Categories
мэдээ улс-төр

Өмчийг өр төлбөрт тооцоход заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлнэ DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомжийг шинэчлэх, үнэлгээний олон улсын стандартын зарчмуудыг нэвтрүүлэх, хуулийн маргаантай заалтуудыг тодруулах, одоо үйлчилж байгаа эрх зүйн орчны хийдэл, давхардлыг арилгах, сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарч буй учир хуулийн төслийг Засгийн газар шинэчлэн найруулжээ.

Хуулийн төсөлд хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч үнэлгээчин, үйлчлүүлэгч, хэрэглэгч гэсэн талуудын оролцоог жигд хангах, олон нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах, өр төлбөрт тооцох, иргэд аж ахуйн нэгжээс татан авах зэрэг тодорхой тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэхээр тусгажээ. Хөрөнгийн үнэлгээний талаарх бодлогыг тодорхойлж шийдвэрийг гаргахдаа төрийн болон мэргэжлийн байгууллага, үнэлгээний хуулийн этгээдийн оролцоог нэмэх, харилцан уялдаатай байлгах зорилгоор мэргэжлийн хороог Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулах зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас шинэчилсэн найруулгын төсөлд дараах зохицуулалтыг нэмж тусгах санал гаргасныг олонх дэмжлээ. Үүнд:

-Төслийн зарим нэр томьёог Үнэлгээний олон улсын стандартын хорооноос баталсан стандартад нийцүүлэн шинэчлэн боловруулж, хөрөнгийн үнэлгээний хуулийн этгээд гэж тусгай зөвшөөрөл авсан компани байхаар;

-Нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгөд үнэлгээ хийхдээ үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, баталсан журам, аргачлалын дагуу үнэлгээний хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх;

-Хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэлгүй хийгдсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд үйлчлүүлэгч өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх;

-Захиалагч, гуравдагч этгээд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах, тайлбар, мэдээлэл авах, мэргэжлийн байгууллагад гомдол гаргах;

-Үнэлгээчин мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах бөгөөд үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдээс хөрөнгийн үнэлгээ хийх гэрээнд заасан төлбөрөөс гадна бэлэг, хандив авахыг хориглох;

-Үнэлгээчин нь үйлчлүүлэгч, захиалагч болон түүний эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий бүхий хувьцаа эзэмшигчтэй, эсхүл үйлчлүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийсэн этгээдтэй ойрын төрөл садан биш байх;

-Мэргэжлийн байгууллага шалгалтад тэнцсэн иргэнд үнэлгээчний эрхийг гурван жилийн хугацаатай олгож, гурван жилээр сунгах бөгөөд эрхийг сунгаснаас хойш хуульд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд үнэлгээчний эрхийг хугацаагүй олгоно.

-Зөвшөөрөл хүсэгч энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд хүргүүлж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгох;

-Зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлэх баримт бичигт “мэдээллийн технологи, аюулгүй байдлын дотоод журам”, үнэлгээний тусгай зөвшөөрлийг сунгахдаа “үнэлгээнд чанарын хяналт шалгалт хийсэн дүгнэлт”-ийг хавсаргахаар нэмж тусгалаа.

-Мэргэжлийн байгууллага нь үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн гишүүнчлэлтэй, мэргэжлийн ёс зүй, хараат бус байдлыг хангах, үнэлгээчинд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд байхаар тодорхойлж, мэргэжлийн байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулсан.

-Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

-Төсөлд шилжилтийн үеийн зохицуулалт буюу энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд нийцүүлэн үнэлгээчний эрхээ сунгуулах, шинэчлэх тухай хүсэлт гаргах зэрэг зохицуулалтыг төсөлд нэмж тусгалаа.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *