Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатараар оролдох нь МАН-ын хувьд мөхлөө дуудаж байгаа хэрэг бус уу?


МАН-ынхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг нүүлгэх тухай ярьцгааж байна. Хэдхэн хоногийн өмнө МАН-ын Улаанбаатар бүсийн зөвлөгөөн болсон. Тус хуралд МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн намын дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар оролцон нийслэл хотыг Төв аймгийн Лүн, Зуун мод, Өвөрхангайн Хархоринд байршуулах тухай ярилцжээ. Монголыг өнө эртний улс гэж зарим эх сурвалжид өгүүлсэн байдаг. Гэвч Монголын эзэнт гүрэн хэмээн он цагийн улбаанд бичигдсээр ирсэн төв Азийн монголчуудад эртний дурсгалт ганц ч хот байхгүй. Түүхэн гэгддэг улс орнууд өөрийн соёлыг хадгалсан хоттой байдаг. Тэр нь хүн төрөлхтний өв болж үлддэг. Харин эзэнт гүрэн монголчуудад яагаад ийм хот байдаггүй нь улсынхаа нийслэлийг нүүлгэнэ гэж ярьж байгаа МАН-ын нөхөд шиг хүмүүстэй холбоотой л байхгүй юу.

Учир нь талын нүүдэлчин монголчуудын асуудлыг шийдэх цорын ганц арга нь зугтаах буюу нүүж одох юм. Нүүдэлчид овог аймгаараа хаяа залган буудаллаж тухайн бэлчээр нутаг нь талхлагдаад ирвэл шууд л дайжиж одно. Түүнээс тэрхүү бүс нутагтаа суурьшин, бэлчээр усаа тордож, хот суурин босгож он удаан жилээр амар амгалан амьдрахыг бодохгүй. Амар хялбараар нь гээд л ум хумгүй нүүж өвсний сорлог, усны элбэгтэй газар бууриа тамгалаад дахиж талхлаад, дахиж нүүгээд. Ингэж л явж ирсэн зам мөр монголчуудынх.

Яг үүн шиг МАН-ынхан нийслэл хотоосоо зугтаах гэж ярьцгааж байна. Үүнийгээ бодлого чиглэл, зорилт болгожээ, янз нь. Олон нийтийг хамарсан тусгай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, сонин хэвлэлээр сурталчилж байхыг бодоход шүү дээ.

Ингэхэд улс орны зүрх болсон Улаанбаатар хотын газрыг зарсан гэх хэл амд хамгийн их орооцолддог нь энэ намынхан биз дээ. Тэд нийслэл хотыг 90 гаруй жил тасралтгүй удирдаж ирсэн. Үүл баатар хотын даргын ажлыг аваад хоёр жил болж байгаа. Түүнээс өмнөх 90 гаруй жилийн түүх Ардын намтай холбогдоно. Улаанбаатарын утаа, хөрсний бохирдол, замын түгжрэл, бөгс эргэх ч зайгүй болгосон хот төлөвлөлт гээд энэ бүх гацаа Ардын намынхны гардаж хийсэн ажил юм. Өөрсдөө ийм болгочихоод “нийслэл хот маань хүн амьдрах эцэсгүй болжээ” гэх зүйлийг ам уралдан ярих нь зэвүү хүргэж байна. Өөрсдийнх нь хийх ёстой ажил байтал мань нөхөд Улаанбаатараа нүүлгэх тухай яриад эхэллээ.

Монгол Улс түүхэндээ анх удаа нэг сая хол давсан хүн амтай хот байгуулсныг ийнхүү устгахаар зөвлөлдөж эхэллээ. Эх орны нийслэл хаана байна тэнд энэ дэлхийн өнцөг булан бүрээс элэг нэгт монгол түмэн халуун бүлээрээ цугладаг нь дамжиггүй. Монгол Улсын нийслэл Улаанбаатар монгол туургатны өргөө гэр юм. Нэг сая хүн амтай хот гэдэг эдийн засаг, бүтээн байгуулалт, хөгжил түүхийн гол цөм байх нь ойлгомжтой. Мөнгөний асар их урсгал цаг минутаар хэмжигдэж байгаа. Уул уурхайн эрдэс баялаг, газар нутгийн хэмжээ гээд олон зүйлээр эрх чөлөөний орон болсон Монгол өнөөдөр дэлхий нийтийнхний анхааралд өртөөд байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид, эдийн засаг, банк санхүү, бизнесийн төлөөллүүд өдөр бүр л Монголын нийслэлд хөл тавьж байна. Хөгжил дэвшлийн ийм түүхэн цаг үед эх орныхоо нийслэлийг нүүлгэнэ гэдэг хэрхэвч болохгүй зүйл.

Хэрвээ Улаанбаатарыг хатан Туулын хөвөөнөөс нүүлгэх юм бол зүгээр л балгас болно. Энэ бол маргашгүй үнэн. Энд тэндгүй хэрзийсэн яс шиг балгасууд л хоцорно ш дээ, өөр яах юм. Эрх биш төв хэсэгт нь хэд гурван байшин үлдэнэ байх. Тэнд дайнд үрэгдэгсдээс үлдсэн юм шиг хэдэн цөөхөн айл гунигтайхнаар хар бууриа сахина. Бусад газарт нь адуу ялаархаж зогсоод, нохой ноололдсон тийм л орчин үүсэх нь мэдээж. Монгол Улсын нийслэлийг нүүлгэнэ гэдэг монгол үндэстний элэг рүү өшиглөж байгаагаас ялгаагүй. Энэ бол нэг сая хол давсан хүн амтай олон улсын анхаарлыг татсан нийслэлийг бусниулж, эдийн засаг оюуных нь чадавхийг сарниулж сааруулах гэсэн сэрүүн дотортой нам, албан байгууллага, хувь хүмүүсийн хийхээр санаархаж буй ажил.

МАН-ын хотын фракц гэж бий. Энхболд, Бадамжунайгаар ахлуулсан багагүй хүмүүсийн нэрс байдаг. Тэднийг газрын мафийнхан гэж нэрлэдэг. Уг мафийн нөхөд Алтан тэвшийн хөндийг тэр чигт нь зарж дуусаад одоо зарах газаргүй болохоор нь зугтах нь л дээ. Ийм л дүр зураг харагдаад явчихлаа. Нүүдэлчид нутаглаж байгаа газраа хамар хатгах өвсгүй болохоор нь хаяад нүүдэг шиг Улаанбаатарыг мөлжих “өвс”-гүй болсныг мэдээж байгаа учир нүүж байгаа хэрэг. 90 гаруй жил нийслэлийг удирдсан Ардын намын нөхөд ингэж их хотын бүх л шим шүүсийг сорж, дарайсан өрмийг нь үе дамжуулан хуулж идчихээд зугтах нь. Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа.

Улаанбаатарыг талхалж талхалчихаад орхихоор санаархаж байгаа Ардын намынхан ингэж мэдэгдсэнээрээ Улаанбаатар хотод улс төр хийх нэр нүүргүй боллоо. Нийслэл хотоо нүүлгэнэ гэж мэдэгдсэн улстөрчид улс төрийн карьераа төгсгөж, мөхлөө даллан дуудлаа. Монголчуудын нийслэлийг нүүлгэх юм бол шинэ нийслэл хот ч үгүй Улаанбаатар ч үгүй үлдэнэ. Ойрын гурван зуун жилдээ Улаанбаатар шиг хот босно гэж байхгүй. Өнгөрсөн түүхээс харахад тэгж анзаарагдаж байна. Энэ хугацаанд одоогийн хот маань бүрэн устаж үгүй болох нь мэдээж.

Хаяад зугтаадаг нүүдэлчдээс болоод Монголд түүхийн дурсгалт газар гэж юу байна, байхгүй шүү дээ. Наад зах нь эзэн Чингэсийн сэлэмний хугархай байна уу. МАН-ын цагаан гартнууд ард түмнээ хаяж, нийслэлээ нүүлгэн элит, эко хот босгох юм гэсэн. Утаа униаргүй, уур ундууцгүй тийм хот болох юм биз. Тэгээд МАН-ын нөхөд хэдүүлэхнээ очоод тансаглах юм байна л даа. Ард түмэн утаатай хотдоо үлдэх нь. МАН-ынхны элит хотод ард түмэн татвар төлж ордог болох нь. Сумъяабазар гишүүн өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргээ утаатай гээд хаяад нүүх юм байна. Тэгээд гоё дүүрэг хороо шинээр байгуулж түүндээ сонгогдож Их хурлын гишүүн болох юм байна л даа.

Төрж өсөж, өдий болтлоо амьдарч, тэтгэн тэжээгдэж сайн сайхан бүхнийг нь амсаж эдэлж ирсэн их хотоо, улс орныхоо нийслэлийг утаанаас нь яаж салгахсан, яавал Улаанбаатар дэлхийн жишиг хотуудын нэг болох бол, ард түмэн минь амар амгалан, аюулгүй орчинд амьдрах ямар арга байна гэж бодохын оронд амар хялбараар нь орхиод нүүх тухай ярилцаж байдаг. Ийм л сэтгэлгээр эзэнт гүрэн монголчуудын түүх үргэлжилж ирснийг дээр мөн өгүүлсэн. Ямар нэгэн асуудал үүсвэл шууд л орхиод нүүдэг, хэзээ ч үзэл бодолдоо үнэнч байгаагүй учир бид өнөөдөр нэг л эртний түүх, дэлхийн дайдыг эзэлж явсан гэж цээжээ дэлдэхээс өөр зүйлгүй, хүнд харуулчих тахир сэлэм ч үгүй байж байна. Ийм гунигт түүхийг Ардын намын нөхөд давтахаар улайрч эхэлж байгаа нь МАН-ын хувьд мөхлөө дуудаж байгаа хэрэг биш үү. Улаанбаатарчууд лав та нарыг дахиж сонгохгүй нь мэдээжийн хэрэг.

Н.Гантулгà

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *