөө жилийн улсын баярт зодоглож чимэг нэмэх бол. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, дархан аварга Г.Өсөхбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг нарын хүчтэнгүүд баруун, зүүнийг манлайлан гарахаар байна. Гэхдээ начны даваанаас цааш ахихгүй гэдгийг нь наадамчин олон мэдэх болсон. Өнөө жилээс аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар тавын даваанд тахимаа өгвөл гайхах хэрэггүй байх.

Нэг ийм сонинтой өрнөх баяр наадмаар улсын цолны босгыг хэн, хэн давж начин болох вэ гэдэг нь тодорхой шахам байгаа. Үнэхээр л Ч.Санжаадамба дархан аварга цолонд хүрэхийг хүсдэг юм бол, Р.Пүрэвдагва, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нар түрүүлж аварга болохыг, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Б.Гончигдамба гээд түмний хүндэтгэлийг хүлээсэн хөвгүүд улсын баярт түрүүлэхийг хүсдэг л юм бол шинэ начин цөөн төрнө. Үндсэндээ дөрөвхөн начин шинээр төрнө гэчихвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Улсын цолтны тааварт орсоор удаж байгаа Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан М.Бадарч,Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар начин цолонд хүрээд зогсохгүй, өгсөх магадлал өндөр. Аймгийн арслан Ш.Пүрэвгарьдийн жишээг өгүүлэхэд Алтан унжлагат гал тахиа жилийн цагаан сарын барилдааны дөрвийн даваанд аварга С.Мөнхбатыг хагалж цохиод, тавын даваанд арслан П.Бүрэнтөгсийг хөнгөхөн хэвтүүлж байснаараа начин цолтны таамагт багтаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *