Categories
мэдээ соёл-урлаг

Улаанбаатар кино наадмыг “Хүдэн”-ээр нээнэ

“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү наадмын үеэр 2013-2014 онд дэлхийд нээлтээ хийсэн Канн, Берлин, Венец, Торонто, Гётебург, Токио, Сан Пауло зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австри, Франц, Исланд, Орос, Казакстан, Палестин, Тайланд, Мексик, зэрэг орны 12 шилдэг кино бүтээлийг олон нийтэд толилуулахаар болжээ.

Уламжлал ёсоор наадмыг монголын уран сайхны киногоор нээнэ. Найруулагч Л.Таванбаярын бүтээл “Хүдэн” уран сайхны киногоор наадмын хөшиг нээгдэж, урьд нь нээлт хийгээгүй, уран бүтээлчдээс нь бусад хүн үзэж амжаагүй шинэ кино үзэгчдийн хүртээл болох юм. Мөн энэ жилийн наадмын онцлох орноор Турк улс сонгогдон оролцож буй бөгөөд шилдэг бүтээлээс бүрдсэн “Туркийн кино өдөрлөг”-ийг тус улсын Элчин сайдын яамтай хамтран энэ сарын 9-нд зохион байгуулах аж. Энэ үеэр 2014 оны Каннын Олон Улсын кино наадмын Алтан навч шагналт, Туркийн нэрт найруулагч Нури Билгэ Жэйланы “Өвлийн Ичэлт” киног үзүүлэх юм байна.
Наадмын хүрээнд үзэгчдэд хүргэх кинонууд Тэнгис кино театрт гарах ба нэг киног 3000 төгрөгөөр үзэх боломжтой аж. Тасалбар тус кино театрын тасалбар борлуулах цэгт зарагдаж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *