ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад 2024 оны үйл ажиллагаагаа тайлагнаж, бригадын дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо тэргүүлсэн салбар нэгж, алба хаагчдаа тодрууллаа.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх нар оролцож, алба хаагчдад амжилт хүслээ.
Энэ үеэр бригадын захирагч, хурандаа Б.Мандахгэрэл 2024 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг танилцууллаа.
Тухайлбал, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2024 онд улсын хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл ослын 13 удаагийн дуудлагаар ажиллаж, 41 иргэний амь насыг авран хамгаалж, 115 өрхийн 661 иргэнд анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Мөн химийн хорт бодисын аюулгүй байдлыг хангах хүрээнд 19 удаагийн нийт 594.2 тн бодисыг аюулгүй тээвэрлэхэд 90 гаруй алба хаагч 117 хоног үүрэг гүйцэтгэсэн.
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах хүрээнд нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаанд тус ангийн зургаан алба хаагч 24 нэр төрлийн багаж, хэрэгсэлтэйгээр 85 хоног үүрэг гүйцэтгэж, 30-120 метрийн гүнээс зургаан нэгж тээврийн хэрэгслийг татан гаргаж, 34.7 тонн шатах тослох материалыг аюулгүй болгоход гар бие оролцлоо.
Түүнчлэн ОБЕГ, нийслэл, Соёлын яам, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ, “Түүлс маркет”ХХК-ийн дэмжлэгтэйгээр нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх техник, тоног төхөөрөмжөөр хангагдаад байна.