Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос пуужингаас хамгаалах THAAD системээ байрлуулах газраа зарлалаа

Өнөөдөр буюу Баасан гарагийн өглөө Өмнөд Солонгосын эрх баригчид АНУ-аас худалдаж авсан пуужингаас хамгаалах системээ байрлуулах газрыг зарлажээ. THAAD (Terminal High Altitude Area Defence system) хэмээх уг системийг тус улсын зүүн өмнөд Сёнжу мужийн төвөөс хойш 18 км зайтай Лотте группын гольфийн талбайд байрлуулахаар болсон байна.

Анх THAAD-ийг Сөүлээс зүүн өмнө зүгт 296 км зайнд орших Сёнсан пуужингийн баазад байрлуулах гэж байсан ч нутгийн иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Иргэд радарын системийн хор хөнөөлөөс болгоомжилж байгаагаа засгийн газарт илэрхийлэн тэмцэж байв.

Тэгвэл шинэ байрлал нь далайн түвшнээс 680 метр өндөрт өргөгдсөн, иргэдийн оршин суудаг бүсээс хол зайтай газар юм.

Гэвч тус байрлалаас холгүй орших Гимчён хотын иргэд эсэргүүцлээ илэрхийлэхээр бэлдэж байгааг Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Шинэ газрыг Лотте группээс $90 саяар худалдаж авахаар тохирсон бөгөөд уг наймааг Өмнөд Солонгосын парламентаар батлуулах юм.

THAAD системийг байрлуулах болсон нь сүүлийн үед сайжраад байсан Өмнөд Солонгос-Хятадын харилцааг муутгаад байна. Өмнөд Солонгосын тал THAAD-ыг зөвхөн Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах зорилготой гэж байгаа. Харин Хятадын тал үүнийг хатуу эсэргүүцэж, хилийн ойролцоо нь АНУ-ын пуужингаас хамгаалах зэвсэг байрлуулах нь үндэсний ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

THAAD системийг ирэх онд сонгосон байрлалд суурилуулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *