Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатараас Сүхбаатар чиглэлийн галт тэргэнд өнжлөө

20:00 цаг: Улаанбаатар төмөр зам дээр очиход ачаа тээшээ барьсан хүмүүс бужигналдан, галт тэрэг рүү орохыг хүлээнэ. Ингээд галт тэрэг рүү орох цаг болсон гэдгийг илтгэх дохио дуугарлаа. Галт тэрэгний шатны хажууд хоёр угтагч “Тавтай морилно уу, билетээ шалгуулна уу” гэж байв. Зорчигчид билетээ шалгуулж, галт тэрэг рүү орлоо. Номерын дагуу өрөөндөө орж, хүмүүс ачаа тээшээ цэгцлэн байна. Ийнхүү бид суудлын галт тэргэнд хүмүүс хэрхэн зорчиж явдаг талаар “Танайд өнжье” булангаа бэлтгэсэн юм.

20:35 цаг: Цагийн хуваарийн дагуу 30 минутын дотор зорчигчид галт тэргэнд сууж, хөдлөх дохио дуугарав. Улаанбаатараас Сүхбаатар чиглэлийн 263/272 гэсэн нийтийн галт тэргэнд суусан. XIII цуваанд нийт 22 үйлчлэгчтэй бөгөөд эмэгтэй 20, эрэгтэй хоёр байв. 263 дугаар галт тэргэнд нийт 213 зорчигч суусан гэнэ.

Галт тэрэгний дарга М.Мягмардоржийн хамт нөхцөл байдалтай танилцлаа. Зорчигчид бүгд суудалдаа суучихсан, хоорондоо ярилцан сууна. Зарим хүмүүс ном уншихаар гаргаж байсан бол нөгөө хэсэг нь хэвтэж, хөгжим сонсоно.

Ингээд галт тэрэгний техникийн аюулгүй байдлыг үзэхээр “Үйлчлэгчийн ажлын өрөө” рүү орлоо. Энд галт тэрэгний дугуй болон бусад нарийн техникт эвдрэл гэмтэл гарах нь уу гэдгийг аяллын турш шалгадаг юм байна. Самбар байх бөгөөд цахилгаан, дугуй, тормоз, хос дугуй зэргийг хэвийн ажиллаж байна уу гэдгийг бидэнд товчлуур дээр дарж үзүүллээ.

Ингэхэд дохио ганц удаа дуугарсан нь хэвийн байгааг илтгэж буй. Дохио тасралтгүй дуугарвал эвдрэл гэмтэл гарсныг илтгэдэг байна.

Ийм тохиолдол гарвал үйлчлэгч яаралтай дарга болон мастер засварчинд мэдэгдэх ёстой аж. Шуурхай засварлахад бэлэн байдалтай явдаг байна. Харин галт тэрэгний томоохон гэмтлийг орон нутаг, олон улсын чиглэл рүү яваад ирэх бүрт шалгаж техникийг нэг бүрчлэн салгаж засварлах шаардлагатайг ангилдаг гэнэ.

Мөн энд 20-24 хэмийн дулаантай байх ёстой юм. Зорчигчдын хэрхэн явж, аялж байгааг үйлчлэгчид сэтгэгдлийг нь сонсож, даргадаа илтгэдэг байна. Галт тэрэгний тухайн хийцээс хамаарч аюулгүй байдлыг шалгах самбар өөр байдаг аж. Энд MNS5876-2012 гэсэн стандартыг мөрдөж ажилладаг. Цувааг дамжин ороход үйлчлэгчид даргадаа “13 зорчигч байна. Техникт аюултай байдал илрээгүй” гэв. Дарга бүх вагоноор явж, аюулгүй байдлыг шалгалаа. Ачаалал харьцангуй бага байв. 1990-ээд оны үеэр туулайчлах буюу хулгай дээрэм, билетгүй хэрнээ зорчиж явах тохиолдол их байсан гэнэ. Энэ тэнд бараа тээшээ нуух, эмх замбараагүй байдалтай байжээ. Одоо нөхцөл байдал харьцангуй тайван болсон аж. Гэмт хэргийн гаралт харьцангуй багассан гэдгийг онцолж байлаа.

Толгойтод хоёроос гурван минут зогсож, суух зорчигчдоо хүлээн авч байв. Ингээд Түнхэл өртөө хүртэл зогсохгүй гэв. Түнхэл дээр хүмүүс буудаг аж. Тухайн зогсоолоосоо хамаарч Зүүнхараа, Дарханы өртөөн дээр 15-20 минут зогсдог байна. Баяр ёслолын үеэр хамгийн их зорчигчтой байдаг гэнэ. Хичээлийн шинэ жил, Цагаан сар, цаг агаарын нөхцөл хүндэрсэн үеэр зорчигч их байдаг гэв. Учир нь цас их орж, зам хаасан үед гал тэргээр зорчих нь аюулгүй байдаг аж.

21:30 цаг: Цагдаагийн ахлах ахлагч Р.Хонгорзултай уулзаж, гэмт хэргийн талаар тодрууллаа. Ингэхэд тэрбээр суудлын галт тэргэнд зорчигчдын дунд хулгай, дээрмийн хэрэг их гардаг. Мөн иргэд эд зүйлээ мартаж буух тохиолдол байна. Унтаж, амрах үедээ өөрсдийн хэрэгтэй зүйлсээ ил тавьчихдаг. Тэгээд хулгайд өртчихдөг. Бид дарга, үйлчлэгчтэй хамтарч ажилладаг. Иргэд гомдол гаргавал хэрхэн, яасан гэдгийг яриулдаг. Дараа нь шуурхай илрүүлэхээр ажиллана. Зарим иргэдийн эд зүйлс олддоггүй. Учир нь өртөө бүр дээр зогсоход хүмүүс бууж, суудаг. Иймээс буусан хүн авсан байх магадлалтай. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тамхи татах тохиолдол гарна. Өртөөн дээр зогсоход согтуу хүмүүс орж ирэх магадлал өндөр. Үйлчлэгчид шалгадаг учраас согтуу зорчигчдыг хүлээж авдаггүй. Хэрвээ энд тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэвэл Тамхины хяналтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу торгоно. Дотоод журмын заалтын дагуу иргэдэд шаардлага тавина. Зорчигчид хар тамхи тээвэрлэх, бусад төрлийн ургамал, галт зэвсэг хууль бусаар авч явах нь багассан. Ойрын үед орон нутгийн замд ийм төрлийн гэмт хэрэг гараагүй.

Харин олон улсын хооронд гэмт хэрэг гарах магадлалтай. Гэхдээ сүүлийн үед огт бүртгэгдээгүй. Гар дээрээс хууль бус наймаа хийх тохиолдол байдаг. Гэмт хэргийг аль болох хурдан шуурхай илрүүлж, анхааруулга, санамж өгдөг” гэдгийг онцоллоо. Ийнхүү тухайн галт тэрэгний цуваанаас хамаарч цагдаагийн бүрэлдэхүүн олноороо ажилладаг юм байна. 24 цагийн турш ажил үүргээ гүйцэтгэдэг гэнэ. Хэрвээ зорчигчид галт зэвсэгтэй орвол цагдаад хураалгаж, буухдаа авдаг байна. Хамгаалалтын ажил тогтмол байн байн явдаг гэнэ.

22:00 цагт: Зорчигчтой уулзаж ярилцлаа. Энэ үеэр Ч.Оюунцэцэг ярихдаа “Галт тэргэнд суулгүй их удсан байна. Тав тухтай, дулаахан, их сайхан болжээ. Суудал ширээ, хөгжим нь шинэчлэгдсэн. Чимээ шуугиан багатай, хулгай дээрэмгүй зорчиж явна. Өмнө нь нэг суудал амрах орон дээр гурав, дөрөв, тавуулаа хүртэл сууж явдаг байсан шүү дээ. Босоогоороо унтаж, эд зүйлээ алдах вий гэдгээс айж явдаг байсан. Харин одоо хүний төлөө үйлчилж, цэвэр тохитой, унтаж амрахад тавтай байна.

Би Сэлэнгэ рүү замын унаагаар явдаг байсан. Галт тэрэг ямар тухтай сайхан болоо вэ гэдгийг хүүхдүүддээ хэлээд л сууна. Таатай санагдаж байна” гэлээ. Мөн сүүлийн үед автомашинаар хөдөө орон нутаг руу явахад осол аваар их гарч байна. Иймээс галт тэргээр зорчих нь аюулгүй, эдийн засагт ч хэмнэлттэй гэдгийг хэлж байв. Харин залуучууд хоорондоо хөзөр тоглож, инээлдэн сууна. Тэд галт тэрэгний үйлчилгээнд сэтгэл хангалуун байна гэдгийг хэллээ.

22:20 цагт: Тус галт тэрэгний нийт үйлчлэгчийн 50 хувь нь 20-иос дээш жил ажиллажээ. Э.Энхээ, Ц.Мөнхтуяа, Н.Отгонцацрал, Ц.Бадамцэцэг, Р.Мөнхзул нарын ажлын талаар ярилцлаа. Тэдний дунд хүндэт үйлчлэгч хоёр, тэргүүний төмөр замчин нэг байв. Нэг вагонд хоёр үйлчлэгч явдаг. Нэг хүн найман цагаар ажиллаад ээлжээ дараагийн хүнд шилжүүлж амардаг гэнэ. Үйлчлэгч 11 төрлийн мэргэжлийн ажлыг хийдэг. Тухайлбал, галч, зөөгч, тогооч, цэвэрлэгч, сэтгэл зүйч, худалдагч гэх мэт. Тэд бүгдээрээ ажил мэргэжилдээ дуртай, чинь сэтгэлээсээ ажлаа хийхийг хичээдэг. Ц.Мөнхтуяа хэлэхдээ “Өвлийн улиралд ажиллахад хамгийн хэцүү. Гэхдээ бид хичээсээр байдаг. Зорчигчид маань “Баяртай, сайхан тав тухтай үйлчлүүллээ” хэмээн инээмсэглэн буух нь хамгийн жаргалтай үе минь. Хүнээр хүндлүүлэх гэдэг чинь амьдралын сайхан мөчийн нэг. Ажил үүргээ хариуцлагатай гэгч нь гүйцэтгээд гомдол, зөрчилгүй гэр рүүгээ очих хамгийн сайхан шүү” гэж байлаа. Үйлчлэгчид хоорондоо өрсөлддөг гэнэ. Гурван жилийн хугацаанд сайн ажиллаж хамгийн өндөр оноо авч шалгарсан нь олон улсын зорчигч тээвэрт үйлчилдэг юм байна. Явж буй чиглэл бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Тэд төрөлх сайхан эх нутаг, үзэсгэлэнт байгалийнхаа сайхныг үзнэ, мөн олон улсын чиглэлээр гадаад гарч, гэр бүлийнхэндээ шинэ ногоо, хэрэгцээт зүйлээ авч очдог байна.

Улаанбаатар төмөр замын нүүр царай вагоны үйлчлэх бүрэлдэхүүнээс эхэлдэг гэнэ. Гадаад болон дотооддоо ч гэсэн вагоны нүүр царай болдог аж. Вагонд хүүхэд эх барьж авсан тохиолдол их байдаг гэнэ. Энэ талаар Ц.Бадамцэцэг “Москва явж байхад Нарлагийн наймаачин Зулаа хэмээх бүсгүй вагонд төрж, амаржиж байсан сан. Би аяга хар шөл хийж гүйн очиж, маш их баярласандаа нүдэнд минь нулимс цийлэгнэж байсан. Ер нь вагонд амаржиж, шинэ хүн мэндлэхэд Ганзам, Ганжигүүр хэмээх нэрийг өгч байсан түүх олон бий. Манайх тэдгээр хүүхдүүдэд 18 нас хүртэл нь үнэгүй зорчих эрх бэлэглэдэг. Дээр үеэс уламжилсан шүү. 1996 онд Замын-Үүдийн чиглэлд явж байхад Цэцгээ хэмээх дарга эх барьж авсан. Тэгээд амаржсан бүсгүй Шанд гэх газарт бууж үлдсэн. Цааш явчихаад буцаад ирэхэд бүсгүй манай даргад хоол цай, цэцэг барьчихсан ирж “Та манай хүүхдэд нэр хайрлаач” гэж байсан удаатай. Ийнхүү вагонд хүний амьдралын чухал мөчүүд өнгөрдөг” гэдгийг хэлж байлаа. Хятадын вагоны үйлчилгээнээс манайх хамаагүй илт давуу гэдгийг зорчигчид хэлдэг юм гэв. Хөгтэй, хөгжилтэй зүйл их болж байдаг аж. Вагоны бүхий л ажилчид олон хүний амь насыг хариуцаж явдаг учраас маш сэрэмжтэй ажилладаг юм байна. Хагас цэрэгжүүлсэн байдалтай байдаг ажээ. Бидний суусан галт тэрэг удахгүй Эрхүү Улаанбаатар чиглэл рүү явдаг болох юм байна.

Дархан өртөөн дээр бууж, машинистын өрөө рүү орлоо. II цуваанд машинчаар ажилладаг Б.Сумъяасүрэн, туслах машинч Б.Баатар нар хэлэхдээ “Өртөөн дээрээс цагийн хуваарийн дагуу хөдлөх ёстой. Тухайн өртөөнөөс хөдлөхдөө жижүүр үйлчлүүлэгчтэй уулзаж, зорчигчид бүрэн суусан уу гэдгийг асууна. Гарах дохионы гэрлээр сайтар ажиглаж явна. Дээд хурд 90 километр цаг. Сөрөг хөдөлгөөнд галт тэрэг ирж байвал 25 километр цагийн хурдтай зөрөх хэрэгтэй” гэв. Туслах машинист галт тэрэгний аюулгүй байдлыг ажиглаж, бүрэлдэхүүн хэвийн явж байна гэдгийг машинистад мэдэгддэг аж. Машинист нар галт тэргэнд суухаасаа өмнө эмчийн үзлэгт ордог. Ингэхдээ цусны даралт болон хараа, бие нь эрүүл байна уу гэдгийг шалгадаг байна. Хэвийн байна гэж үзвэл явж болох ажээ. Хариуцлага өндөр учраас маш сайн амарсан байх ёстой гэнэ.

Энд явахад иргэдийг анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байв. Төмөр замын нийт хамт олон бүгдээрээ чинь сэтгэлээсээ хандаж, сэтгэл зүрхээ зориулж ажилладаг нь харагдаж байлаа. Үе удам дамжсан “Хүндэт төмөр замчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Онц хөдөлгөөнчид” төржээ. Энэ чинээгээрээ ажлын хариуцлага жил ирэх тусам нэмэгдэж, чанаржиж буй нь илт байв. Энэ оныг “Технологийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх” жил болгожээ. Энэ хүрээнд нийт алба хаагчид хамгийн түрүүнд сахилга батыг эрхэмлэх болсон байна. Бага хэмжээгээр л сахилга бат алдвал эрсдэл үүсэх магадлалтай аж. Дотоод дүрэм журмаа зөрчвөл маш том хэмжээний сүйрэл, эрсдэл дагаж байдаг гэв. Иргэдийг аюулгүй зорчуулахын төлөө алхаар байн байн тогших нь зүйтэй. Ингэхгүй бол хүний амь нас эрсдэх, хохирох магадлалтай аж. Технологийн горим, дүрэм журмыг ягштал мөрдвөл ямар ч аюул бэрхшээл учирдаггүй. Зорчигчид ч сэтгэл хангалуун байхыг мэдэрдэг юм байна. Ийнхүү аюулгүй байдлын төлөө энэ салбарт 17 мянган хүн ажиллаж байгаа юм.

Мөн Найрсаг галт тэрэг нь олон үйлчилгээг нэг дор үзүүлдэг байна. Тухайлбал, интернэт орох, зурагт үзэх, ванн душ гэх мэт иргэдийн ая тух, тавтай зорчих нөхцөлийг бүрдүүлжээ. Хүүхдүүдийн ая тухыг хангах үүднээс “Хүүхэд” гэсэн тусгай вагон бэлтгэгдсэн байгаа аж.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *