Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын улирлын хаалтын тоглолт энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд өнөөдөр 17 цагт 55 дахь улирлын дуурийн Гала тоглолт болно.
Тус театрын уран бүтээлчид дэлхийн шилдэг сонгодог хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ойн хүрээнд сонгодог бүтээлийг үзэгч түмэндээ өргөн барьж байгаа юм. Энэхүү тоглолтод театрын уран бүтээлчдээс гадна БНСУ, ОХУ-ын дуурийн дуучид оролцоно. БНСУ-ын удирдаач Ки Сун Ли, дуучин Ким Нам Юүн (сопрано), И Ёон Сук (сопрано), Лю Хён Сунг (басс-баритон), ОХУ-ын Буриадын театрын гоцлол дуучин, Ардын жүжигчин Н.Мөнхзул нарын гадаадын уран бүтээлчид өнөөдрийн тоглолтод дуулна.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, бүжгэн жүжиг, хөгжмийн бүтээлүүдээ толилуулжээ. Мөн дэлхийн дуурийн топ 10 хөгжмийн зохиолчдоос есөн бүтээлийг нь Монголын тайзнаа амилуулаад байна.
Тус театрын уран бүтээлчид маргааш Д.Сүхбаатарын талбайд Монголын болон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг үзэгчдийн сонорт хүргэснээр 55 дахь улирлаа өндөрлүүлэх юм.