Categories
гадаад мэдээ

Өнгөрсөн долоо хоногт​ ОХУ-д цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн олон хүн нас баржээ


Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д коронавирусийн халдвараар 3.291 хүн нас барсан нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Өмнөх хамгийн өндөр үзүүлэлт нь 3.290 хүн нас барсан 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоног байсныг тус улсын цар тахалтай тэмцэх төв Ням гарагт мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Орос даяар 134.465 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо 24.3 хувиар өссөн үзүүлэлт байв.

Covid-19 өвчнөө идэвхтэй эмчлүүлж буй хүний тоо өнгөрсөн долоо хоногт 43.802-оор нэмэгдэж, 361.295 хүрсэн нь хоёрдугаар сарын 24-нөөс хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Москва хотод 144 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь мөн цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Москва хотод шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудын 90 орчим хувь нь коронавирусийн Энэтхэг улсаас гаралтай Дельта хувилбараар өвчилснийг тус хотын захирагч Сергей Собянин өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан юм.

Вирусийн халдварыг зогсоох цорын ганц шийдэл нь хурдтай, өргөн хүрээний вакцинжуулалт болохыг тэр өчигдөр мэдэгдээд идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалжээ.

ОХУ-д нийт батлагдсан халдварын тохиолдол 5.37 сая, нас барсан хүний тоо 130 мянга орчимд хүрээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *