Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өлсгөлөн зарласан Г.Дэнзэн хорих ангиас захидал бичжээ

ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас улсаас онц их хэмжээний мөнгө хууль бусаар хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод 80 гаруй хоносон. Хорих ангид хоригдож байхдаа өлсгөлөн зарлаад найм хонож байгаа. Цагдан хорих төвийн эмч нар Г.Дэнзэнгийн биеийн байдал тааруу байгааг онцолж байсан. Мөн босч чадахгүй хэвтрийн байдалтай байгаа гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл Г.Дэнзэн хорих ангиас захидал илгээжээ. Түүний бичсэн захидлыг бүрэн эхээр нь уншигч та бүхэнд хүргэж байна.

АРДЧИЛСАН НАМЫН НИЙТ ГИШҮҮД

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ГИШҮҮД

АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА

Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улс ардчилсан улс болсноо зарлаад 25 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Эх орондоо ардчиллыг бэхжүүлэн үр хойчдоо хүмүүнлэг энэрэнгүй, эрх чөлөөтэй, шударга нийгмийг үлдээн өвлүүлэхийн тулд 25 жил ачааны хүндийг үүрэн зүтгэсэн Ардчилсан намынхаа нийт гишүүдэд энэхүү захидлаа хаяглан бичиж байна.

Ардчилсан намын гишүүн Галсангийн Дэнзэн миний бие жирийн залуусын төлөөлөл болсон багш аав, эмч ээжийн хүү. Үеийнхээ нөхдийн нэгэн адил гэрэл гэгээтэй, хүсэл тэмүүлэл, хийж бүтээе, өөрчилж шинэчилье гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн Ардчилсан намыг сонгон гишүүн нь болж байсан билээ.

Зорилгынхоо төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж, Ардчилсан намаа ялалтад хүргэхийн төлөө намынхаа бүхий л гишүүд дэмжигчдийн нэгэн адил зүтгэсээр бидний зорилго биелж Монгол Улс бүхий л шатанд Ардчилсан удирдлагатай болж эх орноо хөгжүүлэх үйлсэд эргэлт буцалтгүй зүтгэж эхэлснийг хүн бүр мэдэж байгаа. Би залуу хүний хувьд энэ бүхэнд гар бие оролцож, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан маш олон бүтээн байгуулалтын ажлуудад оролцсондоо туйлын их баяртай байдаг билээ.

Ардчилал бидэнд олон сайн сайхан зүйлсийг өгсөн. Гэсэн ч “Ардчилал гэж юу вэ” гэдэг асуултыг бид өөрсдөөсөө дахиад нэг асуух цаг үе ирээд байна. Монгол Улсын иргэн бүр 25 жилийн өмнө Ардчилал бол эрх чөлөө, шударга ёс, тэгш боломж гэж харж итгэн, тэмцэж зүтгэсээр ялсан. Энэ ялалт хий, бүтээ, хөгжүүл, дэвжүүл гэсэн Монгол хүн бүрийн хүсэл байсан болохоос нэгнээ хэмлэж, гүтгэж, талцаж хагаран, шорон гяндангаар айлгаж барьцаал гэсэн захиалга байгаагүй гэдэгт залуу хүний хувьд бүрэн итгэж байна.

Өнөөдөр би хүсэл тэмүүллийнхээ төлөө ид хийж бүтээх 28 насандаа Ардчиллыг “арчаагүй” харагдуулах гэсэн сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр болж, улс төрийн эрх мэдэл, ашиг сонирхлын төлөөх бүлэглэлүүдийн зорилгодоо хүрэх гэсэн бохир явуулгын золиос болон шоронд хоригдон эрх чөлөө, эрүүл мэндээрээ хохирон, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байж нийгмийн өмнө буруутан мэтээр шүүмжлэгдэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Мунхаг хүсэл, амиа бодож хувиа хичээсэн цөөхөн улстөрчдийн явцуу шунал олон хүний хувь тавиланг золиосолж байгааг миний бие энд өөрийн нүдээрээ харж, жигшин зэвүүцэн энэхүү захидлаа бичиж сууна.

Хэрэг гэж нэрлэн намайг буруутан болгохоор улайран зүтгэж буй үйлдлийг Та бүхэн мэдэж байгаа ч цухас дурдах нь зүйтэй биз ээ. Би ЗГХЭГ-ын дэд дарга болоод үндсэн хоёр функц хариуцаж ажилласан. Дэд даргын хариуцдаг ажлууд болох Орон нутгийн удирдлага, хөгжлийн газар, Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газруудыг хариуцан ажилласан юм. Залуу хүний эрч хүчээр шинэ, шинэлэг зүйлс хийчихье гэж зориглосон. Үнэхээр тэгж ажиллахаас ч өөр арга байгаагүй. ЗГХЭГ гэдэг хөшүүн хойрго, хүнд сурталтай, өөрчлөх юм ихтэй газар байсан. Тиймээс би эхлээд энэ хөшүүн хойрго байдлыг нь засъя, шинэлэг хэлбэрээр ажиллая гэж бодсон, зорьсон. Зорьсон зарим ажлаа ч хийж чадсан. Хийсэн, эхлүүлсэн шинэлэг ажлууд маань одоо ч үргэлжлээд явж байгаа. Би залуу хүний хувьд луйврын шинжтэй үйлдлүүдийг хараад үнэхээр гайхсан. Өөрчилж, цэгцэлье гэж зүтгэсэн, ажилласан. Харин тэрхүү зүтгэл минь өнөөдөр ял болоод явж байна.

Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулахын тулд эргэн тойрны хүмүүст нь зохиомол хэрэг үүсгэж, эхлээд Г.Дэнзэн, тэгээд Л.Гансүх зөвлөх гээд Н.Алтанхуяг даргыг тойрсон хүмүүс рүү удаа дараа дайрсан. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд, Шинэчлэлийн Засгийн газрыг унагахын тулд зохион байгуулалттайгаар нэр хүндийг нь унагах гэж дайрсан. Жишээ нь, тэр үед “иргэн Г.Дэнзэн муу хүн” гэж нэг ч удаа дайраагүй. Дандаа л “Ерөнхий сайдын хүргэн Дэнзэн бол муу хүн” гэж дайрсан. Эхлээд хэвлэлээр гутаан доромжилж, энэ үнэхээр муу хүн юм байна” гэсэн ойлголт ард түмэнд төрүүлж байгаад л огцруулсан.

Эрдэм номын мөр хөөж, ихийг хийж бүтээн, эх орондоо хэрэгтэй хүн болж эцэг эхийнхээ ачийг хариулна гэсэн гэгээн хүсэл зорилготой олон олон залуус энд удаа дараагийн давтан үйлдэлтэй, хүн амины онц хүнд гэмт хэрэгтнүүдэд дарамтлуулан, айдас хүйдэстэйгээр эрх чөлөөгөө хасуулан эрүүл мэндээрээ хохирон улс төрийн золиос болон сууж байна.

Хэрвээ би хэн нэгэн даргад бялдуучилж, хүний үгээр номхон ноомой байж, буруу зүйлийн гар хөл болж, хууль зөрчсөн үйлдлүүдийг харсан ч хараагүй царайлж явсан бол магадгүй бусдын адил гэр бүлтэйгээ халуун ам бүлээрээ, үр хүүхэдтэйгээ тоглоод, зуны дэлгэр сайхан цагт хөдөө нутгаараа амраад явж байх байсан биз ээ. Харин эрх мэдэлтнүүдийн даварсан үйлдэл, хуулийг гууль болгосон завхралтай нь гар нийлэлгүй илчилж, илрүүлснийхээ төлөөсөнд өргөст торны цаана сууж байна. Энэ нийгмийн завхрал болоод байгаа буруу тогтолцоо улстөрчид хуулийн байгууллагатай нэгдэж өрсөлдөгчөө авладаг, агнадаг байдал надаар дуусаг хэмээн залбирч сууна.

Нэг хүний шунал, нэг хэсгийн бялдуучилсан гарын үсэг Монгол Улсын ирээдүйг, хүсэл мөрөөдөлтэй залуусын итгэл зоригийг нухчин дарж байна. Шүүж тогтоон, нотолж шалгагдаагүй хэргийн ялыг үүрч, сэжигтэн гэдэг нэр зүүн шоронгийн энэ харанхуй өрөөнд тарчлан 90 хонолоо. Хэрэг хийгээгүй хүнийг хилс хэрэгт гүтгэн шоронд хүртэл хорьж, дарамталдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ.

Би гэр бүлтэй, үр хүүхэдтэй, нэр төртэй, найз нөхөдтэй, зорьсон зорилготой, итгэл үнэмшилтэй залуусын нэг. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээ эрх мэдэл, луйвар булхай золиос болохыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Өршөөлийн хууль гарлаа гэж алдаж эндсэн олон залуус энд баярлан хөөрч байна. Харин би огт хийгээгүй хилс хэрэгт гүтгэгдэн эрүүдэн шүүлгүүлж, эрүүл мэндээрээ хохирон улс төрийн золиос болон сууж буйдаа туйлын ихээр харамсч байна. Өршөөл гэдэг үг хэрэг хийсэн хүнд бурхны зарлиг мэт, хэлмэгдэж байгаа хүнд бол доромжлол шиг сонсогдож байгааг Та бүхэн минь ойлгоно биз ээ.

Өнгөрсөн хугацаанд тэвчээртэй хүлээцтэй хандлаа. Төрүүлж өсгөсөн эцэг эх, ханилсан ханийн минь зүрх, сэтгэл хамгийн ихээр шаналан зовлоо. Би аав ээжээ асрах хүү, хариуцлага үүрэх өрхийн тэргүүн, үрээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй эцэг хүн. Тиймээс эрүүл мэндээрээ хохирч, амьд явах баталгаагаагүй, ардчилал, хүний эрх юу ч биш болсон энэ бусармаг байдалтай өлсгөлөн зарлаж тэмцэхээс өөр арга байсангүй. Энэ дарамт үйлдлүүдээрээ миний биеийг зовоож чадах ч итгэл үнэмшлийг минь үгүй хийж чадахгүй.

Миний бие үнэн учрыг илчилж, бохир улс төрийн золиос болсноо нотлох болно. Заналхийлэл, дарамт шахалтаас айж, дуугүй өнгөрөөвөл хойшид муу хүмүүст илүү боломж өгдөг гэдгийг маш сайн ойлголоо.

Гучтай залуус компьютерийнхээ ард гайхамшиг бүтээж дэлхийн хэмжээний баялаг бүтээж байхад, бид нэгнээ улс төрийн зорилготой бохир шүлсээр будаж суух нь зөв биш ээ. Залуус бид золиос болох учиргүй. Монгол эх орон минь АРДЧИЛСАН улс. Монгол хүн бүр шударга ёс, үг хэлэх эрх чөлөө, тэгш боломжийн төлөө хоолой нийлэн дуулж, тэмцэж өнөөдрийг бүтээсэн. Өнөөдөр Монгол Улсад ардчиллаар овоглогдсон Ерөнхийлөгч төрийг тэргүүлж, Ардчилсан намын дарга УИХ-ыг удирдаж, ардчиллаар хүмүүжсэн Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлж, ардчилал шударга ёсыг бэхжүүлнэ гэж Ардчилсан намаас итгэл хүлээлгэсэн хүмүүс хууль хүчний байгууллагуудыг удирдаж байхад илэрхий улс төрийн зорилготойгоор өрсөлдөгчөө намнах ажиллагааг зохион байгуулж, хорьж цагдан хэлмэгдүүлж, хүний язгуур эрх ашиг болох эрх, эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдаж байгаа бусармаг үйлдлээ яаралтай таслан зогсоохыг шаардаж, басхүү уриалан дэмжихийг Ардчилсан намынхаа гишүүн бүрээс хичээнгүйлэн хүсч байгааг минь хүлээн авна уу.

Та бүхнийг хүндэтгэсэн Ардчилсан намын гишүүн, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Галсангийн Дэнзэн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *