Би 1995 онд АУИС-ийн Монголын Уламжлалт Эмчилгээний ангийг төгссөн даруйдаа Монгол Эмнэлэг Сувиллын Төв буюу одоогийн УАУТХүрээлэнд лабораторийн эмчээр орж, 25 жил үр бүтээлтэй, тууштай ажилласан. Тэр үед УАУ-ны тэнхим, сургууль маань манай эмнэлэг дээр байрлаж үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ нь Эрдэмтэн багш нарынхаа хамт ойр байж, ажиллаж хөдөлмөрлөх, сурч хөгжих алтан боломж надад тохиосон билээ. 2006 онд Зөвлөх Д.Цэрэндагва, удирдагч С.Сэдэддулам нарынхаа удирдлагаар “Шээс шинжлэх уламжлалт ба лабораторийн аргуудын үр дүнг харьцуулсан судалгаа” сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан.
Монгол Улсын Зөвлөх эмч, 2019 оны “Алтан чагнуурын эзэн” , “Монгол Увидас” эмнэлэг, сувиллын захирал Г.Саранцэцэг
Бидний судалгаа нь “Хий, шар, бадганы өвөрчлөлттэй хүний шээсэнд шээг, шээсний хүчил, шүвтэр, болон үлдэгдэл азот үзэж, шээсний биохимийг тоон үзүүлэлтээр гаргаж өгсөнөөрөө онол, практикийн ач холбогдолтой бүтээл болсон билээ. 2009 онд Клиникийн профессор цол, 2019 онд “УАУ судлал төрлөөр “Алтан чагнуурын эзэн”, 2021 онд Монгол Улсын Зөвлөх эмч болсон. Одоо докторантурт сурч, “Монгол Увидас” хувийн эмнэлэг, сувилалдаа захирлаар ажиллаж байна. Эрдэм шинжилгээ, судалгааны 30 гаруй бүтээлтэй, Монгол Улсын Оюуны Өмчийн Зохиогчийн эрхийн гэрчилгээ 3, Ашигтай загварын гэрчилгээ 1.
УАУТХ-ийн Эмнэлэгт ажиллах хугацаандаа 16533 хүнд эмчийн үзлэг, оношилгоо эмчилгээ хийснээс зүү эмчилгээг 7285 хүнд хийсэн байна.
УАУТХ-гийнхээ Сургалтын албанд 12 жил багшаар ажиллаж УАУ, Зүү судлалын хичээл 200 гаруй эмч нарт зааж сургаж төгсгөсөн. 2014 онд ЭМШУИС дээрээ багшлах мэргэшил эзэмшин, 2015 оноос Анагаах ухааны Ёс зүй хичээлийн хоёр кредит лекц орж, Төгсөлтийн дараах сургалтаар резидэнт эмч нарт хувь хүний хөгжил, хандлагын боловсрол олгох шинэлэг арга барилыг эхлүүлсэн. Ажиллах хугацаандаа Эрүүлийг хамгаалахын жуух, Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн Хүндэт медалиар шагнагдаж байсан.
УАУ-ны гурав дахь төгсөлт, ангийнхныхаа тухай
1992 оны зун Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт дадлага хийж, амарчихаад намар нь хичээлдээ ирэхэд Уламжлалт Эмчилгээний ангид 24 оюутан авч байна гэж сонсоод яаран очиж бүртгүүлэн Эмчилгээний ангиа сольж, шинэ хамт олонтой болж билээ. Энэ бол 1990 онд АУИС -д шинээр нээгдсэн Монголын Уламжлалт Эмчилгээний Тэнхимийн гурав дахь төгсөлтийнхөн бүрдсэн түүх. Хоёр бүлэгт хуваагдан, нэг анги болсон бид бүгдээрээ л гурван жил хамт сурсан найз нөхдөө, анх элссэн Эмчилгээ, Хүүхэд, Шүд, Эмийн ангиа орхин чухамхүү Ардын эмнэлэг сурах хүсэл эрмэлзэлд хөтлөгдөн цугласан оюутнууд байлаа. Тиймээс ч бүгд л анхныхаа хичээлээс эхлэн урам зоригтой, идэвхтэй, баяр хөөртэй суралцацгаасан юм. Бидэнд анхны хичээлийн тус тэнхимийг үүсгэн байгуулагчдын нэг, Академич Ц.Хайдав гуай орж, Уламжлалт эм тангийн түүхий эдийн тухай орж, зааж эхэлсэн нь чухамхүү үлгэрийн мэт сайхан санагдаж, буурал түүхийн жимээр аялах шиг л онцгой санагдаж билээ. Ц.Хайдав багш маань бидэнд уламжлалт эм тангийн найрлагад ордог олон сайхан бодисыг орчин үеийнх нь нэр, олон улсын болон төвд, монгол, нутгийн нэршилтэй нь хэлж тайлбарлан, орлуулан хэрэглэж байсан зарим хэрэглээ, гарч байсан андуу ташаа хэрэглээ болон оновчтой зөв хэрэглээтэй нь тайлбарлан хэлж сэтгэлд хоногштол заасансан. Дэлхийн хэмжээний алдарт эрдэмтэн, тэр том эрдэмтэн судлаач хүн гэхэд найрсаг сайхан зантай, зочломтгой, хүнийг гололгүй мэдсэн, сонссон бүхнээ хуваалцаж, ярилцдаг, оюутан шавь биднийгээ эрдэм номын ажилд уриалан дуудаж, хөтлөн нэн дуртай агуу их хүн байж билээ. Биднийг эрдэм шинжилгээний ажил хийх, илтгэл тавин оролцохыг маш их дэмжиж, байнга урамшуулж, санаа оноо нэмэрлэн, зааж чиглүүлдэгсэн. Манай ангийн Л.Алтанхуяг, Л.Бадрал, Д.Өлзийбаяр гурав Шинжлэх Ухааны Академи дээр очин багшийнхаа ажилд тус нэмэр болон ажиллаж, зун нь зарим эмийн боловсруулалт дээр ч ажиллаж гүйсээр сургууль төгсөх жилээ гурвуул уламжлалт зарим эмийн бодисоор диплом хамгаалж байв. Хэдийгээр диплом заавал хамгаалах шаардлага байгаагүй боловч, сургууль төгсөх тэр олон шалгалтууд болон ачаалал дундуур нэмэлт зүйл хийх сэтгэл зүтгэл гаргатал тийнхүү хүнийг өдөөж, хөгжүүлдэг байж дээ. Багш маань биднийг дагуулан Гачуурт тосгоны цаад талд орших Хуандийн аманд аваачин анхны богино хэмжээний ургамлын дадлагад газарчилж, бамбайн үндэс түүлгэж, дараа нь түүнийг хатаах, боловсруулах, эмийн бодис, ханд гарган авах ажилд сургаж байсан нь одоо ч сэтгэлд тод санагднам. Академич багшийн маань хичээлийг үргэлжлүүлэн зааж, манай курсыг дааж авсан хүн бол Хүрэлчулуун багш минь билээ. 1993 оны зун биднийг дархан цаазат Хөгнө хан ууланд хоёр долоо хоног ургамлын дадлагат авч явж, тааралдсан ургамал, цэцэг навч бүрийг таниулан, хатаамал хийлгэж, дээж бэлдүүлж, мартагдашгүй сайхан дурсамж үлдсэн юм. Чухам л энэ аяллаар манай ангийнхан бие биенийхээ талаар улам сайн мэддэг болж, уламжлалт анагаахын эмч хүний зан чанар, ажил хөдөлмөрт хандах хандлага, тэсвэр хатуужил, нарийн нямбай чанарт суралцаж билээ. Хүрэлчулуун багшийнхаа зааж таниулсан эмийн ургамлуудыг бид монгол орны өнцөг булан бүрд явахдаа олж харж, таньж, хайрлаж, хэрэглэж явдаг бөгөөд тэр бүр тэдгээр сайхан өдрүүдийг дурсан санадаг. Багш маань биднийг эхийн хайр халамжаар ч дутаадаггүй нь бас сайхан. Идэх хоол, өмсөх хувцсыг маань хүртэл анхааран санаа тавьдагсан. Тэр цагаас хойш 30 шахам жилийн дараа уулзахад бидний өмссөн хувцасыг хүртэл санан ярьж байж билээ. Өглөөний цайгаа уучихаад үдийн хоол хүртэл уулаар явж, шинэ өвс ургамал хайн цуглуулж, бичиж тэмдэглэж явах үнэхээр тайван, сайхан байдагсан. Ер нь ангийн хамт олон дунд маань хөгжилтэй зүйл их тохиолдоно. Судас барих, шээсээр оношлох, зүү төөнө хийж сурах гэж бөөн юм болсон доо. Уламжлалт оношилгоо, Дотор заслын хичээл заасан н.Хажидсүрэн багш маань бидэнд өрнө, дорнын анагаах ухааныг хослуулан өвчнийг оношилж, эмчилж сурахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Ажил мэргэжлийн асар их туршлагатай, хурц билэг ухаантай, хөгжилтэй сайхан зантай, шулуун шударга багш маань бидэнд юм сургах гэж үнэхээр уйгагүй ажилладаг байсан нь сэтгэлд хоногшжээ. Урд өдөр нь “сархад хүртэн” жаахан наргисан нэг нөхөр /Одоо нууцлахгүй… Төмөр/-ийг маань шээсийг нь үнэрлээд мэдчихэж билээ. Тэгээд бидэнд бүгдэд нь үнэрлүүлэн, судсыг бариулж, “шарын халуун хөөрсөн” үед шээс, судсанд ямар өөрчлөлт гардгийг насааараа мартахгүй болтол үзүүлж билээ.
Зүү төөнүүрийн хичээлийг 5-р курст Тэнхимийн эрхлэгч Н.Төмөрбаатар багш маань бидэнд азтай тохиолдлоор орж, зааж байгаа цэг болгоноо хятад, монгол нэр, утга, ханзтай нь цээжлүүлж, өөр дээрээ болон нэг нэгэн дээрээ цэг олж, тэмдэглэх, зүү тавьж сурахыг шаарддаг, заримдаа ангид маань түгжиж орхидог байж билээ. Тэр өндөр шаардлагад нь хүрэх гэж хэдэн хөвгүүд нь биеэ эрээн цоохор болтол зуруулдагсан. Зураг, үзүүлэн материал маш цөөхөн ховор байсан учраас өөрсөд дээрээ л туршиж, зурж тэмдэглэнэ. Охиддоо айж, өвдөж байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд биеэ барин тэвчиж байгаад ухаан алдаж унах тохиолдол ч /Б.Эрдэнэбилэг/ гарч байж билээ. Хятад хэлээр мэндийн зөрүүгүй хэрнээ аль хэдийн зөндөө ханз тайлж уншдаг, мэддэг болчихсон биднийг хожим нь хятад, япон хэл сурч байгаа хүмүүс хүртэл гайхаж байсан нь санагдана. “Шавийн эрдэм багшаасаа” гэдэгчлэн М.Эрдэнэцэцэг, Т.Рэнцэнханд, Х.Балдансамбуу нар маань АНУ-д амьдарч, Зүү төөнүүрийн чиглэлээр “Олон улсын зүүний эмч”эрхтэйгээр мэргэжлээрээ ажиллаж, монгол эмнэлгийг дэлхий нийтэд таниулан, нэр алдраа дуурсгаж байна. Оюутан цагийн сайхан мөч бүхний дурсамж үлэмж үнэ цэнэтэй, багш нарынхаа тухай бодоход улам сайхан байдаг. Уламжлалт засал хичээл орж байсан Өлзийсайхан, Уламжлалт жорын хичээл заадаг С.Олдох нарын маань амар төвшин сайхан дүр сэтгэлд дурайна. Яаралтай тусламжийн хичээл заасан С.Сэдэддулам, анги хариуцан удирдаж байсан Хишигжаргал багш нар маань биднийг Эмчилгээний ангийн оюутнуудаас ч дутахааргүй мэдлэг чадвар төгс болгохыг хичээж, мэдлэг оюунаа уудлан зааж, өндөр шаардлага тавьдагсан. Бид мөн Төвд хэл ч үзэж, ном цээжилдэг байсан. “Ах нь сургаж, дүү нь сонсдог” гэгчээр манай ангийнханд дээд курсийн ах эгч нар маань багшилдаг байв. Уламжлалтын тэнхим маань шинэ тулгар, мэргэшсэн багш цөөн, тэдний маань цаг зав хүрэлцээ муутай байсан тул дээд курсийн шилдэг оюутнууд түрүүлж үзсэн, мэдсэнээ дүү нартаа заадаг байсан нь тэр. Өнөөдөр АШУҮИС-ийн Монгол Анагаахын Олон Улсын Сургууль хэмээх бие даасан сургууль болтол хөгжүүлсэн нэрт эрдэмтэн багш Д.Цэрэндагва, С.Сээсрэгдорж нар маань тэр үедээ 6-р курсийн оюутнууд байсан ч 4-р курсийн бидэнд хичээл орж, дадлага удирдаж, аль хэдийн мэргэшиж дадсан багш нар шиг буурьтай нь аргагүй хичээл зааж, сургадагсан. Ялангуяа төвд хэл, Уламжлалт анагаах ухааны түүх зааж байсан Л.Цэнд-Аюуш багш маань биднийг эртний судар бичгийг уншдаг, ойлгодог, түүх соёлоо үнэхээр сайн эзэмшсэн оточ маарамбын зэрэгт хүргэхсэн гэж их хичээдэг байсан. Анагаах ухааны язгуурын үндэс номыг бүтэн цээжлүүлж, гараар хуулан бичүүлж, үг бүрчлэн орчуулуулж, утга бүрийг таниулж байсныг нь одоо дурсан санаж багшаараа бахархдаг. Чухам л тийнхүү шахаж, өндөр шаардлага тавьж байсны дүнд хичээлийнхээ амтанд орж, илүү гүнзгий сурч, судлах хүсэл зориг төрж байсансан. Өрнийн Анагаах ухааны түүх соёлоор хүмүүжиж, материаллаг онол сургаал баримталж байсан бидэнд Дорнын философи, онол, хар шар таван махбодийн онолыг нэвтэртэл тусгаж авахад амаргүй байсан ба тэр хэрээрээ тайлагдаагүй нууц ихтэй, ид шидийн ертөнц шиг л санагдаж байсан юм. Манай ангийнхнаас төгссөнийхөө дараа эрдэм номын мөр хөөсөн, өөр нарийн мэргэжил эзэмшин ажилласан хүмүүс цөөнгүй бий. Х.Балдансамбуу, Монгол Улсын зөвлөх эмч асан С.Жаргалсайхан анд нар маань, төгссөн даруйдаа төрсөн нутаг Дархан хот, Дорноговь аймагт очиж, хөдөө орон нутагт анхны Уламжлалт эмчилгээний эмчээр ажиллан, анхны кабинет, тасаг байгуулж, Анагаах ухааны дунд, дээд сургуулиудад багшилж, олон сайхан шавь нар бэлтгэж, нэр хүндтэй ажилласан юм.
Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Дэлгэрмаа
Э.Дэлгэрмаа маань төгссөнийхөө дараа гурван жил сурч ажиллаад, 1998 онд Анагаах ухааны магистрийн зэрэг хамгаалж, 2016 онд “Олигомицинээр үүсгэгдсэн эмгэг загвар дээр Шингүн-5 ба Цагаалин хунчирыг судалсан үр дүн” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж эрдмийн замд анги хамт олныхоо бахархал нь болж явна. 2017 онд Боловсролын Тэргүүний ажилтан, 2018 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, АУ-ны дэд профессор болж амжилт, алдрын оргил өөд манлайлсан ангийн анд маань одоо Ач Анагаах Ухааны сургуулийн УАУ-ны тэнхимд зөвлөх профессор, эрдмийн зөвлөлийн гишүүн багшаар ажиллаж байна. Э.Дэлгэрмаа нь 40 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл бичиж хэвлүүлэн, 2 магистр удирдан хамгаалуулж, өдгөө 2 магистрант, 2 докторант удирдаж байна.
Биднийг төгсөх үед олонхид маань сургууль, багш нартаа ойр ажиллах боломж олдоогүй, тухайн үед УА-ын эмчийн ажлын байр цөөн, хувиараа ажиллах боломж хомс байсан тул олон сайхан төгсөгч маань тэр үеийн монгол эмнэлгийн мэдлэг чадвар эзэмшсэн эмч нарын адил гадаад орныг зорьсон юм. Энэ нь нэг талдаа харамсалтай мэт боловч, нөгөө талдаа монгол эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын тавцанд мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх, таниулан сурталчлах боломж олгосон.
Үүний нэг сайхан жишээ нь Польш улсад ажиллаж амьдарч байгаа манай ангийн тэргүүний төгсөгч Б.Сайнжаргал юм. Тэрбээр 1997 онд “Цөсний хүүдийн дискинезийг зүү төөнүүрээр эмчлэх” сэдвээр АУ-ны магистрын зэрэг, 2020 онд “Томуугийн вирусын халдвар тархалт ба вирусын шинж байдал “ (URN/RDNM/5910/349/D/m; ANZ-5910-59/19/12/2020 Warszawa) сэдвээр Анагаах Ухааны Докторын зэргийг Польш улсад хамгаалсан юм.
Зах зээлийн хүнд үед Польш улсыг зорьсон Б.Сайнжаргал маань Европын холбооны энэ улсад албан ёсоор эмчийн эрх авах, нарийн мэргэжлийн резидентэд суралцах, эмчийн резидэнтурт суралцаж төгсөөд улсын болон хувийн эмнэлгүүдэд амжилттай ажиллаж, аль хэдийн олны танил, нэр хүндтэй эмч болжээ. Монгол эмийн чанар үр дүнг баталсан эрдэм шинжилгээний ажлаараа олны танил болж баталгаажсан тэрээр гадаад дотоодын олон шагнал хүртэж, Польш дахь МУА-ны Эмч Судлаачдын Нийгэмлэг Польшид ажиллаж амьдарч буй эмч нарын зэрэг дээшлүүлэх болон лицeнзийн шалгалтыг Монгол Улсын ЭМЯ, МУА-ны Монгол дахь Төв Нийгэмлэгтэй хамтарч хоёр удаа зохион байгуулсан. МУА-ын олон улсын хамтарсан хурлуудыг МУА-ны Монгол дахь Төв Нийгэмлэгтэй хамтарч Варшав хотноо удаа дараа зохион байгуулцсан байна. Дорнын Уламжлалт Анагаах Ухаан, Зүү төөнүүр засал, Монгол ардын эмчилгээ арга барилын талаар сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор Польшийн үндэсний төв тeлeвиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярилцлага өгдөг.
Манай ангийнхнаас ОХУ-д Б.Энхбат, Польш улсад Л.Бадрал нар олон жил мэргэжлээрээ нэр хүндтэй ажиллаж амьдарч, монгол эмнэлгийг сурталчлан таниулж, нэр төрийг нь өндөрт өргөж явна. Зарим маань нарийн мэргэшил эзэмшин хөдөө орон нутагт олон жил үр бүтээлтэй ажиллаж байна. Тухайлбал, Увс аймагт Эрүүл мэндийн Төвийн мэдрэлийн эмч Нямжаргал, Баянхонгор аймагт дүрс оношилгооны эмч Л.Батцэцэг нар амжилттай сайхан ажиллаж, хөдөө нутаг орондоо нэр хүндтэй эмч нар болжээ. УБ хотод байгаа Д.Өлзийбаяр, Л.Ариунтунгалаг нар маань бидний дундаас төрсөн гэр бүлийн хос бөгөөд сургууль төгссөнийхөө дараа Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгүүдэд олон жил, ёстой л мэргэжилдээ үнэнч сайн ажиллаж, ард түмэндээ хүндлэгдсэн, гавьяа зүтгэлтэй, Монгол улсын Тэргүүлэх зэрэгтэй эмч нар болж гурван үр хүүхэдтэй болон сайхан амьдарч байна. Манай ангийнхнаас бизнесийн салбарт хөл тавин амжилттай сайхан ажиллаж байгаа хэд хэдэн хүн бий. Тэдний амжилтын нууц нь мөн л эзэмшсэн мэргэжилд нь байдаг бөгөөд зарим талаараа гүнзгий нарийн холбогдсон байдаг.”FINE ЯПОН ЧАНАР” компанийн захирал Г.Дариймаа маань Япон улсад Хүнсний болон Эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр нарийн мэргэжил эзэмшээд, Эрүүл мэндийн биологийн идэвхит бодис, Хүнсний брэнд нэмэлт бүтээгдэхүүнийг анх удаа Монголд экспортлон оруулж, баталгаатай, дээд зэргийн сайн чанартай бүтээгдэхүүнээр ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө үйлчилж байна.
Г.Ариунжаргал, А.Байгаль, З.Цэцгээ, Б.Эрдэнэбилэг, И.Бүжинлхам, Б.Оюунбилэг нар маань анагаах ухаан болон бусад чиглэлээр бизнес эрхэлж, амжилттай ажиллаж байна. Гадаадад гэр бүлээрээ амьдарч, Монгол орноо зөв сайнаар таниулан, нэр хүндтэй ажиллаж амьдарч яваа Д.Удвал, О.Оюунбилэг, н.Ванчин нар маань ч бас найз нөхөд бидэнтэйгээ байнга холбоотой байж, жаргал зовлонгоо хуваалцаж яваад нь бид баяртай байдаг. Ангийн дарга Л.Алтанхуяг мэргэжлээрээ 16 жил ажиллаж хөдөлмөрлөөд, Хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэшиж, анхны “Хоспис эмнэлэг”-ийн дөрвөн салбарыг үүсгэн байгуулахад гар бие оролцсонд нь бид бахархдаг. Эрүүл мэндийн Удирдлага, бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж мөн Эмнэлгийн тэргүүний ажилтан болсонд баяр хүргэмүй.
Манай ангийнхан эзэмшсэн мэргэжил, хийсэн ажлаараа дор бүрнээ амжилтад хүрч, өдгөө Эрүүл хамгаалахын тэргүүний ажилтан-10, Клиникийн профессор-4,Монгол Улсын зөвлөх эмч-2, Тэргүүлэх зэргийн эмч-5, магистр зэрэгтэй-5, АУ-ы доктор зэрэгтэй-2, Дэд профессор 1 –тэй болж, төрийн дээд одон медалийг бүгд хүртсэн байна.
Сурсан эрдэм, эзэмшсэн чадвар гэдэг хамгийн сайхан зүйл юм. Хажидсүрэн багшийн маань хэлсэнчлэн “Хэзээ ч мартахгүй мэдлэг, хэнээр ч заалгахгүй чадвар, хүнээс гуйхгүй идэх талх” минь болсон энэ сайхан мэргэжлийг эзэмшүүлсэн төрөлх сургууль, тэнхим, багш нартаа гэгээн дурсамж, гэгэлгэн хайр хүндэтгэлээ илэрхийлье.