Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Ирэх 2018 онд Монгол Улсын Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,218.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,828.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,610.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь байхаар төсөлд тусгасан байна.
Тухайлбал, төсвийн орлогыг бүрдүүлэхдээ УИХ-аас баталсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, ОУВС-тай тохирсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгасны дагуу татварын хоёр дахь шатны шинэчлэлийн ажлыг эрчимжүүлнэ. Мөн төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан бааз суурийг нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.
Тэгвэл төсвийн зарлагыг ОУВС-тай тохирсон зарлагын чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах, инфляц, валютын ханшны өөрчлөлтөөс нэмэгдэх бараа үйлчилгээний зардлыг төсөвт тусгахаар заасан байна.
2018 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ ДНБ-ий 9.5 хувиас хэтрэхгүй байх шаардлагатай бөгөөд төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-ий 8.6 хувьд хүргэн бууруулж, төсвийн тэнцлийг тусгай шаардлагаас ДНБ-ийн 0.9 хувиар сайжруулахаар байна хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн байна.