Улсын хилээр их хэмжээний алт хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан хүмүүст холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
Иргэн Х.Ганзориг, У.Цолмон, А.Соронзонболд нар 753 сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмайг энэ оны есдүгээр сарын 1, 2-нд өмнөд хөрш рүү гарах гэж байсан галт тэргээр Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүс буюу Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдон шалгуулсан юм. Тэдэнд Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.5-1 дэх хэсгийн “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх уг хэргийг хэлэлцээд иргэн Х.Ганзориг, У.Цолмон, А.Соронзонболд нарыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг нь 5.4 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин тэдний хил давуулах гэж байсан 753 сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмайг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.