Хийх хүнд арга мундахгүй, хийхгүй хүнд шалтаг мундахгүй хэмээх ардын үг бий. Энэ цагийн улс төрч, бизнесмен, Монголын толгой баячуудыг хоёр агуулгаар хувааж болох. Тэр нь өөрийн биш улсын хөрөнгөөр цойлогсод. Нөгөөх нь улсын хөрөнгөөр бус өөрийнхөө хөрөнгөөр цойлогсод гэж. Эхний агуулгад багтагсад голцуу нийгмийн салбараас улс төр лүү орсон эрхмүүд бий.
Тэдний хувьд амьдралынхаа турш ямар ч бизнес эхлүүлж, аж ахуйн нэгж удирдаж байгаагүй атлаа өөрийнх нь хөрөнгө асар их өссөн байдаг. Хөрөнгө нь өссөхийн зэрэгцээ нэр хүнд нь ч дагаад өссөн нь анзаарагддаг. Учир нь тэд бол маш сайн тархи угаагчид юм. Хаана, хэнийг, ямар хөрөнгөөр хуурах уу гэдгээ тэд илүү сайн мэддэг. Өөрөөсөө нэг ч зарлага гаргахгүйгээр бусдын хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр нэр хүндээ өсгөцгөөдөг.
Энэхүү үзэгдэл нэн ялангуяа тойргоос сонгогдсон гишүүдэд тодорхой харагддаг. Зарим гишүүдийн хувьд хууль санаачлах, иргэддээ тэгш боломжийг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн үүргээ умартаж. Түүний оронд улсын төсвөөр тойрогтоо нэг ч гэсэн километр зам тавих, сургууль, цэцэрлэг барих ажлыг илүүд үзэх болсон. Угтаа орон нутагт зам тавих, сургууль, цэцэрлэг баригдах асуудал бол гишүүдийн хийх ёстой ажил биш. Энэ бол төрийн хийх ёстой, хийж ч байгаа ажлууд. Гэтэл улсын төсвөөр зам тавигдах, сургууль, цэцэрлэг баригдах болгонд тухайн тойрогоос сонгогдсон гишүүд өөрсдөө хөрөнгө босгож хийчихсэн юм шиг улаан тууз хайчлан бахдалтай зогсож байна. Түүний оронд баянаараа байнга муу хэлүүлдэг ч улсын биш өөрийнхөө хөрөнгөөр нутаг орондоо, тойрогтоо томоохон бүтээн байгуулалт хийдэг улс төрчдийг бид ялган салгаж дэмжих ёстой. Аливаа зүйлд хэрсүү байж, цаадах бодит агуулгыг нь л ойлгочих хэрэгтэй. Чиний мөнгөөр өөрийнхөө хийх ёстой ажлыг хийчихээд би хийсэн гэж цойлоод байгаа нөхдүүд гоё уу.
Эсвэл өөрийнхөө хөрөнгөөр төрийн хийх ёстой ажлыг хийчихээд баянаа гайхуулдаггүй эрхмүүд гоё уу. Үүнийг л монголчууд анзаарчих. Сонгууль ойртлоо. Таны мөнгөөр төрийн хийх ёстой ажлыг хийчихээд өөрөө хөрөнгө гаргаж хийчихсэн мэтээр тодрогчид борооны дараах мөөг шиг олширно. Тэднийг таних угтаа ийм л амархан. Танисан бол сонголтоо зөв хий. Монголын толгой баячууд, улс төрчид орон нутагтаа яг юу хийв. Баянхонгороос гаралтай томоохон улс төрчид толгой бизнесменүүд олон. Монголын хамгийн баян компани гэгдэх MCS-ийн удирдлагууд, хамаарал бүхий хүмүүс Баянхонгорых. Гэтэл тэд нутаг усандаа нийтийн сайн сайхны төлөө, улс орны хөгжилд хэрэгтэй бодит томоохон бүтээн байгуулалт гэх зүйл яг юу хийв. Эсрэгээрээ үйл ажиллагаа явуулдаг орон нутагт нь хийсэн бүтээсэн бүтээн байгуулалттай аж ахуйн нэгжүүд бас цөөнгүй. Үндэсний томоохон компани болох МАК-ийн хувьд орон нутагт тулгамдсан цөөнгүй асуудлыг шийдсэн байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд орон нутагт хэрэгтэй болгоныг босгож. Улсын төсвөөр хийгдэх ёстой олон бүтээн байгуулалтыг өөрийнхөө хөрөнгөөр хийж яваа аж ахуйн нэгж гэдгээ ч өөрсдөө нүүр бардам сурталчилж явна.
Таван богд бол Монголын тэргүүлэгч аж ахуйн нэгж, групп. Энэхүү группын удирдлагууд нь Ховдын гэлцдэг. Тэгвэл Таван богд Ховдын малчдаас ноолуур авахаас биш Ховдад яг юу хийв. Хөрөнгө нь бидний мэдэх тооноос хэтэрчихсэн компани. Гэтэл орон нутагт, нийгмийн сайн сайхны төлөө, цаашлаад улс орныхоо төлөө ядаж нэг цахилгаан станц барьчихсан бил үү. Нэг ч гэсэн сургуулийн шинэ барилгатай бил үү. Улс орон даяар эрчим хүчний хямрал, хомсдолтой байна. Гэтэл Таван богд шиг томоохон аж ахуйн нэгжүүд ард түмний төлөө юу хийж байна вэ. Адаглаад УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг шиг цахилгаан станц байгуулчихаж болохгүй юу. Завханаас сонгогдсон Ц.Цэрэнпунцаг гишүүн өөрийнхөө хөрөнгөөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 18 мвт-ын цахилгаан станцыг босгож байна. Тэрээр 130 тэрбумын хөрөнгийг өөрөөсөө гаргаж, уг цахилгаан станцыг байгуулж, дараа жил ашиглалтад оруулахаар ажиллаж байх жишээтэй. Энэ хэмжээний хөрөнгө Таван богдод байхгүй гэж үү. Ховдод байг гэхэд эрчим хүчний дутагдалтай сум орон нутаг захаас авахуулаад л нэрлэгдэхээр байгаа. Эрчим хүч байг гэхэд ядаж сургууль, цэцэрлэгийн хүртээмж багатай аймаг, сумд их байна. Тэр сумдад, аймагт ядаж нэг сургууль босгочих хөрөнгө Таван богдод бий. Завхан аймгийн сум бүр өндөр хүчдэлтэй холбогдсон ч гэсэн орой ажил тарах үеэр эрчим хүчээ зэрэг ашиглаад эхлэхээр ачааллаа дийлдэггүй зовлон бий. Улаанбаатараас цахилгаанаа авдаг учраас тасралт ихтэй. Тиймээс завханчуудын хүсэл бол эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох. Үүнийг нь орон нутгаас сонгогдсон гишүүн өөрийнхөө хөрөнгөөр шийдчихлээ. Ийм том асуудлыг шийдэж чадсан шүү гээд бусад улс төрчтэйгөө адил пи ар хийгээд явахгүй байгаа нь хачирхалтай. Угтаа сонгууль ойртчихсон энэ үед улс төрчид нэг ч гэсэн хийсэн бүтээснээ гайхуулан ярих дуртай байдаг сан. Гэтэл яагаад ийм чимээгүй байна вэ. Эсвэл нэг киллометр замыг улсын төсвөөр баричихаад түүнийгээ өөрийнхөөр хөрөнгөөр хийчихсэн мэтээр топордог гишүүдээс өөрөөр сэтгэж чадаж байна уу. Бусдын хөлс хүчинд өндийж, боссон бол бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх нь өөрөө ёс суртахуун. Ийм ёс суртахуунтай улс төрч, бизнесменүүд өнөөгийн Монголыг өөд татна, хөгжүүлнэ. Түүнээс биш миний, таны хөрөнгөөр хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр цуурдаг нөхдүүдээс бид салах цаг нь болсон. Нөгөөтэйгүүр хөрөнгө чинээгээрээ тэргүүлэгч томоохон аж ахуйн нэгжүүдээ бусдын төлөө, нийгэм, улс орныхоо төлөө ядаж нэг ч гэсэн олон нийтэд хэрэгтэй, ашиг тустай бүтээн байгуулалтийг өрнүүлээсэй.