Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэв. Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа уг төслөөр гэр хорооллын иргэдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслээр хангах, Улаанбаатар хотын утааг бууруулах зорилготой 2012 оноос хэрэгжиж иржээ. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэг тоосонцрыг бууруулахад ахиц гарсан аж. Цар хүрээг өргөтгөх зорилгоор 19 аймагт хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилт олгох юм байна. Эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 юм байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Гишүүн М.Оюунчимэг “Энэ төслийг дэмжиж байгаа. Энэ төслийн хүрээнд үр дүнд хүрсэн зүйл ч байгаа. Салхинд хийсгэсэн асуудал ч бий. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцуудыг бий болгох гэж байгаа. Гэр хорооллын иргэд хашаандаа байшин барих гэхээр банк зээл олгодоггүй, гэр хорооллыг дэмжинэ гэдэг ч иргэд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тиймээс энэ төслийн хүрээнд гэр хорооллыг дэмжиж, төлбөрийн чадварт нийцсэн стратеги чиглэл рүү нь явуулах уу?” гэлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:
-Төсөл хэрэгжих хугацаанд 40 мянга гаруй айл өрхөд санхүүгийн дэмжлэг өгсөн. Сайжрууулсан зуух айл өрхүүдэд олгож, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийг боловсруулсан. Эрчим хүчний хэмнэлттэй дулаан зуух, хямд өртөгтэй орлогод нийцсэн орон сууц төслийг АХБ-тай хамтран хэрэгжиж байгаа. Цаашид хямд өртөг бүхий орон сууцны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн хариулав. УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Энэ жил нийслэлчүүд агаарын бохирдол багатай өвөлжиж байна. Гэхдээ гэр хорооллын иргэдийн түлшний хэрэгцээн дээр анхаарах хэрэгтэй, гал алдуулж болохгүй. Энэ дотроо зуухны асуудал оруулж иржээ. Зуухаар агаарын бохирдол буураагүй. Шахмал түлшний шинэчлэл хийж байгаа, сервисцентр байгуулж байгаа, шөнийн халуур руугаа анхаарах хэрэгтэй байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:
-Нийтдээ 10 шугам үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр 3000 орчим тонн шахмал түлш үйлдвэрлэхээр хүрсэн. Зөвхөн өдрийн нь хүчин чадал хоёр өдрийн нөөц хангах бүрэн боломжтой.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Ирэх жилүүдэд Улаанбаатар хот 100 хувь утаагүй болно биз дээ. Энэ жил алдаа оноо байгаа ч агаарын бохирдлыг бууруулах асуудалд амжилт гаргаж чадлаа. Станцуудын утаа л байна. Үүнийг яаж шийдэх вэ?
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавьсан. Бид түлшиндээ түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан түлшээр хангаж байгаа. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн байхгүй болж 100 хувь агаарын бохирдол арилна. 220 мянган гэр хорооллын айл өрх, автомашин ДЦС-ууд байгаа. Улаанбаатар хотын хөрс доройтолд орсон байгаа.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа уг зээлийн хэлэлцээрийг дэмжлээ.