Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан П.БҮРЭНТӨГС: Хавдрын аянд бөхийн байгаа хандивлалаа. Монголын минь ирээдүй гэрэлтэй байх болтугай

Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнхийн нэрэм­жит барилдаан өнгөр­сөн бямба гаригт болсон. Тус барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат бөх Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлсэн юм. Тэрбээр хавдрын эсрэг аянд нэгдэж түрүү бөхийн бай шагналд авсан таван сая төгрөгөө өнөөдөр Хав­дар судлалын үндэсний төвд гардуулан өгөх юм. Ингээд П.Бүрэнтөгс арслантай ярилцлаа.

Юуны өмнө танд баяр хүргэе. Х.Баянмөнх аваргын нэрэмжит барилдаанд түрүүлж, шагналын мөн­гөө хавдрын эсрэг аянд зориулна гэлээ. Сүүлийн үед бөхийн ертөн­цөд сонсогдож бай­гаа­гүй маш сайхан мэдээ байна…

-Монголын ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Увс нуур” бөхийн гал 90 жилийнхээ ойн хүрээнд “Монгол бөхийн баяр” гэж өргөн дэлгэр сайхан баяр хийсэн. Үүний хүрээнд өвгөн аваргынхаа хүндэтгэлийн барил­дааныг амжилттай сайхан зохион байгууллаа. Өөрийн зүгээс барилдааны бай шагналаа нийгэмд тулгамдаад байгаа гол асуудлын нэг хавдрын эсрэг үйл ажиллагаанд зориулж байна. Монголчуудыг түгшээж буй асуудлын нэг нь хавдар болчихлоо. Миний ойрын хүрээнд ч их байна. Сэтгэл их эмзэглэж явдаг. Тэр үүднээс нэгдье гэж бодсон юм.

Хэр хэмжээний мөнгө гардуулж байна?

-Түрүү бөхийн байгаа тэр чигт нь бэлэглэж байна. Заалны барилдааны түрүү бөхийн бай янз янз л байдаг юм даа. Би нийг­мийн чиглэлийн ажлаас хойш сууя гэж боддоггүй. Аль болох оролцохыг хичээж, дэмжиж явдаг юм. Нэг ч гэсэн хүн хавдраас салж, Монголын минь ирээдүй гэрэлтэй байх болтугай.

Бөхчүүд улсын болоод аливаа барилдаанд түрүү­лээд том жийп машин, байр авдаг. Харин та байгаа хандив­ласан анхны хүн боллоо. Бусад бөхчүүд ч үлгэр дуурайл авч цаашдаа ийм жишээ олон гарна байх?

-Ийм жишиг тогтвол сайн байлгүй яахав. Монголчууд бид бие биедээ тустай дэмтэй явбал сайхан л байна.Бид өөрсдөө л нэгнийгээ дэмжиж, туслах хэрэгтэй шүү дээ.

Нэгэнт уулзсаных хоёулаа бөхийн яриа руу оръё. Энэ жил таны бэлтгэл их сайн байна гэж хүмүүс ярилцаж байна. Таны хувьд улсын баяр наадамд залуу арслан Э.Оюунболдыг давах боломж байсан уу?

-Улсын баяр наадамд хэн илүү бэлтгэл сургуулилттай, од хийморьтой нь сайн барилдаж, үзүүр түрүү авдаг. Тэр хүний наадам бол­дог. Залуу арслан надаас илүү хийморьтой, илүү бэлтгэл сайтай байсан учраас наадмын түрүү авсан байх аа. Тийм ч учраас сайхан барилдаж арслан болсон. Миний хувьд өөрийнхөө бодож хүсч явсан хэмжээндээ барилдаж чадаагүй ч байгаа хэмжээгээ мэдэж авсан гэж бодож байна. Цаашид илүү сайн хичээж барилдах, бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой юм байна гэдгийг мэдэж авсан.

Ялангуяа та наймын даваанд наад­мын түрүү авах найдлага төрүүлж байсан Улсын заан Ч.Санжаадамбыг хаясан шүү дээ. Тэр их сонирхолтой барилдаан болсон доо?

-Бас л өөрийн онцлогтой сайхан барилдаан болсон л доо. Энэ цаг үеийн шилдэг сайхан зааныг амлаж аваад сайхан барилдлаа. Бид чинь энэ цаг үеийн бөхийн түүхийг бичилцэж байгаа хүмүүсийн нэг гэж боддог. Тэр утгаараа сайхан байсан.

Та улсын цол авснаасаа хойш ард түмнийхээ хүлээж байсан шиг сайн барилдаан үзүүлж чадахгүй байсан. Ер нь аймгийн цолноос улсын цолонд хүрэх сэтгэл зүйн хувьд ямар байдаг вэ?

-Монгол бөхөд эрэмбэ дэс дараа гэж нэг сайхан юм бий. Тухайн үедээ аймгийн цолтой бөхчүүдээс 100 гараад зогсч байсан. Ер нь улсын цолд хүрэхийг зорьж л байсан. Тэгтэл шууд улсын том цол авчихсан. Тэр том бөхчүүдийн дээр гараад зогсчихоор байр сууриндаа дасан зохицох асуудал гарч ирдэг юм билээ. Хэтэрхий том бөхчүүдтэй эн зэрэгцээд ирэхээр биеэ барьж байсан. Хоёрдугаарт тамирчин хүнд бэртэл гэмтэл гэж нэг асуудал гарч ирдэг. Намайг ч гэсэн дайраад гарсан. Энэ бас бага зэрэг нөлөөлсөн байх.

Ямар бэртэл авсан бэ?

-Бага зэргийн бэртлүүд авсан. Одоо харин бэлтгэл сайхан жигдэрч байна.Бэртэл гэмтэл холуур байна.

Дараа дараагийн барил­даанд тань биеэ барих тэр мэдрэмж, сэтгэл зүй нөлөөлсөн биз?

-Тэгэлгүй яахав. Хамгийн том асуудал чинь тэр байхгүй юу.

Монгол Улсын арслан цол авсан тэр жилийн барилдаанаа эргэн нэг дурсахгүй юу. 2012 оны наадам байх аа?

-Яахав тэр жил ерөнхийдөө өөрийгөө гайгүй том цолд хүрчих байх гэж бодож байсан. Гэхдээ түрүүлнэ гэж бодоогүй. Харин заан бол болчих байх гэсэн итгэлтэй байсан. Тэр жилийн бэлтгэл сургуулилт ч сайн байсан. Манай “Увс нуур” бөхийн гал гэж сайхан хамт олон байна. Төрийн наадмын олон түрүү бөх нэг дор цуглаж, нэг сэтгэлээр нэг зүгт зорин сайхан бэлтгэл хийдэг. Энэ бас нөлөөлсөн дөө.

Улсын гарьд Д.Рагчаатай үзүүр түрүү булаалдаж байсан. Завханы М.Баяр­жавхлан гээд олон сайн бөхийг давж улсын цолонд хүрч байсан шүү дээ…

-Тэр үед чинь Г.Өсөх­баяр аварга, О.Балжин­ням аварга, С.Мөнхбат аварга, арслан цолтой байсан манай Г.Эрхэмбаяр аварга нар барилдсан. Ер нь тэгээд жил болгон барилддаг улсын баяр наадмын том цолтой бөхчүүд барилдаж байсан л даа. Дөрөвийн даваанд нутгийн аварга С.Мөнхбаттай сайхан барилдаж, тавын даваанд Булган аймгийн харьяат Монгол Улсын заан М.Өсөхбаярыг даваад улсын цолны босго алхаж байсан. Цаашлаад Булган аймгийн харьяат улсын начин Э.Энхбаттай тунаж харцага болж, зааны даваанд Монгол Улсын гарьд М.Баяржавхлан заан намайг амалж авсан. Гарьдын даваанд энэ цаг үеийн бөхийн түүхийг бичилцэж яваа Г.Эрхэмбаяр аваргатайгаа тунаж гарьд болсон. Тэгээд л есийн даваанд хүндэлж явдаг бөхчүүдийн нэг Д.Рагчаа гарьдтай барилдаж түрүү авсан даа. Би Д.Рагчаа гарь­даас 12 насаар дүү шүү дээ.

Түрүүлсний дараахь сэтгэгдэл ямар байв. Хэр баярлаж хөөрсөн бэ. Тухайн үед цэнгэлдэх дүүрэн хүмүүс бүгд уухайлж, орилолдож бай­хад та харин ч их тайван байх шиг санагдсан?

-Барилдаж байх хугацаан­даа барилдаанаа л ахиулахыг бодож анхаарлаа төвлөрүүлнэ л дээ. Тамирчин хүний сэтгэл зүй. Яг түрүүлсний дараа шоконд орчихсон доо. Хүмүүсийн баярлаж байгаа, хөөрч байгаа байдал, тэр хүмүүсийн уур амьсгал гээд л. Монголчууд чинь бөхөө дээдэлж, хүндэлдэг ард түмэн. Урьд нь тийм юм үзэж байгаагүй болохоор бага зэрэг шоконд орсон доо.

Увс аймгийн бөхийн багш Ш.Бат-Очир багш тань тэр барилдааны дараа манай сонинд уйлж байгаад ярилцлага өгч байсан. Харин таны хувьд сэтгэлийн хөөрөл их багатай хүн юм шиг?

-Би ер нь их тайван хүн ш дээ. Тайван байхыг өөрөө ч гэсэн их хичээдэг. Манай багш надаас гадна сайхан сайхан цолтой бөхчүүдийг төрүүлж байна даа. Увс аймгаас гарч байгаа ихэнх залуус багшийн гарыг дамждаг. Намайг анх бөхийн замд оруулсан хүн гэж хэлж болно. Багш гэхээр хүнийг бэлтгэл хийлгэдэг, мэх заадаг хүн гэж ойлгодог. Гэхдээ манай багш хүнд амьдрах ухааныг сайн ойлгуулж өгдөг. Өөрөө бас тийм чадсан амьдралтай хүн биш шүү дээ, сургуулийн биеийн тамирын багш гэдэг чинь. Шуудай, шуудайгаар нь боов хийж тавиад л, бид нар тэрийг нь бэлтгэлээ тарж очоод идчихнэ. Гэрт нь бөөндөө очиж цуглаж сууна, ярилцана. Ер нь дандаа хүний IQ хөгжүүлсэн юм хэлж, ярьдаг хүн л дээ. Намайг ийм амжилт гаргахад их нөлөөлсөн гэж боддог юм. Ш.Бат-Очир багшийн шавь нараас улсын харцага У.Бат-Орших тэр хүний гар дээрээс гарсан. Сая начин болсон Энхбаяр байна. Бид нар нэг багшийн шавийн хувьд багшдаа баярласнаа илэрхийлж бөхийн дэвжээтэй болгож байгаа. Үүнийг энэ дашрамд хэлэхэд таатай байна. Удахгүй очиж гардуулж өгнө. Багшийгаа цаашид улам олон сайн шавь төрүүлнэ гэж найддаг шүү.

Бөхийн дэвжээнд хөлөө олоход тусалсан бусад сайхан багш нарынхаа талаар энд бас дурдахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Би 2007 онд арван жилээ төгсөөд Батлан хамгаалахын их сур­гуульд эрх зүйч мэргэжлээр сурч байсан. Хоёр сар хэртэй сураад сургуулиа хаяж, А.Сүхбат аваргын “Олимп” сургуульд орж бөхөөр тууштай явах зориг гаргасан гэх юм уу даа. А.Сүхбат аваргынхаа шавь болж хоёр жил гаруй явсан. Тэр хүнээс авсан юм их бий. Дараа нь “Увс нуур” гал дээрээ нэгдэж О.Балжинням багштайгаа хоёр, гурван жил бэлтгэл хийсэн. Төрийн наадамд түрүүлэхэд хүргэсэн хүн маань. Одоо улсын гарьд Б.Гантогтох, улсын арслан Б.Ганбат багш нар маань хичээллээд явж байна. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран багш маань жил гаруй багшил­сан. Д.Бумбаяр багш байна. Манай аймгийн том цолтой бөхчүүд бүгдээрээ л бид бүхэнд мэдэж сурсан юмаа харамгүй зааж сургадаг даа.

Увс аймгийн Давст сумаас Мядагийн Мөнгөн арслан гэж алдартай бөх төрж байсан. Тэр хүнээс хойш улсын цолтой бөх танаас өөр төрөөгүй байх аа?

-Увс аймгийн Давст сум өвөрмөц нутаг гэж хэлж болно. Бөх их цөөтэй. Ерөнхийдөө хоёр арслантай сум. Аймгийн цолтой бөх ч ер нь их цөөхөн. М.Мөнгөн багштай их ойр дотно холбоотой байдаг. Байнга зааж зөвлөдөг.

Танай аав, ээжийн удамд барилддаг, бөхийн цолтой хүн байгаа юу?

-Энэ үедээ барилдаж байсан хүн ер нь байхгүй. Манай аав бие хаа томтой, жирийн сайхан малчин хүн байдаг. 1992 онд Улсын аварга малчин болж байсан.

Гэр бүлээ танил­цуулаач?

-Гэргий, хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байна. Манай гэргийг Ч.Номин-Эрдэнэ гэдэг. Хэнтий аймгийн дархан сумын харьяат. Анх Батлан хамгаалахын их сургуульд ороод танилцаж, ханилсан.

Энэ намрын барил­даа­нуудад таныг тогтмол оролцож, амжилттай барил­даж байгаад хүмүүс их ам сайтай байх юм?

-Бөх хүн, тамирчин хүний хийх ажил чинь л энэ шүү дээ. Ажилчин хүн ажлаа тасалж болдоггүйтэй адил би ч гэсэн барилдаанаа таслахгүй, илүү чамбайруулж барилдахыг боддог. Би хүсэл зорилгодоо хараахан хүрч чадаагүй байна. Тийшээ л зорьж явна даа.

Танд ирэх жилийн наадамд түрүүлэх итгэл хэр байна?

-Тухайн наадамд түрүүлнэ гэдэг чинь бэлтгэл сургуу­лилт, тэр өдрийн од, аз хиймориос шалтгаалдаг. Тэрэнд хүрэхийн төлөө л бэлтгэл сургуулилт хийж байгаа.

Мөн сүүлийн жилүүдэд сайн барилдаж байгаа Э.Оюунболд, Ч.Санжаа­дамба, Б.Гончигдамба, Ц.Содномдорж гээд залуу бөхчүүдээс та хэнийг нь ирэх жилийн наадамд илүү сайн амжилт үзүүлнэ гэж үзэж байна вэ?

-Яг хэнийг нь гэж хэлэх их хэцүү. Монгол бөх өнөөдөр мэргэжлийн түвшинд хөгжчихсөн. Сард л гэхэд дөрвөөс таван барилдаан болдог. Долоо хоног болгон л барилдаан болж байна. Бөхчүүд байнгын бэлтгэл сургуулилтад хамрагдаад нарийн бэлтгэлтэй болчихсон. Ийм үед тэр түрүүлнэ, энэ түрүүлнэ гэж хэлэхэд арай л эрт болов уу. Илүү хөдөлмөрлөсөн, сүлд хийморь нь дээшээ байгаа нэг нь л түрүүлэх байх даа. Хүний буян заяа гэж нэг юм байх байлгүй дээ.

Тамирчин хүмүүс гэдэг чинь бөхөд хайртай ард түмэн, олныхоо тус дэмээр л явдаг. Байнгын ажил хийгээд байж чадахгүй. Өдрийн хоёр бэлтгэл хийнэ. Миний хувьд 2009 оноос “ТЭЦ-4” компанид харьяалагдаад явж байгаа. Мөн “Гацуурт” групп, зэвсэгт хүчний 350 дугаар ангийн харьяа, “Увс нуур” бөхийн дэвжээнд харьяалагддаг. Эдгээр байгууллага хамт олон, дэмжиж тусалдаг хүмүүстээ баярлалаа. Мөн нутгийн ах, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахдаа чин сэтгэлээсээ дэмжиж тусалж, сэтгэлийн үгээ хэлдэгт нь баярлаж явдаг юм. Нийт Монголын ард түмэн, Увс нутгийнхаа зон олны итгэлийг алдахгүй илүү сайн барилдахыг хичээнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *