Хууль сахиулах салбарын гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачид Хууль сахиулахын их сургуульд чуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус хурал энэ жил “Хууль сахиулах үйл ажиллагаа онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвтэйгээр 7 дахь удаагаа зохион явагдаж байна. Энэ үеэр тус сургуулийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/, дэд хурандаа Х. Мягмаржав “Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын агууламжийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн нь олны анхаарлыг татав.
Тэрбээр судалгааны хүрээнд гэр хорооллын болон төв автозамын ойр цэгүүд болох 12 цэгээс дээж авч хөрсний никель, хром, хар тугалга, цайр, зэс, зэрэг хүнд металлуудын агууламжийг тодорхойлсон байна.
Судалгааны дүнгээр Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын агууламж түүний дотроос хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.7-3.4 дахин их, цайрын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 29 мг/г-аар илүү, зэсийн агууламж 29.5 мг/г –аар илүү байгаа нь тогтоогджээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын хөрсний ерөнхий бохирдолтын төвшин Улаанчулуут, Дарь-эхийн хогийн цэг, Хотын цэвэрлэх байгууламж, Нарантуул зах, Шархадны автомашины зах, III-IV цахилгаан станц, Дэнжийн мянга, Хайлаастын ам, Шарга морьтын зуслангийн адаг, 100 айл орчим зэрэг газруудад онцгой их буюу хотын дундаж агууламжаас их байж, “хэт их бохирдолттой” зэрэглэлд багтдаг гэсэн судалгаа гарчээ. Зөвхөн хотын захын хөрсний бохирдол хэрээс хэтэрсэн гэж үзэж болохгүй. Учир нь хотын төв хэсгийн газар бүхэлдээ хотын дундаж дэсвгэр агууламжаас 3-8 дахин (Zc = 3.0-8.0) их буюу “бохирдолттой” гэсэн зэрэглэлд багтсан аж.
Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудын нягтаршил, хүн амын хэт төвлөрөлтөөс сүүлийн жилүүдэд хотын экологи орчин бохирдож эхэлсний нэг жишээ нь агаарын болон хөрсний хэт бохирдол юм.
Улаанбаатар хотод өнөөгийн байдлаар 300 гаруй мянга орчим авто тээврийн хэрэгсэл тоологддогийн 80 хувь нь хуучин машинууд аж. Тухайн тээврийн хэрэгслийг түүвэрлэх аргаар шалгахад 52.5 хувь нь ялгарч буй угаарын хий, азотын дутуу ислийн хэмжээ монгол улсад мөрдөгддөг стандартын шаардлагаас дээгүүр гэсэн үзүүлэлттэй гарсан байна.
Нийслэлийг бүхэлд нь төдийгүй улс орныг эрчим хүчээр хангадаг 3 том цахилгаан станц жилд 5 сая тн нүүрс, гэр хороолоын 200 гаруй мянган өрх 900 гаруй мянган тн нүүрс, 3400 гар халаалтын нам даралтат зууханд 180.000тн түүхий нүүрс , мөн 237.0 м. куб мод шатааж, тэдгээрийн хорт утаагаар агаарт 260.0 мянган тн орчим хорт бодис агаарт цацагдсанаар хотын нэг оршин суугчид 317.8 кг хорт бодис ноогдож байгаа гэсэн судалгааг ХСИС-ийн эрдэмтэд 2007 онд гаргасан байдаг.
Агаарын бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснөөс сүүлийн жилүүдэд амьсгалын замын болон харшлын гаралтай өвчлөлүүд ихэсч, Улаанбаатар хотод хорт хавдар болон уушгины өвчлөлөөр нас барагсадын тоо өссөөр байгааг тогтоосон байна.
Дээрх судалгаанд хамаарагдсан цэгүүдээс Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хар тугалганы агууламж хамгийн их буюу 340 мг/г байгаа нь МNS5850:2008 –аас 3.4 дахин их байна. Энэ хэсэгт нийт хар тугалгын агууламжийн 55% нь тус дүүргийн 65 дугаар сургуулийн орчимд байгаа нэлээд ноцтой үзүүлэлт юм.
Монгол улсад бүртгэгдсэн химийн бодисын аюулын үнэлгээгээр их аюултай бодисын ангилалд багтдаг бодис болох цайрын агууламж тус хэсэгт хамгийн их буюу хүлцэх хэмжээнээс 29.0 мг/г-аар илүү байна.
Мөн химийн онцгой аюултай бодис болох кадмийн агууламж Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2.3 мг/г буюу нийт агууламжийн 75% болж байгаа нь эрдэмтдийн санааг зовоож буй аж. Учир нь кадми нь хорт хавдар үүсгэдэг төдийгүй нөхөн үржихүйн систем болон эхийн урагт хортойгоор нөлөөлдөг бодис юм.
Харин Чингэлтэй дүүргийн нийт кадмийн агууламжийн 64% нь 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Нуурын орчимд тархсан байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн никелийн тархалтын 58%, хромын агууламжийн 44%, хар тугалгын тархалтын 35%, зэсийн тархалтын 37% нь 3 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Да хүрээ” техникийн захын орчмоос илэрсэн байна. Тус дүүргийн нутаг дэвсгэрт тархсан хар тугалгын тархалтын 57%, цайрын тархалтын 76%, зэсийн тархалтын 63% нь 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс илэрсэн байна.
“Хууль сахиулах үйл ажиллагаа онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт дээрх хуралд төрийн байгууллага, яамд, хууль сахиулах байгууллага, их, дээд сургууль, хүрээлэн, төв, төрийн бус байгууллагын 250 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, практикийн ажилтан, ОХУ, Буриад, Австрали, БНСУ зэрэг орны 20 гаруй эрдэмтэн, судлаач, хүндэт зочин, төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож байна.
Хууль сахиулахын их сургууль 2012 оноос Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран жил бүр тодорхой сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жил VII дахь удаа олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж байна.