Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарчаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн учраас баяр наадамд ес давсан амжилтыг нь хүчингүйд тооцож, улсын цолыг нь хураах шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдөр М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд улсын цол, чимэг нөхөн олгох Ерөнхийлөгчийн зарлиг гарч, нэр бүхий бөхчүүдэд цол, чимэг олголоо. Тухайлбал, есийн даваанд өвдөг шороодсон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын гарьд Ц.Бямба-Отгонд улсын арслан цол, наймын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангайд “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Архангай аймгийн арслан С.Сүхбат улсын заан, зургаагийн даваанд унасан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш улсын харцага, тавын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин цол тус тус хүртлээ
Энэ үеэр шинээр улсын цол, чимэг хүртсэн бөхчүүдээс тодрууллаа.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат шинээр улсын арслан цол хүртсэн Ц.Бямба-Отгон: -Төр засгийн шийдвэрээ хүндэтгээд цолоо авлаа, сайхан байна. Наадмаар даваад цолоо авсан бол уг нь их сайхан байх байлаа. Үндэсний бөхийг хамгийн муухай харагдуулж байгаа зүйл бол допинг. Допингийн тухайд манай бөхчүүд бүгд л эсэргүүцдэг. Энэхүү эсэргүүцэлтэй хамт төр засаг байгаад баяртай байна. Энэ бол дөнгөж бөхөөр хичээллэж байгаа залуу бөхчүүдэд маш том сургамж, үлгэр дуурайл болсон зөв шийдвэр гэж харж байгаа. Миний хувьд анх аймгийн заан цолтой байхдаа сэргээшийн төрлийн шинжилгээ өгч байсан. Тэгэхэд маш эвгүй байсан. Юу гэхээр манай бөхчүүдийн дунд нэгнээ гүтгэдэг, допин хэрэглээгүй байсан ч чамаас допинг илэрчихлээ гээд гүтгэдэг зүйл байдаг шүү гэж яригддаг байсан. Одоо ч ингэж яригддаг. Тэр утгаараа анх шинжилгээ өгч байгаа залуу бөхчүүдийн хувьд энэ бол маш их сэтгэл санааны дарамт болдог гэж ойлгож болно. Миний хувьд ч тухайн үед шинжилгээ өгөхдөө айж байлаа. Нээрээ хорлогдчих вий дээ гэж боддог байсан. Гэхдээ анхны шинжилгээ үнэн бодит гарсан болохоор дараа дараагийн удаадаа итгэлтэй болчихдог юм билээ. Ер нь допингийн шинжилгээний хариуд итгэлтэй байдаг. Хариу нь зөв л гарч байгаа гэж боддог. Монголын допингийн эсрэг үндэсний төв энэ он гарснаас хойш 80-90 бөхөөс допингийн шинжилгээ авчихсан явж байгаа юм билээ. Миний хувьд өнөөдрөөс галын бэлтгэлдээ гарч байна. Удахгүй болох Үндэсний их баяр наадмаараа монголчууд маань сайхан наадацгаагаарай. Монгол наадам шударга сайхан болоосой гэж хүсч байна.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, идэр залуу улсын заан С.Сүхбат: -Сайхан заан цол хүртлээ. Сэтгэл маш өндөр, баяртай байна. Допингийн төрлийн бодисыг миний хувьд бүрэн эсэргүүцдэг. Допинг бол хууль бусаар бусдын хөдөлмөрийг сорж байна гэсэн үг. Тиймээс цаашид допинг хэрэглэсэн бөхчүүдэд оногдуулах хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэж боддог. Явцын шинжилгээ маш бага авагддаг. Тиймээс бөхчүүдийн хувьд допинг хэрэглэх тохиолдол их байна. Тэр утгаараа наадмаас өмнө бөхчүүдээс явцын шинжилгээ авчихаад наадамд барилдуулдаг болох хэрэгтэй байгаа юм.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын харцага Э.Даш: -Улсын харцага цол хүртэнэ гэдэг бол эрэмбээрээ хамаагүй дээшилж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс энэ бол том цол. Удахгүй болох баяр наадмын мэндийг нийт монголчууддаа хүргэхийн зэрэгцээ төрийн наадам маань хэл амгүй, шударга сайхан болоосой гэж хүсч байна. Тухайн үед М.Бадарчид унахдаа түрүү бөхөд уначихлаа даа гэж бодож байснаас биш ийм асуудалтай байна гэж бодсонгүй л дээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй өв соёлыг харлуулах гэсэн янз бүрийн яриа явагддаг. Ийм бохир зүйл төрийн наадамд байхгүй гэж миний хувьд хатуу итгэж үнэмшдэг. Түрүү жилийн хувьд явцын шинжилгээ их авагдсан. Харин энэ жилийн тухайд явцын шинжилгээ огт авсангүй. Явцын шинжилгээ авахгүй байсаар баяр наадамтай золгож байх шиг байна. Болдог бол допингийн шинжилгээг баяр наадам болохоос өмнө авчихдаг бол их сайн байна. Тэгвэл сүүлд нь иймэрхүү асуудал гарахгүй шүү дээ.
Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат улсын идэр залуу начин Б.Баянмөнх: -Улсын цол хүртлээ. Сайхан байна. Цаашдаа энэхүү цолондоо эзэн болж барилдахыг хүсч байна. Уг нь даваад цолоо авсан бол цаашаа зургаагийн даваанд гараад барилдчихна. Давж цолоо авчихаад дараагийн даваандаа барилдана гэдэг бөх хүний хувьд асар том сэтгэл зүйн дэм шүү дээ. Тэр утгаараа жаахан харамсалтай байгаа. Нэг ёсондоо цаашаа өндөр даваануудад яаж ч барилдах байсан юм билээ, хэн ч мэдэхгүй шүү дээ. Бөхчүүдийн хувьд улсын цолны болзол хангах тусам л улам ир орж, зоригтой сайхан барилддаг онцлогтой. Миний хувьд ч тэгж барилдах боломжтой байсан гэж боддог. Бүтэн жилийн хугацаанд аймгийн арслан цолтойгоороо барилдлаа. Уг нь улсын начин цолтойгоороо барилдсан бол оноолт таарах хүмүүстэйгээ улсын баяр наадмаас өмнө хэдэн удаа гар зөрүүлчих байсан болов уу гэж бодож байна. Хэдий оройтсон ч улсын цол авсандаа маш их баяртай байн
One reply on “Улсын арслан Ц.Бямба-Отгон: Улсын баяр наадмаар цолоо авсан бол бүр ч сайхан байх байлаа DNN.mn”
Магалжавд л учир бгаадаа. Допингийн төв бол мөнгөө бодоод шууд авна биздээ