Categories
мэдээ цаг-үе

Өмнөд монголчууд эх хэлээ авч үлдэхийн тулд тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, хичээл хаялтад нэгджээ

Ч.МӨНХБАЯР: ӨМНӨД МОНГОЛЧУУДЫГ ХАМГААЛНА ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ –

БНХАУ-ын Тунляо хотын Ерөнхий боловсролын сургуулиуд монгол хэлээр хичээллэхгүй байх заавар өглөө гэх мэдээлэл зургадугаар сарын эхээр гарч, цахим ертөнцөд олон хүмүүс Хятадын Засгийн газрын энэ шийдвэрийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлээд байсан. Хэд хоногийн өмнөөс өмнөд монголчууд тэмцлийн хурц хэлбэрийг сонгож эцэг, эхчүүд хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ өдрүүдэд хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байх эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ. Улмаар Хятадын төрийн байгууллагууд монгол ажилтнуудыг хичээл хаялтад нэгдэхгүй байхыг уриалж, тусгайлан уулзалт хийж, ажлын байраар нь сүрдүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Өмнөд монгол иргэнтэй утсаар холбогдоход “Бидний үр хүүхдүүд харсаар байтал нүдэн дээр монгол хэлээ мартаж, хятадад уусан алга болох гэж байгаад бид их эмзэглэж байгаа. Эцэг, эхчүүд аргаа бараад хүүхдээ сургуульд явуулахгүй гэж ярьж байна. Гэхдээ хүүхдээ сургуульд явуулахгүй байна гэдэг бол цаанаа маш том олон эрсдэл, шийтгэл дагуулахыг мэдэж байна. Энэ бол өрөвдөлтэй аргаа барсан эсэргүүцлийн хэлбэр шүү дээ. Торгууль оноох, ажил төрлөөс халах, өмнө нь ямар нэг төрлийн эсэргүүцэл илэрхийлж байсан бол захиргааны шийтгэл авахаас эхлээд бүр олон хоногоор баривчлах, ял хүлээлгэх гэх мэт ийм эрсдэл өндөр. Сургуульд явуулахгүй асуудал нь бүтдэг юм аа гэхэд хүүхэд нь боловсролгүй болно. Хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй бол хойч ирээдүй нь ямар болох вэ. Эсвэл хүүхдийн насан туршид нь сурах эрхийг хасчихвал бас хэцүү. Ийм өрөвдөлтэй хувь заяа угтаж байна. Тийм байлаа гээд монгол хэлээ зүгээр сууж байгаад устгах хүмүүс биш учраас энэ том эрсдлийг үүрч байна” гэж ярилаа.

Өмнөд Монголын төрийн байгууллагууд монгол ажилтнуудыг хичээл хаялтад нэгдэхгүй байхыг анхааруулж байгаа энэ үед бас энэ эсэргүүцлийг дэмжиж, төрийн албаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн өндөр албан тушаалтнууд байгаа аж. Тухайлбал, Өмнөд Монголын “Одон” телевизийн удирдлагууд ажилтнууддаа “үр хүүхдүүдийнхээ төлөө цаг зориулах боломж олгожээ. Мөн Ордосын шинэ хотын Дүншин дүүргийн дарга дээрх тэмцэлд нэгдэж, буйгаа илэрхийлэн шаардлагатай бол төрийн албанаасаа огцроход бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Өмнөд Монголд нөхцөл байдал ямар байгаа талаар “Өмнөд Монголын соёлын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Мөнхбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.


-БНХАУ-ын Тунляо хотод монгол хэлээр хичээл оруулахгүй гэдэг шийдвэр гарч, өмнөд монголчууд хүчтэй эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Яг одоогоор нөхцөл байдал ямар байгаа талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Хятад улс өнгөрсөн хугацаанд өмнөд монголчуудын бүх юмыг булаасан гэж үздэг. Үндэсний эрх, өөртөө засах эрх, газар нутаг, аж ахуй, ирээдүйг нь булаасан. Ганц үлдсэн юм нь монгол хэл байсан. Монгол хэлийг маань булаавал бидэнд юу ч үлдэхгүй болох нь ээ гэж өмнөд монголчууд ярьж байгаа. Хэрвээ монгол хэлээ авч үлдэж чадахгүй болбол монгол үндэстэн гэж биднээс юу ч үлдэхгүй юм байна. Ер нь Хятадын нам төрийн бодлого зах зээлийн социализмын чөлөөт зарчмаасаа ухарч байгаа.Цөөнх үндэстнүүдийг байхгүй болгох гэж үзэх, тэр дундаа өмнөд монголчуудыг байхгүй болгох бодлогыг хүчтэй явуулж байна.

-Монгол хэлээр хичээл оруулахгүй гэсэн албан бичиг ирээгүй гэсэн мэдээлэл яваад байгаа шүү дээ. Яг тодорхой шийд гараагүй юм байна гэдэг байдлаар хүмүүс хүлээж аваад байгаа?

-Албан бичгээр тушаал гаргахгүйгээр амаар үүрэг даалгавар ирж байна. Төвөөс албан тушаалтнууд ирж монгол хэлээр хичээл оруулахгүй гэдэг зааварчилгаа өгсөн байна. Сургуулийн захирал, багш нарыг цуглуулаад зааварчилгаа өгч байна. Тэгээд багш нар нь, сургуулийн захиргаа нь хэрэгжүүлдэг ийм байдал үүсээд байгаа. БНХАУ-ын Тунляо буюу Жирэм аймагт хэрэгжүүлнэ гэж анх ярьсан. Илэрсэн нь тэр болохоос биш мөн нууцаар Улаан хад аймагт бас монгол хэлээр хичээл оруулахгүй байх арга хэмжээ авч байгаа нь илэрсэн. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол ер нь бүх Өмнөд Монголын аймаг хотуудад өгсөн юм байна. Түүгээр зогсохгүй монголчууд амьдран суудаг Өмнөд Монголоос гадуурх, өөр зургаан мужид хятадаар хичээллэ гэдэг зааварчилгаа өгчээ. Ерөөсөө л монгол хэлийг устгах зорилгоор бүх газар ийм зааварчилгаа ирсэн байна. Энэ заавар нь хоёр гурав хоногийн дараа хэрэгжих гээд бэлэн болоод байж байна даа.

-Монгол хэл огт орохгүй гэсэн үг үү. Хосолсон сургалт гэж яриад байгаа нь ямар учиртай вэ?

-Монгол хэл заахыг хорихыгоо хос хэлний сургалт гэж ярьдаг. Хос хэлний сургалт гэж юуг хэлэх вэ гэхээр, хятад хэлээр бүх хичээлийг заана, хятад хэлийг нэгдүгээр ангиас заана, гэхдээ монгол хэлний хичээл оруулна гэдэг. Үүнийг хос хэлний сургалт гэж яриад байгаа юм. Энэ бол үндсэндээ хятад хэлний л сургалт шүү дээ. Бага насны хүүхэд сургуульд ороход эх хэлээ ч сайн эзэмшиж чадаагүй байдаг. Тэгэхэд шууд хятад хэл, хятад үсгийг нэгдүгээр ангиас нь заагаад, хятад хэлээр бөмбөгдөхөөр ерөөсөө л хятад хэл, эх хэл хоёр нь адил түвшинд очно. Хятад хэл нь бүр давамгайлсан түвшинд ч очно. Монгол, хэл хятад хэлний хичээлийг зэрэгцүүлэн заахаас гадна монгол хэлнээс бусад бүх хичээлийг хятадаар заана гэж байна. Тэгэхээр өмнөд монгол хүүхдүүд хятад сургуульд орж байгаа л гэсэн үг. Гэхдээ тэр сургууль монгол сургууль гэсэн нэртэй байна. Ер нь өмнөд монголчуудыг хавчиж, Засгийн газраас нь нүүдэлчин ахуй нь социалист нийгэмд зохихгүй байна гээд хүчээр суурьшуулдаг. Газар, малын төлбөр өгнө гээд өгдөггүй. Малчин монголчууд хот суурин газар очихоор олонх хүн ам нь хятад байдаг. Тэнд очоод малчин хүмүүс хятад хэлийг сайн мэддэггүйгээс хятад оршин суугчидтай өрсөлдөж чаддаггүй. Ямар ч мэргэжил байхгүй, цалин муутай, хөдөлмөр хамгаалал байхгүй учир цэвэрлэгч үйлчилгээний ажил хийдэг. Яг л дээр үед ярьдаг байсан, колончлох улс орнууд тухайн ард иргэдээр хамгийн доод шатны ажил хийлгээд өөрсдөө хамаг юмыг нь цөлмөж байна гэдэг ийм байдалд өмнөд монголчууд орчихоод байна. Одоо харсаар байгаад л үр хүүхдүүдийг нь хятад болгох ийм хүчтэй уусгалт явуулаад эхэлсэн.

-Өмнөд Монголын төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст дарамт шахалт ирж байна гэсэн?

-Хятадын Засгийн газраас 2017 оноос хойш жагсаал цуглаан хийхийг хатуу хориглосон. Өмнө нь монголчууд бэлчээр малаа булаалгалаа гээд байнга жагсаал цуглаан хийдэг байсан бол энэ үеэс эхэлж жагсаал цуглаан хийхийг хатуу хориглосон. Тэр үед жагсаал цуглааны гол удирдагчдыг нь гэрийн хорионд оруулж эхэлсэн. Эсэргүүцлийн жагсаал цуглаан хорьсон учраас өмнөд монголчууд сая бараг жагсаж цуглаагүй. Цөөн хэдэн хүн бичиг бариад зогссон. Зарим нь бичиг бариад олон нийтийн сүлжээнд зургаа оруулж эсэргүүцлээ илэрхийлсэн. Дээр нь багш эрдэмтэн хүмүүс үгээ хэлж байна. Өдий болтол монгол хэлээр хичээллээд ирсэн нь төрийн бодлогод харшлахгүй явсаар ирсэн гэдгийг тал бүрээс нь хэлж, монголоороо хичээллэхэд муу юм болоогүй шүү дээ гэдгийг тайлбарлаж байна. Яг одоо төрд ажиллаж байгаа хүмүүс үзэл бодлоо тэр бүр илэрхийлж чадахгүй байна. Өмнө нь төрийн зүтгэлтэн байсан хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байна, харин. Хилийн чандад байдаг дүрвэгч өмнөд монголчууд бас янз бүрийн хурал хийх, жижиг цуглаан хийж, гарын үсэг цуглуулж олон улсын хөдөлгөөн өрнүүлж, Хятадын төрийн байгууллагууд болон олон улсын төрийн байгууллагуудад бичиг өгөх зэргээр хилийн чинадад байгаа дүрвэгч монголчууд тэмцлийг өрнүүлсэн. Энэ тэмцлийн уриа лоозонг хүлээж аваад монгол улсад зарим залуучууд бичиг барьж, олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж, уриалга гаргаж, монгол хэл соёлын талаарх байр сууриа янз бүрээр эсэргүүцсэн. Гэхдээ энэ тэмцлүүд төдийлөн нөлөөлөхгүй байна. Яг одоо хэдхэн хоногийн дараа хятад хэлээр хичээллэх шийдвэр хэрэгжих гэж байна шүү дээ.

-Одоо ямар арга хэмжээ авбал хамгийн тохиромжтой гэж бодож байна?

-Тэглээ гээд хаяж болохгүй. Дэлхий дээр арван сая монгол үндэстэн бий. Үүнээс гурван сая нь Ар Монголд, зургаан сая нь Хятадад байна. Үлдсэн нэг сая нь ОХУ-д байна гэж үзэхэд, 10 сая монголчуудын олонх нь буюу зургаан сая нь өмнөд монголчууд. Тэд маань эх хэлээ алдах ийм байдалд хүрчээд байна. Монголчууд маань монгол хэлээ хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэж дуугарах хэрэгтэй байна. Өмнөд монголчууд олон улсын байгууллагад хандах эрх нь хомс учраас ардчилсан Монгол Улсын иргэд үгээ хэлэх эрхээ ашиглаад олон улсын байгууллагад хандаж тусламж авах, манай улсын Соёлын яамнаас Хятадын засгийн газарт хандах хэрэгтэй. “Бид нар монгол хүмүүс учраас монгол хэл хумигдаж байгаад харамсаж байна” гэдгээ илэрхийлэх ёстой. Монгол үндэснээ хамгаалж Монгол Улсын иргэн болгон дуугаръя. Өмнөд монголчууд гэдэг чинь дэлхийд монгол үндэсний дийлэнх нь байж байна. Өөрөөр хэлбэл, арван сая монгол үндэсний зургаан сая нь өмнөд монголчууд юм. Монгол үндэсний ихэнх нь байхгүй болбол монгол үндэстэн үнэхээр хүчгүйднэ. Өмөг түшгээ алдана. Өмнөд монголчууд байхгүй болбол Хятадын тэлэлт, уусгалт манайх руу үерлээд л ороод ирнэ. Өмнөд монголчуудыг хамгаална гэдэг чинь өөрсдийгөө хамгаална гэсэн үг. Монгол хэлэндээ хайртай, монгол хэл соёлоо гэсэн хүмүүс, хэл бичгийн эрдэмтэн мэргэд, зохиолчид ялангуяа хүчтэй дуугарах хэрэгтэй байна. Монгол хэлээ хамгаалах асуудал бол ганц өмнөд монголчуудад тулгараад байгаа асуудал биш, ерөөсөө л бүх монголчуудад хамаатай асуудал. Хэлний багш нар судлаачид бүгдээрээ өмнөд монголчуудын асуудал гэж харахгүйгээр монгол хэлний асуудал, эх хэлний маань асуудал гэж хамгаалж дуугараач ээ. Монголд бүгдээрээ дуугараад хэлээд байвал олон хүн сэрнэ, дээрээс нь монголчуудаас олон улсын байгууллага, хэл соёлын байгууллагад олноороо хандаж дуугараач ээ гэж уриалмаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *