Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Уламжлалт эм, эмийн ургамал компани НӨҮГ-ыг татан буулгах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Батдорж нар оролцлоо.
“Уламжлалт эм эмийн ургамал компани” НӨҮГ нь анх 1974 онд байгуулагдаж байсан бөгөөд 2014 оны байдлаар 2 үндсэн, 12 гэрээт ажилтантайгаар монгол эмийн ургамлын үйлдвэрлэл явуулж байна. 2014 оны 2 дугаар улирлын балансаар 32 659,1 мянган төгрөгийн орлого олж, 45,681,6 мянган төгрөгийн зардал гарган 13 023,5 мянган төгрөгийн алдагдалтай ажилласан. 42 712,6 мянган төгрөгийн өрийн төлбөртэй, 80-аад хувь нь татварын байгууллагад төлөх шаардлагатай. Тус байгууллагын удирдлага нь Нийслэлийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулдаггүй 2013, 2014 оны жилийн тайлан балансаа Төрийн сан болон Өмчийн харилцааны газраар баталгаажуулаагшй, 2014 оны бизнес төлөвлөгөө болон зорилтот түвшний талаар санал ирүүлж батлуулаагүй байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/94 дүгээр захирамжаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралуудтай байгуулсан 2013 оны контрактын биелэлтийг дүгнэхээр байгуулагдсан ажлын хэсгээс “Уламжлалт эм, эмийн ургамал компани” НӨҮГ-ыг татн буулгах санал гаргажээ. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа гэж Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах үндэслэл дутуу байна. Шууд татан буулгахгүйгээр менежментийн багийг өөрчлөх, шинэчлэл хийсний дараа татан буулгах ёстой” гэсэн саналыг гаргасан. Харин Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж “Одоогоор үйл ажиллагаа нь бүрэн зогссон, зуны улиралд хэдэн хүмүүстэй нийлж ургамал түүдгээс өөр ажил байдаггүй. Зорилго, чиглэлгүй ажиллаж байгаа” гэлээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга заавал татан буулгах шаардлагатай эсэх, нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтад оруулах талаар тодруулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтад оруулахаар төлөвлөсөн гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд татан буулгах ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, 2015 оны Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтад оруулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.