Маргааш Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаан 14 цагаас МБӨ-нд болно. Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн. Барилдааны үзүүр, түрүүнд шалгарч байсан бөхүүдийг танилцуулж байна. Бөхчүүдийг тухайн үеийн цолоор бичсэн байгааг уншигчид анхаарна уу.
1990 онд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын арслан М.Мөнгөн үзүүрлэж байв.
1991 онд Улсын заан Ц.Баярсайхан түрүүлж, Дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байв.
1992 онд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан А.Сүхбат үзүүрлэж байв.
1993 онд 128 бөх барилдснаас Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Улсын аварга О.Балжинням үзүүрлэж байв.
1994 онд хүчит 224 бөх баридснаас Улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, Улсын заан П.Сүхбат үзүүрлэж байв.
1995 онд 192 бөх барилдснаас Улсын заан Д.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Улсын начин Д.Бумбаяр үзүүрлэж байв.
1997 онд 128 бөх барилдсанаас Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ үзүүрлэж байв.
1998 онд 256 бөх барилдсааас Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Улсын заан Б.Гантогтох үзүүрлэж байв.
1999 онд 128 бөх барилдсанаас Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Улсын заан Б.Гантогтох үзүүрлэж байв.
2000 онд 128 бөх барилдсанаас Улсын заан Д.Сумъяабазар түрүүлж, Улсын арслан А.Сүхбат үзүүрлэж байв.
2001 онд 128 бөх барилдсанаас Улсын заан Д.Сумъяабазар түрүүлж, Улсын начин Г.Элбэг үзүүрлэж байв.
2002 онд 128 бөх барилдсанаас Улсын аварга А.Сүхбат түрүүлж, Улсын заан И.Доржсамбуу үзүүрлэж байв.
2003 онд 128 бөх барилдсанаас Улсын аварга Г.Өсөхбаяр түрүүлж, Улсын аварга А.Сүхбат үзүүрлэж байв.
2004 онд 128 бөх барилдсанаас Улсын заан И.Доржсамбуу түрүүлж, Улсын аварга Г.Өсөхбаяр үзүүрлэж байв.
2004 оны энэ барилдаанд Улсын начин Бүдээбазарын Адьяахүү тун сайн барилдаж дунд шөвгийн наймд үлдээд Сумъяабазар аваргад унажээ. Сэлэнгийн Бүрэнбаатар, Эрхэмбаяр болон Бумбаяр заан дунд шөвөгт шалгарав. Улсын заан И.Доржсамбуу Г.Өсөхбаяр аваргыг баруун талдаа хөнтөрч сөрж этээд тахимдаж давхар мэхээр өвдөг шороодуулж анх удаагаа түрүүлж байлаа. Энэ барилдаанд цолгүй долоон залуу бөх барилдаж байв.
2005 онд 128 бөх барилдсанаас Улсын далай аварга Г.Өсөхбаяр түрүүлж, Улсын заан Б.Ганбат үзүүрлэж байв.
2005 оны барилдаанд Улсын харцага Г.Элбэг, улсын начин Ц.Сумьяабээс, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг орхиж наймд үлдсэн Арслангийн Бямбажав “Улсын цолонд ойрхон бөх”-өөр нэрлэгдэж, Т.Мөнгөнцоож харцага, улсын начин Б.Сайнбаяр, Ц.Мягмарсүрэн нартай цуг дунд шөвөгт шалгарчээ. Үзүүр түрүүнд “Алдар”-ын хоёр бөх үлдээд тун шуурхай болж Өсөхөө аварга давсан.
2006 онд 128 бөх барилдсанаас Улсын арслан Д.Азжаргал түрүүлж, Улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэж байв.
Дунд шөвөгт Г.Ганхуяг, До.Ганхуяг, Ц.Мягмарсүрэн, Х.Мөнхбаатар нар шалгарсан. Үзүүр түрүүний хоёр бөх долоо найман удаа барьц сонголцоод шинэхэн арслан Азжаргал давж байлаа.
2007 онд 128 бөх барилдсанаас Улсын далай аварга Г.Өсөхбаяр түрүүлж, Улсын заан Д.Рагчаа үзүүрлэж байв.
Уран барилдааны шагналыг Ду.Батбаяр, М.Баяржавхлан нарыг орхисон аймгийн арслан Агваандандарын Амраа хүртэж байв. Шөвгийн наймд аймгийн цолтой ганц бөх шалгарч байсан нь Ш.Жаргалсайхан байсан юм. Мөн Д.Сумъябазар аварга зодоглон тавын даваанд улсын харцага Г.Элбэгийг амлаж барилдаад унасныг олон хүн санаж байгаа болов уу.
2008 онд 128 бөх барилдсанаас Улсын гарьд И.Доржсамбуу түрүүлж, Улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэж байв.
Аймгийн арслан Д.Энхбат Г.Олзгэрэл, И.Ёндонсамбуу, Х.Мөнхбаатар нарыг давж улсын цолонд ойрхон бөхийн шагнал хүртсэн. Энэ барилдааны тавын даваанд улсын заан Д.Рагчаа улсын харцага Ө.Даваабаатар нар тунаж барилдаад Д.Рагчаа заан улсын наадмаар унасан даагаа нэхэж давжээ.
2009 онд N1H1вирусын улмаас олон нийтийн газруудад карантин тогтоогдож өнжсөн билээ.
2010 онд 128 бөх барилдсанаас Ч.Санжаадамба цэргийн арслан цолтой түрүүлж шинэ хуудас нээсэн бол улсын начин Ш.Тогтохбаяр үзүүрлэж, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Д.Баасандорж нар их шөвөгт шалгарч байлаа. Аймгийн арслан Б.Сангисүрэн, аймгийн арслан Б.Одгэрэл нар дунд шөвөгт шалгарчээ.
2011 онд 256 бөх анх удаа барилдаж Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын гарьд Нямдоржийн Ганбаатар түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат уран барилдаан үзүүлсээр үзүүр булаав. Уншигч та бүхэн санаж байгаа бол Ж.Чулуунбатыг иппон буулгадаг агшин энэ өдөр өрнөж байсан юм. Харцага Ц.Содномдорж, улсын арслан Д.Ганхуяг нар их шөвөгт үлдэж До арслан улсын наадмын үзүүр түрүүнд хаяж байсан ч энэ удаа Н.Ганбаатарт унасан билээ. М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ө.Бат-Орших, Ч.Баянмөнх нарын хүчтэнүүд наймд үлдэв.
2012 он 256 бөх энэ өдрийн албан ёсны амралтын өдөр биш болгож, үндэсний бахархалын өдрөөр бүх нийтээр амарч барилдаан хийх болсон билээ. Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс улсын заан Ч.Санжаадамбыг орхин түрүүллээ. Их шөвөгт Бадрахын Ганзориг, өсөх идэр начин Ш.Жаргалсайхантай үлдлээ. Дунд шөвөгт үлдсэн хоёр аймгийн цолтны нэг нь Оюуны Гантулга, түүнтэй цуг улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын харцага Л.Пүрэвжав, урд жилийн үзүүр Э.Энхбат начин нар наймд шалгарсан.
2013 онд Анхдугаар Үндсэн хууль батлаж, Улс тунхагласны 89 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд аваргуудаар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдсанаас Төв аймгийн Баянхангай сумын харьяат Улсын заан Б.Батмөнх үзүүрлэж Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба найм даван түрүүлж байв.
2014 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ховд аймгийн харьяат Улсын начин Б.Пүрэвсайхан үзүүрлэж байв.
Э.МӨНХТҮВШИН