Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан
хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх
Ч.Өнөрбаяр Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд
маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг УИХ-ын
дарга З.Энхболдод өргөн барив.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндэс
болох Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг баталснаас хойш 20 жил, Үндсэн
хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг
баталснаас хойш 15 жил дагаж мөрдсөн байна. Энэ хугацаанд Монгол Улсын
төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч буй шинэчлэл, өөрчлөлт,
хөгжлийн хурдац, нийгмийн шаардлагын үүднээс шүүх эрх мэдлийн бусад
байгууллагын нэгэн адил Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн
үндсийг шинэчлэн боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдах болов.
Мөн дэлхий дахинаа төлөвшин хөгжиж буй Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн
шүүхийн өсөн нэмэгдэж буй үүрэг, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн
холбогдох хууль тогтоомжийг өөрчлөн сайжруулах үндэслэл бүрдээд байгаа
хэмээн үзэж уг хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 4
бүлэг, 21 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн мөн чанар,
чиг үүрэгт нийцүүлэн шүүх болохыг нь хуульчлан тодорхойлох үүднээс
төслийн 1 дүгээр зүйлд “шүүх эрх мэдлийн байгууллага” болохыг
тодотгосон, Цэцийн гишүүний орон гарсан тохиолдолд түүнийг нөхөн
томилохтой холбогдсон зохицуулалтад “бүрэн эрхийн хугацаа дууссан”-ыг
нэмэх зэргийг тусган, Цэцийн гишүүний тангараг, түүнийг өргөх журмын
тухай заалт оруулсан болохыг УИХ-ын даргад танилцуулав.
Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн
төсөл нь 9 бүлэг, 57 зүйлтэй, УИХ-ын наймаас доошгүй тооны гишүүн
Үндсэн хуулийн Цэцэд хандаж, хууль болон УИХ-ын бусад шийдвэр, мөн
сонгуулийн үр дүн болон мандатад нөлөөлж болох Сонгуулийн төв
байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн, түүнчлэн эрх бүхий албан
тушаалтан Үндсэн хууль зөрчсөн буюу түүнийг огцруулах, эгүүлэн татах
үндэслэлтэй гэж үзвэл хүсэлт гаргах зохицуулалтыг тусгажээ. Мөн Цэцийн
бие даасан, гишүүний хараат бус, эрх тэгш байдлыг хангах үүднээс шүүхийн
нийтлэг жишгийн дагуу Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг
хуваарилах болон Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилохдоо урьдчилан
тогтоосон журмын дагуу тойргийн зарчмыг удирдлага болгох зэрэг
зохицуулалт хийхээр тусгасан байна.