УИХ-ын хаврын ээлжит чуулган албан ёсоор хаалтаа хийлээ. Улс төрийн нэгэн мөчлөг өнгөрлөө. Аливааг эхлэл дээр нь бус төгсгөл дээр нь үнэлж дүгнэхийг цаг үе шаардаж байгаа. Улс орны хувь заяаг удирдан залж байгаа УИХ-ын чуулганы хаалт нь ийнхүү дүгнэх мөчлөг юм. Энэ хавар улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдрал даруухан байсангүй. Жигд, хүчирхэг хэмнэлээр явсангүй. Юу болж байгааг хэвлэл мэдээллээс нийгмийн сэтгэл зүй хангалттай сонсож мэдсэн. Улс орныг удирдаж буй хүмүүс асуудлыг ярьсангүй, хүний тухай ярьсаар таарлаа. Сайд дарга нарыг огцруулах асуудал, хуйвалдааны эсрэг хуйвалдаан ярьсаар түүндээ ч цэг тавьж чадалгүй нээлттэй үлдээгээд чуулганаа завсарлуулав. Улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралын эсрэг тодорхой санал санаачилга, гарцыг ямар ч улс төрийн хүчин, улс төрчийн амнаас ард түмэн олж сонссонгүй. Хаврын чуулган ажлын 32 хоног ажиллаж, энэ хүрээнд нэгдсэн хуралдааныг 29 удаа, байнгын хороодын хуралдааныг давхардсан тоогоор 108 удаа хийсэн байна. Мөн 79 хууль баталснаас бие даасан 9, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 43, хүчингүй болгох тухай 2, гэрээ хэлэлцээ, соёрхон батлах тухай 4, УИХ-ын тогтоолын 29 төсөл тус тус баталсан байна. Хууль эрх зүйн хувьд басчиг тоон үзүүлэлт. Тэгвэл УИХ-аас гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хүрээнд ажлаа явуулах үүрэгтэй Засгийн газар нь хэрхэн ажиллав. Улс орны нийгэм, эдийн засагт хамгийн их ач холбогдолтой, үр дүн авчрах Төмөр зам, Газрын тосны үйлдвэр, Чөлөөт бүсүүд, Сайншандын аж үйлдвэрийн парк, Таван толгой, Оюу толгой хаа байна. Ажил нь хэрхэн ахив. Эдийн засгийн үр дүн байна уу. Үүнд УИХ-аас тодорхой үнэлэлт дүгнэлт өгөв үү.
Жишээ нь хамгийн их хэрүүлийн талбар болоод байгаа Төмөр зам байна. Ямар ч улс төргүй, мэргэжлийн хүний дүгнэлтээр бол шинэ төмөр замын асуудал нь бодлого гарснаас хойш дөрвөн жил, төлөвлөж эхэлснээс хойш зургаан жил нийт 10 жилийг ардаа үджээ. Эхний галт тэрэг тээврээ хийх хугацааг алдсан байна гэж дүгнэсэн байна. Аль 2010 онд батлагдсан төмөр замын бодлого өнөөг хүртэл хэрэгжиж амжсангүй. Уг нь анх батлахдаа 2012 он гэхэд л 1100 гаруй км төмөр замыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч км шинэ төмөр зам баригдсангүй. Өргөн, нарийн царигийн аль нь манай улсын эрх ашиг юм бэ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлж байгаагаар бол “Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгоно. Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр замыг тавина. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн царигаар баригдана гэсэн үг. Харин Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барина. Ингэснээр хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам барина гэсэн үг” гэж мэдэгдсэн. Гэвч Засгийн газраас оруулсан энэ санал нь энэ удаагийн чуулганаар бүдэрч хойшиллоо. Төмөр зам тавигдах асуудал дахиад л хойшлогдлоо гэсэн үг. Энэ мөчид өргөн царигийг дэмжигсэд болох Х.Баттулга тэргүүтэй хүмүүс мэдээллийн цахим ертөнц хийгээд мэдээллийн сувгуудаар ялалт байгууллаа, нарийн цариг тавихын төлөө нөхдөд хориг тавьж чадлаа хэмээн бахархалтайяа дуугарцгаах болов. Эцэстээ өргөн, нарийн царигийн маргаан Монголын нүүрсний гадаад зах зээлд өндөр үнээр борлуулж, их хэмжээний ашиг олох байсан алтан үеийг өнгөрөөж, нэг км ч шинэ төмөр замгүй хэрэлдсээр өнөөдрийг хүрлээ гэсэн үнэнтэй л үлдлээ. Үүнийг одоо ямар үр дүн гэх вэ. Улс төрийн орчин дахь маргаан нь улс орны хөгжлийн төлөөх мэтгэлцээн байдаг учраас заавал нэг үр дүн харагдаж байдаг. Тэгвэл Монголын улс төрийн, засаглалд суугчдын хоорон дахь энэхүү өргөн, нарийн царигийн маргаан, талцаан, хэрүүл тэмцлийн үр дүн гэж юу байна вэ. Үүнийг л ард түмэн хоёр тал болсон хүмүүсээс асууж байна. Тэгвэл өнөөдөр юу үнэн байна гэвэл юу ч үгүй, бүтээж байгуулсан зүйлгүй, зүгээр л төмөр замын царигаар хэрүүл хийн цаг хугацааг өнгөрөөж байгаа нь үнэн байна.
Хэрэвзээ цариг дээрээ ойлголцоод төмөр замаа тавьж чадсан бол 1.5 тэрбум ам.долларын бондын ч хэрэггүйгээр улсын эдийн засагт мөнгө орж ирэх боломжтойг эдийн засаг судлаачид хэлж байгаа юм. Төмөр зам геополитик биш ээ, эдийн засгийн утга нь илүү гэвэл зөв сонголт нь нарийн цариг болно. Шууд урагшаа тавина. Шилжүүлэн ачилтын нэмэлт зардалгүйгээр Хятадын төмөр замтай холбогдоно. Зардал хэмнэнэ, цаг хугацаа хожно. Ачаа эргэлт хурдан болно. Хятадаас гадна Япон, Солонгос, барууны орнууд, АНУ гээд олон улсад өргөн хэрэглэдэг дэлхийн стандартад нэвтрэх юм. Хоёр том хөршийнхөө дундаас бид хаа холдох билээ. Тийм болохоор тээврийн асуудлаа шийдэхгүй байгаа нь хөгжлийн гарцгүйгээр гацлаа гэсэн үг. Гарц байхгүй бол тээвэр байхгүй, тээвэрлэлт хийгдэхгүй бол Монгол Улсын хөгжлийн коридор хэзээ ч нээгдэхгүй гэсэн үг. Энэхүү царигийн хэрүүл эцэстээ ийм л үр дүнд хүрлээ.
Улс орны эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх бүтээн байгуулалтаас төмөр замыг онцлоход ийм байна. Бусдынх нь тухай яривал бас ийм л агаартай мэдээллүүд цувна. Эмгэнэлтэй байна даа. УИХ-аас хууль эрх зүйн тодорхой бичиг баримтууд гарч байж л энэ улсын эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Тийм болохоор энэ удаагийн чуулганы хугацаа гэдэг бол эдийн засгийн эрх ашигтай хуулиудыг хэрхэн зөв эрэмбэлж баталснаар “Эзэн-100” буюу эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын эрч хүч, үр дүнг харах ёстой. Өнөөдөр харагдаж байгаагаар эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд барьсан 20 орчим хуулийн тал хувь нь ч батлагдалгүйгээр завсарлав. Энэ бас л үр дүн. Хаваржингаа эдийн засгаа эрчимжүүлнэ гэж ярьчихаад Их хурал нь завсарлачихаар ард түмэн итгэлгүй үлдэж байна. Их хурлын дарга ч өөрөө хэллээ, “Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтаа УИХ-д оруулж ирсэнгүй” гэж. Энэ бол Их хурал-Засгийн газар хоёрын уялдаа холбоо хангалтгүй байгаагийн жишээ. Ийм байхад эдийн засгийн эрчимжилт хийгээд эхэнд дурдсан томоохон бүтээн байгуулалтууд хэрхэн урагшлах тухай итгэл алга. Наадамлаж, найрласаар намрын дунд сарын 17 хүрч сая нэг сэхээ орно. Тэр үед улсын эдийн засаг болон олон улсад нөхцөл байдал ямар болсон байхыг багцаалж буй улс төрч байгаа юм уу. Наадмын уур амьсгал орчихсон энэ өдрүүдэд энэ тухай бодохыг ч хүсэхгүй байх шиг байна.
УИХ-ын дарга З.Энхболдын чуулганы хаалтад хэлсэн “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Соёлын өвийг хамгаалах тухай”, “Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай”, “Шилэн дансны тухай”, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоол зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль тогтоомжууд, баталсан баримт бичгүүд, түүнчлэн Амгалангийн дулааны цахилгаан станцын угсралтын ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төлөх хугацааг хоёр хүртэл жилээр сунгах тухай хуулиудыг баталсан нь их бүтээн байгуулалтын ажлыг идэвхжүүлэхэд, эдийн засгийг эрчимжүүлэхэд бодитой түлхэц болоосой л гэж хэлье дээ.