Categories
мэдээ нийгэм

Улиастай, Гачуурт чиглэлийн замын ажил өнөөдрөөс үргэлжилнэ

Улиастай, Гачуурт чиглэлийн 11 км замын ажил өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн. Тус замыг “Үйлсийн зам” компани нийслэлийн төсвийн 6.123 тэрбум төгрөгөөр засаж байгаа юм. 8.4 км замынх нь ажил дуусаж, үлдсэнийг долдугаар сарын 30-наас засах байв. Гэвч иргэдэд мэдээлэл хүрээгүйн улмаас хугацааг наймдугаар сарын 8 болгон хойшлуулж, 2.6 км замын 1.4-ийг нь 14 хоногт засахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд тус замаар иргэд машинтай зорчих боломжгүй тул ийм хэмжээний газар алхах шаардлагатай болсон. Гэтэл оршин суугчид үүнийг эсэргүүцэн, зам хаасан тэмдэг, тэмдэглэгээг эвдсэн байна. Тэр ч бүү хэл, замын ажил хийж байсан хүнд гар хүрчээ. Гүйцэтгэгч компанийнхан арга ядахдаа маргааш нь буюу наймдугаар сарын 9-нд замыг нээж, засварын ажлаа зогсоосон байна. Иймээс нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж тэргүүтэй албаныхан өчигдөр газар дээр нь очиж танилцдаа. Тус газрын Зам барилгын хяналтын хэлтсийн мэргэжилтэн А.Оюунчимэгээс энэ талаар тодруулахад “Зам хаах тухай иргэдэд 3-5 хоногийн өмнө мэдэгдсэн. Мөн хорооны нийгмийн ажилтанд гарын авлага хүртэл тараасан. Гэтэл иргэд эсэргүүцсэнээр ажил зогслоо. Үүнээс болж тав хоногийн хугацаа алдаж байна. Зам хаахгүйгээр ажил хийх ямар ч боломжгүй. Уг нь төлөвлөгөөгөөр замыг энэ сарын 22-нд нээх байсан. Засвар хийх газар Баянзүрх дүүргийн XX хороонд хамаардаг. Бид Замын цагдаагийн газарт хамгаалалт гарган зам хааж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Энэ дагуу хэсгийнх нь цагдааг байлгахаа өнөөдөр мэдэгддээ. Өнөөдөр орой зам хааж, засварыг 14 хоногт багтаан хийнэ. Мөн хоёр гүүр засах юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *