Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал үндэсний-бөx

Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан цуцлагдав

“Жем групп”-ын нэрэмжит Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Энэ барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Гэвч тэднийг барилдахыг эсэргүүцэн бусад бөхчүүд хүндэтгэлийн барилдааны нэгийн даваанд гарч барилдсангүй. Уг хоёр бөхийн хувьд 2019 оны Улсын их баяр наадмын дараа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулсан юм. Гэхдээ хориглосон хугацаа нь дуусч, тэдний барилдах эрх энэ барилдаанд сэргэсэн аж.

Гэвч бөхчүүд допингийн хариуцлагын шийдвэр өөр өөр байгаад дургүйцлээ илэрхийлэн ийнхүү бойкот зарлажээ.

Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн. Харин даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нараас допинг илрэхэд 11 сараар хасаж, харилцан адилгүй шийтгэл ноогдуулсан юм.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав тайлбар хийхдээ, “Хоёр бөхийн эрхийг хассан шийдвэрийг бол Баяр наадмыг зохион байгуулах комисс гаргасан. Бөхчүүд үзэгч олон болон ахмад харцага цолтой бөхчүүдээ хүндлэн гарч зодоглох хэрэгтэй. Харин аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва хоёр сайн дураараа энэ барилдаанаас татгалзах шаардлагатай байна” гэсэн уриалгыг хэлсэн юм.

Улсын арслан Р.Пүрэвдагва өөрийн саналаар бөхчүүд, бөх сонирхогч нараа хүндлэн малгайгаа авч ёслон уг барилдаанаас түдгэлзсэн бол аварга Н.Батсуурь шаардлагыг эсэргүүцсээр байв. Бөхийн жаяг дэгийн баг яаралтай хуралдаж, бөхийн олонх дургүйцэж байгаа тул Улсын аварга Н.Батсуурийг хүчээр уг барилдаанаас хасч, нэгийн давааг дахиж барилдуулах шийдвэр гаргаад байна.

Ийнхүү хүчит бөхийн нэгийн давааг дахин барилдуулахаар болсон ч аварга Н.Батсуурь болон түүний аав, харцага Г.Намсрайжав тэргүүтэй Увс аймгийн бөхчүүд талбай дээр гарч зогсон, эсэргүүцэл илэрхийлэн барилдааныг эхлүүлэхгүй байсан учир аргагүйн эрхэнд Монголын үндэсний бөхийн холбоо тус барилдааныг цуцаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *