Categories
мэдээ цаг-үе

Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэнэ DNN.mn

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш хоёр дахь, анх зохион байгуулж эхэлснээс хойш 31 дэх удаагийн Үндэсний Номын баярыг энэ сарын 20-22-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэнэ.

Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион явуулах юм. Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм. Мөн үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа билээ.

Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.

Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандаад байгаа бөгөөд оролцогчдыг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 1-нийг хүртэл цахимаар бүртгэсэн хэдий ч оролцогчдын хүсэлт ирсээр байгаа нь Үндэсний Номын баярын цар хүрээ улам бүр өсөн нэмэгдэж буйг илтгэн харуулж байна хэмээн зохоин байгуулагчид тодотгож байна.

Номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түнш байгууллагаар МОНЦАМЭ агентлаг, ТВ9 телевиз, Эрхэт Монгол медиа групп, дэмжигчээр МонНом апплейкшн ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *