Улаанбурхны өвчлөл нэмэгдсэний улмаас Халдварт өвчин судлалын үндэсний төв ачаалал ихтэй байгаа талаар цахим мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буй. Өчигдөр тус төвд очиход хүн их байсан ч, хариуцсан эмч мэргэжилтнүүд нь яамныхаа шуурхай хуралд орохоор явсан байв. “..2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 21 мянга гаруй хүн бүртгэгдсэн. 2016 он гарсаар 1300 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн онд эл өвчний дэгдэлт хамгийн өндөр байснаас тав, зургадугаар сард өдөртөө 300 хүртэл тохиолдол бүртгэгдэж байсан бол найм, есдүгээр сард буурсан. Гэвч дахиад арваннэгдүгээр сараас улаанбурхны тархалт нэмэгдсэн” хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны даргын үүрэг орлон гүйцэтгэгч В.Байгаль манай сонинд өгсөн ярилцлагадаа мэдээлж байсан юм. Тэгвэл он гарсаар уг өвчний тохиолдол өнөөдрийн байдлаар 3000 болж өсчээ. ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны албаны дарга Ц.Уртнасан “Манайх 530 ортой ч өнөөдрийн байдлаар 571 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр өвчтөнүүдээс 340 нь улаанбурхны улмаас хэвтэн эмчлүүлж байгаа. Бага насны 15 хүүхэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Ер нь бага насны, хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг хэвтүүлж байна. Насанд хүрэгчдийг гэрээр нь өрхийн эмчийн хяналтад эмчилж байгаа” хэмээн мэдээлжээ.
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол хүүхдээ вакцинжуулалтад бүрэн хамруулах байдаг. Манайд уг өвчний вакциныг хүүхдэд анх есөн сартайд нь хийдэг. Мөн ой хоёр сартайд нь дараагийн тунгаар давтан хийдэг билээ. Хүүхэд эрүүл, дархлаа сайтай эхээс төрвөл есөн сар хүртлээ улаанбурхнаар өвчилдөггүй ажээ. Гэтэл сүүлийн үед ХӨСҮТ-д улаанбурхнаар өвчилсөн 0-8 сартай хүүхдүүд нэмэгдэх болсон байна. Энэ онд улаанбурхнаар өвчлөгсдийн 60 хувь нь 15-28 насныхан, 30 орчим хувь нь 0-8 сартай хүүхэд, 10 хувь нь бусад насныхан байжээ. Нярай хүүхдүүд ийн улаанбурхнаар өвчлөх болсон нь хүүхдийн дархлаа муудсантай шууд холбоотой аж. Сүүлийн үед залуу ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллох нь багасч, үүний улмаас хүүхэд нь дархлаа султай, өвчлөмтгий болжээ.
Энэ талаар Ц.Уртнасан эмч “Эх дөнгөж төрөнгүүтээ хүүхдэдээ ангир уургаа амлуулж, хоёр нас хүртэл нь хөхөөрөө хооллож, нэмэлт хоол өгөх ёстой. Гэтэл өвчилж байгаа хүүхдүүдийн ихэнх нь эхийн сүүгээр хооллоогүй, дээр нь хоолны хомсдолд орсон байдаг. Тиймээс жиндээ хүрэхгүй тураалтай, өсөлт нь муу, янз бүрийн халдварт өвчин тусах нь элбэг байна. Эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчин хурдан тусч, маш амархан хүндэрдэг. Уг өвчнөөр энэ он гарснаас хойш ХӨСҮТ-д бүртгэлтэй найман хүн нас барсан байна” гэжээ.
Мөн өмнө нь вакцинд хамрагдаж байгаагүй, дархлаа тогтоогүй 15-28 насны залуус өвчлөх нь их байгаа аж. Манайд улаанбурхны вакциныг 1989 он хүртэл найман сартай хүүхдэд нэг л тунгаар тарьдаг байжээ. Тиймээс 1989 оноос өмнө нэг тун хийлгэж байсан хүмүүсийн дархлаа суларч, өвчлөх магадлал нэмэгдсэн байж болзошгүй гэнэ. Хэрэв дархлаа нь суларсан, вакцин хийлгэж байсан үгүйгээ мэдэхгүй бол ХӨСҮТ-ийн улаанбурхан, гахайн хавдраас сэргийлсэн сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандаж вакцин хийлгэж болох юм.
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТУХАЙД
Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, өндөр халдвартай, цочмог өвчин юм.
Эх уурхай нь: Халдвар авсан хүн.
Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж бусдад халддаг.
Улаанбурхан өвчний үед дараахь шинж тэмдэг илэрнэ.
Урьтал үед:
*Халуурах- 1-4 өдөр үргэлжилнэ.
*Нүдны салст үрэвсэх
*Хамраас нус гоожих
*Ханиалгах
*Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
Бие сулрах, цочромхой болох, хүүхэд тусвал ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Ид үед дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх бөгөөд 1-3 долоо хоногийн дараа арилна.
Эмчилгээ:
Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ
-Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм сахиулна
-Чанартай хөнгөн хоол өгч, шингэн их уулгана
-Витамин эмчилгээ хийнэ. (+А витаминыг эмчийн заалтаар уулгана)
Хамгийн гол нь асаргаа сувилгаа чухал
*Амны хөндийг буцалсан ус, хоёр хувийн содын уусмалаар зайлуулна
*Нүдэнд 20 хувийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах
*Ор дэрний хэрэглэлийг цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих
*Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяналтад эмчлүүлнэ.
Анхааруулга:
Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага өгөн үзүүлэх боломжтой.
Өөртөө болон хүүхдэдээ дархлаажуулалтын вакцин хийлгэхдээ дараахь зүйлийг анхаараарай:
•Вакцин хийлгэхээсээ өмнө усанд орж, дулаан хувцасласан байх
•Вакцины хүчинтэй байх хугацааг харах
•Вакцины шошгон дээрх заалт (монитор)-ын өнгө өөрчлөгдсөн эсэх
•Нэг удаагийн зүү тариур хэрэглэж байгаа эсэх
•Хэрэглэсэн зүү тариурыг аюулгүй хайрцагт хийж байгаа эсэх
•Вакцин хийлгэсэн тухайгаа эрүүл мэндийн дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд тэмдэглүүлэх
•Вакцин хийлгэсний дараа гурав хоног ус хүргэхгүй, усанд орохгүй байх
•Халуун хүйтэн харшуулахгүй, хөлөрсөн үедээ салхинд гарахгүй байх
•Ядрахгүй байх
•Гурав хоногийн турш хүүхдийнхээ биеийн байдлыг ажиглах
•Вакцин тариулсан хэсгийг цэвэрхэн байлгах шаардлагатай.