Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм.
Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний гурван өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Шүүхийн эрх мэдлийг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой асуудлуудаар тус тус зохион байгуулсан.
Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр өнөөдөр (2019.07.25) 10 цагаас Төрийн ордонд эхэллээ.
Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, З.Нарантуяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын бусад удирдлагууд, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, гишүүд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон 21 аймгаас 38, нийслэлийн 9 дүүргээс 16 оролцогч, түүнчлэн зарим сум, баг, хорооны төлөөллүүд, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс хэлэлцүүлгийг нээлтэд 120 гаруй нь хүрэлцэн ирээд байгааг хэлэлцүүлгийг даргалагч танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе.
Өмнөх хэлэлцүүлэгүүдэд хэлсэн энэ үгээ дахин давтан хэлээд байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандах, мэдлэг туршлага, оюуныхаа хүч боломжийг бүрэн дайчлахыг Та бүхэндээ сануулан уриалж байгаа хэрэг юм шүү.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, “зарим Засаг даргаа сонгох эрхийг иргэдэд өгөх, хот байгуулах боломжийг нэмэгдүүлэх” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.
Миний зүгээс “нийслэлийг онцгойлон авч үзэж доторх зохион байгуулалтыг нь тусгайлан хуульчлах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд хуваан үзэхдээ хотыг нэмэх, аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлогт тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналаар Улсын Их Хурал шийдвэрлэдэг байх” зэрэг нэгдмэл улсын зарчмыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль эрх зүйн болон ойлголт, амьдралд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хаана оршин суугаагаасаа үл хамааран төрөөс тэгш үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэх ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.
“Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого гэдгийг давтан хэлэхийн зэрэгцээ өнөөдрийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
Амжилт ололт, алдаа дутагдлаа нийтээр хэлэлцэж, засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоороо ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинэчлэлд хөтөлнө гэдэгт найдаж байна.
Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй гэлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг тус тус танилцуулж байна. Дараа нь төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм.